АНУ-д гэр кэмпийн эрэлт өсжээ

“Вашингтон Пост” сонины сэтгүүлч Андрей Сач АНУ-д үйл ажиллагаа явуулдаг гэр кэмпийн тухай нийтлэлээ хэвлүүлжээ. Эдгээр кэмпүүд Монгол Улсаас эсгий гэр нийлүүлдэг юм байна.

“Airbnb Report on Travel & Living”-д гэр кэмпийн түрээсийн эрэлт 2019 оноос ихэссэн аж. Колорадо мужийн Өмнөд Платт голын дагуу 100 орчим гэртэй кэмп бий. Цар тахлын үед гэр түрээсийн үйлчилгээ 13 хувиар өсжээ. “SunTime Yurts” компанийг үүсгэн байгуулахаасаа өмнө Монгол Улсад долоон сар амьдарсан Колин Стернагел “Эсгий гэрийг Төв Азийн Монгол орноос импортолдог. Харахад жижиг ч амьдрахад тухтай. Яг л ийм гэрт Чингис хаан амьдарч байсан гэж бодохоор гайхалтай биш гэж үү. Эсгий гэр удаан эдэлгээтэй, хурдан угсардаг” гэж ярьжээ. “Орчин үеийн Монгол: Чингис хааныг сурталчлах нь” үзэсгэлэнг зохион байгуулсан антропологич Паула Саблофф хэлэхдээ монгол айл нэг цаг хүрэхгүй хугацаанд гэр сууцаа хурааж, босгодог гэсэн нь сонин санагдаж билээ. Гэрийн энгийн бүтэц нарийн инженерчлэлийг үгүйсгэдэг.

Хана, хаалганы хүрээ, дам нуруу, төв цагираг буюу тооно нийлж тэнцвэрийг бий болгодог. Цаг агаарын байдлаас шалтгаалан гэрээ дулаалдаг байна. “Solar Solitude” кэмпээ өнгөрсөн гуравдугаар сард нээсэн Рассел Претчил “Хөрш маань газраас бэхэлгээгүй байж яагаад салхинд хийсдэггүй бол гэж гэрийн бүтцийг биширсэн. Мөн дотоод засал чимэглэлийг гайхаж байв. Эсгий гэрийн хамгийн сэтгэл татам шинж чанаруудын нэг бол дугуй хэлбэр. Дугуй орон зай нь нээлттэй, орон зайтай мэт санагддаг” хэмээв. “Solar Solitude”-ын гэр дотоод заслын хувьд бусдаас содон байв. Нью-Жерси мужийн цэцэрлэгт хүрээлэнд тохилог орчин үеийн хэв маягаар тохижуулсан гэр кэмп бий. Бидэнд хэрэгтэй бүх зүйл болох буйдан, гал тогоо, шүршүүр хүртэл нэг конусан дээвэр дор байрлана гэдэг итгэмээргүй. Вермонт дахь Нолл фермд 20 гэр түрээслүүлдэг Питер Форбс “Байгальд, хүний соёлд цөөн тооны зөв өнцөг байдаг.

Та байгальтай илүү их холбоотой байхыг хүсвэл гэрт амьдар” гэсэн юм. Харвардад боловсролын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан тэрбээр 1962 онд “National Geograph­ic”-ийн өгүүллээс монгол гэрийн талаар уншжээ. Монгол гэрийн уламжлалт загварыг туршиж, эсгийг модон хавтангаар сольж, европ хэв маяг шингээсэн байна.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)