Хөдөө орон нутагт ч “COVID-19”-ийн нөхцөл байдал хүндхэн байна

Монгол Улсад “COVID-19” вирусийн халдвар “хөл тавьсан”-аас хойш хоёр жил гаруй, дотоодод коронавирусийн халдвар тархсанаас эхлэн нэг жил долоон сарын хугацаа өнгөрлөө. Энэ хооронд нийт 93 мянга гаруй хүн цар тахалд өртөж, олон хүн амь насаа алдаад байна.

Төр, засаг холбогдох салбарын байгууллагаас хөрөнгө мөнгийг тухай бүр шийдэж, чадлын хэрээр тэмцэж байгаа ч халдварын тохиолдол багасахгүй, харин ч сүүлийн үед өсөх хандлагатай боллоо. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын тохиолдол өдөр бүр 2400-2700-гаар нэмэгдэж, 64 хүний амь эрсэджээ. Үүнд, Ерөнхийлөгчийн “тараасан” одон, медалийн хавтгайрсан урамшууллын үеэр олон мянган хүний цугларалт үүссэн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдэгтэй олон нийт санал нэг байна. Түүнээс гадна хувь хүний ухамсар, хариуцлагагүй байдлаас маш их зүйл шалтгаалж байгааг хэлэх хэрэгтэй. Энд ганцхан жишээ дурдахад, манай улс гадаадын донор орон, олон улсын байгууллагын тусламж, өөрийн хөрөнгөөр “COVID-19” цар тахлын эсрэг вакциныг хүн амынхаа тоотой харьцуулахад хангалттай хэмжээнд оруулж ирээд энэ оны хоёрдугаар сарын сүүлчээс хүн амаа дархлаажуулж эхэлсэн. Вакцины хоёр тунд бүрэн хамрагдсаных нь төлөө тодорхой хэмжээ (50 мянган төгрөг)-ний урамшуулал ч олгож байна. Гэтэл одоогийн байдлаар вакцинд бүрэн хамрагдаад 14 ба түүнээс дээш хоног болж буй 1.4 сая иргэн байгаа нь 18-аас дээш насны хүн ам нь хоёрхон сая манай улсын хувьд хангалттай тоо биш юм. Засгийн газраас долоодугаар сарын 1 гэхэд дээрх насны нийт хүн амынхаа 60 орчим хувийг дархлаажуулах зорилт үндсэндээ хангагдсан ч сүүлийн үед хүүхэд, жирэмсэн эх, суурь болон харшлын өвчинтэй хүмүүс халдварт өртөж хүндрэх, нас барах тохиолдол цөөнгүй гарсан нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байна. Тиймээс олон улсын жишгээр 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах чиглэлээр холбогдох байгууллага судалгаа шинжилгээ хийж, энэ онд сургуулиа төгсөж, ЭЕШ-д оролцох сурагчдыг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулах шийдвэр гаргаж, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн баг хөл хорио тогтоохыг санал болгож эхэллээ.

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэх өдрөөр зохион байгуулахаар төлөвлөсөн цэргийн ёслолын жагсаал, парадыг цуцлах шийдвэрийг МАН-ын дарга У.Хүрэлсүх чиглэл болгосон байна. Энэ бүхэн нь өдөр бүр 2000-гаас давж буй “COVID-19” вирусийн цар тахлын тархалттай холбоотой бөгөөд гол голомт болох нийслэлээс вирус хөдөө орон нутаг руу хурдацтай “үсчиж” байгааг ч харгалзаж үзсэн явдал юм. Тухайлбал, өчигдрийн 11:00 цагийн байдлаар сүүлийн хоногт коронавирусийн 2400 тохиолдол шинээр батлагдсаны 843 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Тиймээс аймгуудын Онцгой комиссоос тухайн газар нутагтаа хөл хорио цээр тогтоож эхэлсэн байна.

Ховд аймгийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг цуцалсан ч Булган, Дарви, Цэцэг суманд хөл хорио үргэлжилсээр байгааг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээлжээ. Тус аймаг нэг хэсэгтээ “ногоон бүс” байсан ч УОК-оос хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр дахин эрсдэл үүсэж, дээрх сумдын иргэдийн дунд судалгаа хийж, хавьтлыг илрүүлэх арга хэмжээ авч байгаа аж. Тус аймагт өчигдөр 12 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн баасан гарагт Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, Хархорин суманд орж гарах хөдөлгөөнийг хаах, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан бол Дорноговь аймагт УОК-ын шийдвэрээр хөдөлгөөнийг зогсоож, зөвхөн УОК-ын зөвшөөрөлтөй аж ахуйн нэгж, хүндэтгэх шалтгаан (эмнэлгийн байгууллагаар яаралтай үйлчлүүлэх, буяны ажилд оролцох гэх мэт)-тай иргэдийг оруулж гаргаж байгаа аж. Гэхдээ эдгээр иргэн нь вакцинд бүрэн хамрагдсан байхын дээр аймаг руу нэвтрүүлэхдээ түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, долоо хоног тус-гаарлалтад байхыг шаардаж байгааг аймгийн Засаг дарга О.Батжаргал мэдээлсэн байна. Өчигдрийн байдлаар Өвөрхангайд коронавирусийн 36 шинэ тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байгаа бол Дорноговьд халдвар нэмж бүртгэгдээгүй байлаа. Харин Баян-Өлгий аймгийн нэг суманд “тэг” зогсолт хийсэн ч тус аймагт нэвтрэх иргэдээс ямар нэг зүйл шаардахгүй, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед хааж боох, хязгаарлалт тогтоохоос аль болох татгалзах байр суурь баримталж байна гэдгийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан онцолжээ.

Гэвч тус аймагт халдварын 12 шинэ тохиолдол өчигдөр бүртгэгдээд байна. Бусад аймагт ч байдал сайнгүй байгааг ЭМЯ-ны ээлжит мэдээллээс харж болохоор байгаа юм. Тухайлбал, Завхан аймагт коронавирусийн нийт 682 тохиолдол бүртгэгдээд байгаагийн дээр идэвхтэй кластер голомт 35 хадгалагдаж, урд зүгийн сумдад сэжигтэй тохиолдол илэрч байгаа аж. Аймгийн төв Улиастайд 18, Дөрвөлжин суманд 21 тохиолдол илэрсэн байна. Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт 43 тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан халдварын тоо нэмэгджээ. Тус аймагт нийт 246 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүнд, долоогийнх нь хүндэвтэр, бусад нь хөнгөн хэлбэртэй байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээлжээ. Иргэдийн олонх нь хөл хорио тогтоох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа ч Улсын Онцгой комиссын чиглэл, шийдвэрийг харж байгаа аж. Энэ байдал нийслэлд ч “толгойны өвчин” болсоор байгаа юм. Иймээс Засгийн газар, УОК-ын шийдвэрээр батлагдсан тохиолдол, ойрын хавьтал болон гэртээ хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, эмнэлэгт шилжүүлэн эмчлэх, шинжилгээ хийх зэрэгт зориулан явуулын тандалтын багуудыг ажиллуулж эхэлсэн. Тэдгээр багийг тээвэрлэж үйлчлэхээр нийслэлийн ЭМГ-т 14 яамнаас татан авсан 58 машиныг хүлээлгэн өгсөн байна. Улсын хэмжээнд 16-17 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг “Файзер” вакцинд хамруулах ажлыг сайн дурын үндсэн дээр хийж эхэллээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр дүүргүүдийн Засаг дарга нар болон Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр дүүрэг бүрд явуулын амбулатори ажиллуулснаар өвчтөнүүдийг хөнгөн, хүнд шинж тэмдгээр нь эрэмбэлж, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч байгааг Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцолжээ. Гэвч хүүхэд, жирэмсэн эхчүүд халдвар авах тохиолдол нэмэгдэж байгаагаас хэвтүүлэн эмчлэх орны хүрэлцээ муу байгааг хэлж байв.

Үүнд Шадар сайд тайлбар өгөхдөө, ирэх даваа гаргаас тодорхой байршлуудад 1500 ор шинээр дэлгэж, хүчилтөрөгчөөр хангахын тулд 1000 орчим баллон захиалсныг дуулгалаа. Түүний дотор Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Энэрэл” эмнэлгийн харьяа сувилал, хувийн “Филошип” эмнэлэг болон олон улсын “Улаанбаатар” их сургууль, “Өргөө-2” оюутны байрыг ашиглан 600 ор шинээр дэлгэх боломжтой болсон талаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат мэдээлсэн юм. Иймэрхүү байдлаар дүүрэг бүр нөөц бололцоогоо дайчлан орныхоо тоо, хүн хүчийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, УОК-ын зүгээс тусгайлан анхаарахаа Шадар сайд хэлсэн байна.

Төр засаг, УОК-оос ийнхүү чадах бүхнээ хийж байгаа ч халдварын тоо бодитоор буурахгүй байгаад иргэн бид ямар хувь нэмэр оруулж чадах вэ. Энэ нь маш энгийн бөгөөд хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, амны хаалтаа тогтмол зүүж, олуулаа цугларахгүй байх, гарын ариун цэврийг байнга сахих, хамгийн гол нь вакциндаа яаралтай хамрагдах хэрэгтэй юм. Манай улсад хэрэглэж байгаа вакцины бүрэн тун нас баралт, хүндрэлээс 95-99 хувь хамгаалж байгааг судлаачид тогтоосон. Үүнийг бүрэн вакцинд хамрагдсан хүмүүс нийт өвчлөлийн нэг, эмнэлгийн хүндэвтэр ангиллын өвчтөнүүдийн 1.9, маш хүнд хүмүүсийн 0.3 хувийг эзэлж байгаагаас харж болохоор байна. Одоогоор вакцинаас өөр “COVID-19”-ийн эсрэг шилдэг “ерөндөг” хүн төрөлхтөнд алга.

 

Д.МӨНХЖАРГАЛ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)