Н.Ууганхүү: Урьдчилгаа төлбөр, банкны хувийн мэдээллийг чинь нэхвэл залилан байна гээд ойлгочих хэрэгтэй

Амралт зугаалгын цаг алсарч ажил, амьдралын эрчтэй, ачаалалтай улирал айсуй энэ өдрүүдэд бусдыг залилах гэмт хэргүүд ихэсдэг байна. Учир нь хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор нийслэлд хүмүүсийн бөөгнөрөл, хөл хөдөлгөөн ихэснэ. Энэ үед амар хялбар аргаар амьдрагсад эгэл жирийн ард түмнийг залилж мэхэлж эхэлдэг байна. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүүгээс тодрууллаа.


-Хүмүүс энд тэнд залилууллаа гэсэн мэдээллээ сошиал орчинд их тавих юм. Он гарсаар залилах төрлийн гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлт гарсан болов уу.?

-Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын байдлаар нийт 31233 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 10.633 буюу 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 4.1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан байгаа. 10.633 дотроо 76.3 хувь нь зөвхөн цахим орчинд үйлдэгдэж байна. Мэдээж цахим залилан явж байгаа. Үүнээс зонхилж байгаа нь онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалаад, бараа бүтээгдэхүүнээ өөр дээрээ авч чадахгүй залилуулдаг тохиолдлууд хамгийн их хувьтай байна. Бас дараа нь нөгөө хусдаг сугалаа орж байна. Ялангуяа алт, үнэт эрдэнэ, мөнгөний сугалаа их байгаа. Иргэдийг сугалаанд хожсон мэт итгэл үнэмшил төрүүлээд урьдчилгаа төлбөр авдаг. Тухайлбал, Та 100 сая төгрөг хожсон байна, энэ мөнгөө бүтнээр нь авахын тулд урьдчилгаа төлбөрт 10 сая шилжүүлэх хэрэгтэй байна гээд авчихдаг залилангууд их гарсан. Дээр нь хавраас хойш арилжааны банкуудын нэрийг ашигласан залилан их бүртгэгдэж байна. Жишээ нь, “Хаан банкны сэтгэл ханамжийн судалгаа бөглөөд урамшуулал аваарай, Худалдаа хөгжлийн банкны ойн баярын урамшуулал хожлоо” зэргээр хуурамч нэр, лого ашиглан, цахим хуурамч сайт, пэйжүүдээр дамжин иргэдийн дансны мэдээллийг авч, дансанд байгаа үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авах замаар залиланг үйлдэж байна. Саяхан манай дээр хэд хоногийн өмнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас тоон судалгаа ирсэн. Яг энэ арилжааны банкуудтай холбоотой гэмт хэрэг он гарснаас хойш цагдаагийн байгууллагад нийт 1200 гаруй бүртгэгдсэн байгаа. 1200 гаруй бүртгэгдээд нийт хохирлын дүн нь 15 тэрбумаар явж байна. Энд давхардсан тоогоор 1780 орчим арилжааны банкны данс ашиглагдсан гэсэн тоон судалгаанууд байна.

-Бусдыг залилах гэмт хэрэг улирлын чанартай хувирч, өөрчлөгдөж байдаг гэх юм?

-Залилагч этгээдүүд нийгмийн эрэлт хэрэгцээ, иргэд тухайн жил сардаа юунд анхаарлаа төвлөрүүлж байна. Ямар бараа бүтээгдэхүүн авч, ямар үйлчилгээг ихэвчлэн анхаарч байна гэдэгт тулгуурласан үйлдлийн арга хэлбэрийг маш богино хугацаанд өөрчлөн залилж байгаа. Тухайлбал, томоохон тэмдэглэлт баяр, нүсэр том арга хэмжээ, онцгой өдрүүдийг ашиглаж залилан үйлдэж байна. Их, дээд сургуулийн хичээл эхлэх дөхсөнтэй холбогдуулаад сургууль, цэцэрлэгийн элсэлтийг далимдуулан гадаад, дотоодод хүүхдийг чинь сургана, явуулж өгнө, сургуульд оруулж өгнө гээд бусдыг залилдаг. Хэдхэн хоногийн өмнө гэхэд “МУИС-ийн багш байна. Таны хүүхдүүдийг холбож жуулчилж оруулж өгнө” гэж хэлээд иргэдэд 120 сая төгрөгийн хохирол учруулсан байгаа юм. Тэр залилагч этгээдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлаад ажиллагааг үргэлжлүүлж байна. Намрын улиралд орон сууцны залилан ихэсдэг. Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудыг залилж мэхлэх хэргүүд их гардаг. Тэдэнд орон сууц, хажуу өрөө түрээслүүлнэ, урьдчилгааг өгчих, тийм тохиолдолд байрыг чинь, хажуу өрөөг байлгаж байна. Эсвэл олон хүнд давхар түрээсэлж мөнгийг нь аваад алга болох гэмт хэрэг олноор энэ үед бүртгэгддэг. Тиймээс иргэддээ анхааруулж хэлэхэд, цахим орчинд, цахим орчноос орон сууц, хажуу өрөөний мэдээлэл авахдаа тухайн зар баталгаатай эсэхийг сайн нягталж, шалгаж байж үйлчилгээг авах хэрэгтэй. Байр, орон сууцанд орохын тулд заавал тухайн иргэдтэй нүүр тулан уулзаж байж мөнгө төгрөгөө шилжүүлж, албан ёсны гэрээ хийж байх нь та бүхнийг залиланд өртөхгүй өөрсдийгөө хамгаалж байгаа хэрэг шүү гэдгийг онцгойлон сануулж хэлмээр байна. Шууд итгэмтгий, хөнгөмсөг, аман байдлаар хандаж болохгүй юм. Өнгөрсөн жил цахим залилангийн ихэнх хувийг телеграм платформоор даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй гэдэг залилан эзэлсэн.

Тэр үед Цагдаагийн байгууллага болон хувь хүмүүс нэг нэгэндээ сэрэмжлүүлээд тасралтгүй урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээг авснаар эрчимтэй буурсан. Энэ жил маш цөөхөн бүртгэгдсэн. Тэгж л бүгд идэвхитэй оролцож урьдчилан сэргийлвэл залилан буурахад нөлөөлөл үзүүлнэ. Телеграм биш болонгуут нөгөө залилагч нар арга хэлбэрээ өөрчлөөд одоо фэйсбүүк рүү орж эхэлж байна. Тиймээс иргэд өөрсдөө хувийн мэдээлэл, аливаа фэйсбүүкээр дамжин ирэх мэдээлэлд хянамгай, болгоомжтой, хэрсүү хандаж сурах хэрэгтэй юм. Ер нь танаас ямар нэгэн урьдчилгаа төлбөр нэхэх, эсвэл банкны хувийн мэдээллийг чинь авъя гэвэл энэ нь баттай залилан юм байна гээд ойлгочих хэрэгтэй.

Б.Нандинцэцэг

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)