12-17 насны хүүхдүүдийг “Файзер” вакцинд хамруулахаар төлөвлөжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын шуурхай штабт өчигдөр ажиллаж, шаардлагатай бол хэсэгчилсэн хөл хорио тогтооно гэдгийг мэдэгдлээ. Засгийн газар 4-5 сард вакцинжуулалтыг эрчимжүүлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 90 гаруй хувь нь хамрагдсан байна. Орон нутагт дархлаажуулалтаар Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймаг тэргүүлж байгаа бол үр дүн багатай аймагт Увс, Дундговь, Өвөрхангай багтаж байна. Вакцинжуулалттай холбоотой асуудлаар тэрбээр “Нийслэлтэй ойр аймгууд хариуцлагагүй байна гэж үзэхээс өөр аргагүй. Алслагдсан аймгуудыг бол ойлгож байна. Вакцины таталттай холбоотой асуудал тодорхой хэмжээнд үүснэ. Нийслэл хотод дархлаажуулалт өндөр үр дүн хүрчихээд байхад аймгууд ийм хойрго хандаж байгаад хариуцлага тооцож ажиллах шаардлага үүснэ. Ирэх намар гэхэд вакцинжуулалтын үр дүн гарна гэж эрдэмтэд үзэж байна. Хатуу хөл хориог үргэлжлүүлэх нь эдийн засагт асар их хохиролтой” хэмээгээд вакцинжуулалтын идэвх сул байгаа аймгуудтай цахимаар холбогдож, дархлаажуулалтыг эрчимжүүлэх талд анхаарч ажиллахыг үүрэг болгов.

ЭНЭ САРЫН 15-НААС ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БУУРНА

Дээрх уулзалтын үеэр халдварын тархалт, вакцинжуулалтын талаар Эрүүл мэндийн сайд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Сүүлийн 24 цагт 7102 хүнд шинжилгээ хийхэд 1143 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ. Батлагдсан тохиолдлын 1052 нь Улаанбаатар хотод, 91 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 60372 болов. “COVID-19” халдвар авч батлагдсан тохиолдлын хувьд өнгөрсөн долоо хоногт олон улсын дунджаас өндөр гарчээ. Өчигдрийн байдлаар 13197 хүүхэд халдвар авсан бөгөөд үүний дийлэнхийг 5-9, 10-14 насныхан эзэлж байна. Харин нийт халдвар авсан иргэний дийлэнх нь 25-34 насныхан аж. Вакцинд хамрагдах ёстой 18-34 насныхан 81-85 хувьтай байгаа бол 55-аас дээш насны иргэд 95 хувьтай байна. Вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдсан нийт 11913 иргэн халдвар авснаас 3876 нь хоёрдугаар тунд хамрагдсан байжээ. Гэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Тэрбээр “Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байна. Эрдэмтдийн тооцоолсноор зургаадугаар сарын 15-наас халдварын тохиолдол буурна гэж үзэж байна” гэлээ.

Тавдугаар сарын 30-нд нийт 927 хүнээс халдвар илэрснээс 30.9 хувь хүүхэд байжээ. Олон улсад 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн байна. Тухайлбал, одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк зэрэг улс ийм насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ. Тиймээс манай улс олон улсын жишгийн дагуу эдгээр насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар судалж эхэлжээ. Засгийн газар 2.5 сая тун “Файзер” вакцин авах гэрээ хийж, 12-17 насны 1185991 хүүхдийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Ингэснээр нийт хүн амынхаа 68.6 хувийг вакцинд бүрэн хамруулах аж.

ӨНГӨРСӨН САРД 18 УДААГИЙН НИСЛЭГЭЭР 2945 ИРГЭНЭЭ ТАТАН АВЧЭЭ

Дээрх мэдээллийн дараа тусгаарлах байр болон иргэдийн татан авалттай холбоотой мэдээллийг УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг өглөө. Иргэдийг тусгаарлах нийт 31 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 буудалд гадаадаас ирсэн иргэдийг долоон хоногийн хугацаанд тусгаарлаж байна.

УОК-ын шийдвэрийн дагуу өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны тавдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийт 93 орноос 36145 иргэн эх орондоо иржээ. Үүнээс 182 удаагийн тусгай үүргийн нислэгээр 29334, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6811 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулсан байна. Тэгвэл өнгөрсөн сард нийт 18 удаагийн нислэгээр 2945 иргэнээ татан авсан бөгөөд эдгээрийн арван хувь нь гадаадын 44 улсын иргэн аж. Тусгаарлан ажиглах байрны хүртээмжтэй уялдуулан энэ сард өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан зэрэг улс руу 20 удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ есөн дүүргийн хэмжээнд бусад зочид буудал, амралт сувиллын газар, оюутны байр гэх мэт нийт арван газрыг нэмэлтээр ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангасан гэдгийг УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хэллээ. Тэрбээр “Орон нутгийн хувьд Увс, Баян-Өлгий, Төв аймаг халдварын тохиолдол өсөх хандлагатай байгаа учраас тандалт шинжилгээ хийх зорилгоор хөл хорио тогтоосон.

Үүнээс Баян-Өлгий аймгийн хөл хориог өнөөдөр /өчигдөр/ цуцлах бол маргааш /өнөөдөр/ Увс аймгийн хөл хориог цуцлана. Бусад аймаг руу зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна” хэмээн танилцууллаа.

 

С.ЮМСҮРЭН

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)