Б.Бямбасүрэн: Шүхрийн спортыг хөгжүүлж, эмэгтэй шүхэрчин бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг

Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг ганц эмэгтэй шүхэрчин аврагч байдаг нь  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад үүрэг гүйцэтгэдэг шүхэрчин-нисэх төхөөрөмжийн нисэгч, ахлах ахлагч  Б.Бямбасүрэн. Тэрээр Агаарын ажиллагааны салбарт тав дах жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

           -Аврагчид маань ээлжит буултын дадлага сургуулиа хийлээ. Таны хувьд 100 дахь  буултаа хийсэн тэр мөчид төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

– Миний хувьд анх 2016 оны наймдугаар сард анхны буултаа хийсэн тэр мөчөөс хойш шүхрийн багш, зааварлагч нарынхаа хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн тулд тасралтгүй хичээн зүтгэж байна. Өнгөрсөн оны хаврын шүхрийн дадлага, сургуулиар 69 дэх удаагийн шүхрийн буултан дээр шүхрийн задаргаа сольж, гар задаргаанд шилжсэн. Жилийн дараа буюу энэ оны хаврын шүхрийн дадлага, сургуулиар шүхрийн 100 дахь удаагийн буултаа хийсэндээ маш баяртай байна. Буултынхаа тоог гурван оронтой болгоод шүхрийн багш, зааварлагч нараасаа урмын үг сонсох сайхан байсан шүү. Гэхдээ буултын тоо их байх тусам миний сурч мэдэх зүйл тэр хэмжээгээр нэмэгдэж байна гэсэн үг. Илүү их хариуцлага нэмэгдэж байгаа гэж ойлгож байна.

-Таван жилийн өмнөх анхны буулттайгаа харьцуулахад мөрөөдөл тань хэр өөрчлөгдсөн байна?

-Томилогдсноос хойш 14 хоногийн дотор шүхрийн онол үзэж, газрын бэлтгэлд хамрагдаад Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт болсон Агаараас эрэн хайх, аврах албадын олон улсын хамтарсан дадлага, сургуулийн үеэр анхныхаа шүхрийн буултыг хийж байлаа. Анхны шүхрийн буултаа хийсэн энэ өдөр төрсөн өдөр минь тохиосонд бэлэгшээж байлаа. Тухайн үеийг өнөөдөртэй харьцуулахад чамлахааргүй туршлагажсан шүү /инээв/. Илүү том зорилготой болж, боломж ч их нээгдсэн.

– Ээжийнхээ үргэлжлэл, ажил, амьдралынх нь залгамж болж Онцгой байдлын албыг сонгосныг ойлгож болох ч шүхэрчин болох хүсэл, сонирхол хэзээ төрсөн бэ?

–  Ээж маань тухайн үеийн Аврах тусгай ангид /одоогийн Үндэсний аврах бригад/ хүний нөөц, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн  албан тушаалд 20 гаруй жил үүрэг гүйцэтгээд  2017 онд гавьяаныхаа амралтад гарсан. Бэлтгэл ахлах дэслэгч цолтой. Ээжийг маань Самдангийн Содгэрэл гэдэг. Ээжийнхээ ажил мэргэжил болоод дүрэмт хувцастай алхахыг нь хараад энэ албандаа багаасаа л дурласан байлаа.  Бас нэг шалтгаан нь үндэсний их баяр наадмаар явагддаг шүхрийн үзүүлэх тоглолтыг үзээд шүхрээр буух хүсэл, тэмүүлэлтэй болсон.  

Батлан хамгаалахын их сургуулийг 2012 онд төрийн захиргаа удирдлага мэргэжлээр төгссөн. Төгсөөд Аврах тусгай ангид шүхрийн нэгж байдгийг мэддэг байсан болохоор Агаарын ажиллагааны салбарт ажиллах өргөдлөө 2013 онд өгч байлаа. 2015 онд ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн анхны эмэгтэй дамжааг дүүргэсэн. Анхны холбооны бага мэргэжилтэн бэлтгэх эмэгтэй дамжаанд суралцахын сацуу дамжаан захирагчийн орлогч, түрүүч цолтой төгссөн. Надад их зүйлийг зааж сургасан сургалт болсон нь одоо ч миний ажил, амьдралаас харагддаг. Өргөдлөө өгснөөс хойш 3 жилийн дараа буюу 2016 онд шүхрийн салбартаа шүхэрчнээр томилогдсон. Намайг шүхэрчин болоход хамгийн их итгэл хүлээлгэж, дэмжсэн хүн бол Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай. Хэрвээ Д.Намсрай дарга маань надад урам, зориг өгөөгүй, намайг дэмжээгүй байсан бол өнөөдөр би хэн байх байсан бол гэж их бодогддог. Тиймдээ ч захирагчийнхаа надад хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд одоо ч хичээсээр л байгаа. Намайг үргэлж дэмждэг хамт олон, гэр бүл, найз нөхдөдөө туйлын их баярладаг шүү гэж энэ завшааныг ашиглан хэлмээр байна.

 Эр зориг шаардахаас гадна эрсдэлтэй, эмэгтэй хүнд ахдам ажил, мэргэжлийг нь гэр бүл нь хэрхэн хүлээж авдаг вэ?

– Ажил, мэргэжлийг маань дэмждэг гэр бүл, ханьдаа маш их баярладаг.  Миний ханийг Төмөрсүхийн Шинэбаяр гэдэг. Зэвсэгт хүчний  сургалтын нэгдсэн төв 311 дүгээр ангийн Соёлын төвийн даргаар ажилладаг. Анх Батлан хамгаалахын их сургуульд сурч байхдаа танилцаж байлаа. Түүнээс хойш  12 дахь жилдээ хамтдаа амьдралын төлөө зүтгэж байна. Бид гурван хүүхэдтэй.

Цэргийн хүний амьдрал мэддэг, дээр нь бие биенээ ойлгодог болохоор асуудал гараад байдаггүй. Харин ч миний хийж байгаад санаа тавьж халамжилдаг сайн хань, үрсийнхээ сайн аав нь байдаг. Яаралтай дуудагдаж гараад, олон хоногоор ажилтай явахад ар гэр, үр хүүхдүүдээ маш сайн харж, халамжилна. Санаа зовох зүйлгүй сэтгэл амар байдаг. Ажлаас шалтгаалаад хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжлийг орхигдуулах гээд байгаа сул тал байгаа. Чөлөөт цаг гарвал аль болох гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай.

Нөхөр маань нэг удаа шүхрийн дадлагын үеэр ирж, шүхрийн гар задаргаанд шилжихийг минь хараад айсан юм шиг байгаа юм. “Одоо миний хань шүхрээр бууж дуусаагүй юу, болих болоогүй юу?” гэж асуусан. Би болоогүй байгаа. Мөрөөдлийнхөө талд ч ороогүй байна гэж хэлсэн. Шүхрийн гар задаргаанд шилжинэ гэдэг нь онгоцноос чөлөөт уналт хийж, унах өндрөө өөрөө бие дааж тохируулан шүхрээ задалж буухыг хэлж байгаа юм.

Анх, шүхрээр бууж шүхэрчин болно гэж бодож байсан бол шүхрийн гар задаргаанд орно гэж хүсч, тэмүүлнэ. Тэр хүслээ биелүүлчихээр цааш улам ахиж, одоо илүү өндрөөс чөлөөт уналт хийнэ гэх мэтээр зогсолтгүй мөрөөддөг юм байна.

            – Мөрөөдөл хязгааргүй нь үнэн. Шүхэрчин бүсгүйн алсын зорилго, ирээдүйн мөрөөдөл сонин байна?

-Монголын шүхрийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулмаар байна. Албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, эмэгтэй тамирчдынхаа түүчээ нь болж явна. Ойрын зорилго гэвэл Ардын хувьсгалын 100 жилийн их баяр наадмынхаа түүхэн ойгоор Онцгой байдлын албаныхаа эмэгтэй ротод жагсаж их цэргийн сүр жавхлан болсон Цэргийн ёслол хүндэтгэлийн жагсаал, мөн баяр наадмын шүхрийн үзүүлэх тоглолтонд оролцох том зорилготой байна даа.

-Өөрийгөө бүтээх үлгэр дууриалалаа болгодог ментор нь хэн бэ?

-Би олон хүнээс үлгэр дуурайлал авах дуртай. Амжилттай яваа хүмүүсийг ямар замыг туулж амжилтанд хүрсэн талаар унших, тэр хүмүүсийн талаар судлахыг боддог. Надад хэрэг болохуйц зан чанар, хичээл зүтгэлийг нь харахыг хичээдэг гэх үү дээ. Өөрийгөө нэг өнцөгөөс биш олон өнцөгөөс нь харж хөгжүүлэхийг боддог. Амьдрал дээр сайн ээж, сайн эхнэр байхыг ээжээсээ суралцаж байгаа.

-Тасралтгүй суралцах нь амжилтын эхлэл гэж ойлгодог?

  Хөдөлмөрлөсөн нь амжилтанд хүрдэг гэдэг үнэн. Амжилтын эхлэл хувь хүний бодлоос л эхэлдэг байх. Бодлоо амжилт болгохын тулд сурна, мэдлэгээ нэмэгдүүлнэ, бага багаар ахиулж явсаар амжилтанд хүрнэ. Би үргэлж чадахгүй гэж хойш суух хэрэггүй. Чадахын төлөө бага, багаар сур. Сурсанаа бататгаж илүү их хичээ, мэдлэгээ ахиул гэж өөртөө хэлдэг. Чадахгүй юм чинь гээд хойш суугаад байвал өөрт байгаа боломжоо алдана. Үр дүнгүй урсгалаараа амьдрах муухай ш дээ. Хүн ганцхан удаа амьдрах юм чинь хүссэнээрээ амьдарч, хүссэн амжилтандаа хүрч болно. Гол нь бодлоо гүйцэлдүүлэхээр эхлэх л хэрэгтэй. Хугацаа их орох байсан ч хамаагүй. Амьдрал баян учир амжилтын дунд их баяр, жаргал биднийг хүлээж байгаа байхаа гэж ойлгодог шүү.

-Таны эдгээр бодлууд өөрийгөө сорих том хүч болдог юм байна. Түүнийгээ ч спортын, урлагийн гээд олон төрлийн тэмцээн уралдаанд оролцож сорьдог байх?

Албаны хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тэмцээн, уралдаануудад оролцож, өөрийгөө сорих дуртай. Баг, хамт олон маань ч дэмжиж оролцуулдаг. Авьяасыг хөдөлмөрлөж байж л бүрдүүлнэ. Тийм ч байдаг. Батлан хамгаалахын их сургуульд суралцаж байхдаа “Соёмбо” бүжгийн хамтлагт гишүүн болж Улсын цэнгээнт бүжгийн уралдаанаас хоёр удаа хүрэл медаль хүртэж, Зэвсэгт хүчний байгууллагаас зохион байгуулдаг бүхий л арга хэмжээнүүдэд сургуулийнхаа нэрийг гаргаж байлаа. Бүжгийн спорт өөрөө хүний хүмүүжил, багаар ажиллах чадварыг хөгжүүлдэг. Одоо харин ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж усан спортод дурлаад байгаа. Миний бүх талаараа өөрийгөө хөгжүүлье гээд боддог бодлын маань нэг хэсэг яваад байгаа гэсэн үг л дээ. 

– Үе тэнгийн олон залуусынхаа түүчээ болж, үлгэрлэж яваад баяр хүргэе. Мөрөөдөл бүхнийнхээ оргилд нь хүрч тод гялалзахын ерөөл дэвшүүлье?

Баярлалаа. Бидэнд маш их боломж байгаа. Тэр боломжийг ашиглаж, өөрийгөө олон талаас нь хөгжүүлж, сорьж чадвал зорилгоо биелүүлж чадна гэж ойлгодог. Хамтран, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэдэг Онцгой байдлын алба хаагчдадаа тэр дунд Онцгой бүсгүйчүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)