Малын эмч нар бас төв талбайд суулт зарлах ёстой юу? Сангийн сайд аа

Цар тахалд ажиллаж байгаа нь үнэн хүн эмнэлгийн салбарын эмч нар ковидтой тэмцэхийн сацуу зуны аагим халуунд олон хоног Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй.Тэдэнтэй барьцаж байгаа юм биш.Монголын уудам нутгаар хэрэн давхиж, халуунд халж, хүйтэнд хөрч, хүнтэй биш олон мянган малтай хүч тамираа шавхан ажилладаг малын эмч нарын урмыг унтрааж, зоригийг мохоосон нэг асуудлыг хөндөхгүй байж болохгүй нь.

Энэ асуудал үндсэндээ 20 жил хүлээлт үүсгэж буйн дотор ялангуяа Монгол Улсын мал эмнэлгийн салбарыг босоо тогтолцоонд шилжүүлж, дахин сэргэх болсон сүүлийн гурав, дөрвөн жилд малын эмч нарын зүгээс “Одоо л үнэ тариф шинэчлэгдэж бид сайхан амьдрах нь дээ” гэж бүр ч их горьдлого тээж буй. Мал эмнэлгийнхэн асуудлаа доороосоо дээшээ уламжилж, шийдүүлдэг Ерөнхий газартай болж байдал арай дээрдэж байгаа ч мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд шууд нөлөөлөх хамгийн гол асуудал болох төрөөс үзүүлэх үйлчилгээний үнэ тариф аль 2000 онд тогтоосноор байгаа нь амьдрал сайжрах нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй байгаа юм. Тиймээс энэ асуудал шийдэгдэхгүй удах тусам Монголын олон сая толгой малын эрүүл мэндэд шаардлагатай төрийн үйлчилгээг цаашид хэрхэх нь тодорхойгүй байдал үүсч болзошгүй байна.

Олон жил ужгирсан уг асуудлыг ковидын дараа гээд хүлээх эрх байхгүй. “Тэвчээр тасарлаа’’ гэдэг шиг малын эмч нарын горьдлого тасрахад бэлэн болжээ. Учир юу гэвээс Монгол Улсын мал сүрэг төрийн хамгаалалтад байхаар Үндсэн хуульд заасан байдаг. Тиймээс мал, амьтны вакцинжуулалттай холбоотой асуудпыг Засгийн газрын 225 дугаар тогтоолд тусгасан. Уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан улсын төсвөөс санхүүжих халдварт, гоц халдварт 17 өвчинд, тогтоолын хоёрдугаар хавсралтад аймаг орон нутаг нь хариуцах 20 гаруй өвчин, гуравдугаар багцад малчин өөрөө хариуцах гурав, дөрөвхөн төрлийн өвчин байдаг.

Улсын төсвийн санхүүжилттэй 17 өвчинд шүлхий, мялзан, боом зэрэг халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон дархлаажуулалтыг орон даяар улсын төсвийн зардлаар, хувийн мал эмнэлгийн нэгж хийж үйлчилдэг. Гэтэл уг үйлчилгээг үзүүлэхэд улсаас баталж өгсөн тариф нь аль 2000 онд баталснаар богт 150 төгрөг, бодод 200 төгрөгөөр тооцож өгдөг байна. Хачирхалтай нь энэ нь 2000 оноос хойш буюу 21 дэх жилдээ ямар ч хөдөлгөөнгүй байгаа тариф. Гэтэл энэ хугацаанд адаглаад бензин тосны үнэ хэрхэн нэмэгдсэнийг бодоход л байж болохгүй асуудал.

 

Сум орон нутгийн хувийн мал эмнэлгийн нэгжийнхэн гэж хувийн нэртэй вакцины үйлчилгээний тарифаар улсад гар, хөлөө тушуулсан “ядруу тарчиг” амьдралтай хүмүүс. Гэтэл бодит байдал дээр хувийн мал эмнэлгийнхэн гэж улсаас вакцины мөнгө цуслаад суудаг гэсэн хий хоосон нэр зүүх нь бий.

 

Нэдэр дээрээ улсын мөнгө нь хувийн мал эмнэлгийн нэгжийн хөгжил дэвшлийг чөдөрлөж буйг тодорхой баримт жишээгээр тайлбарлан хүргэе.

Улсаас хийх малын вакцинжуулалт ихэнхдээ жил бүрийн гуравдугаар сарын дундаас тавдугаар сарын хооронд явагддаг. Улаанбаатараас вакцин ирүүллээ, хувийн мал эмнэлгийн нэгжийн эмч өөрийн унаа тэргээр, шатахуунаа хийгээд малчин өрхүүдээрээ явахаас аргагүй. Төсөвтөө тааруулж байна гээд эмнэлгийн багаж техник, эм тариа, вакцинаа мотоцикольд ачаад явалтай нь биш. Дээр нь малын эмч дан ганцаараа биш техникч туслах ажилтан зайлшгүй авч явах шаардлагатай. Малчин Доржийнд, Батынд, Дорлигийнд гэж биеэ салж унатал давхисаар 2000 бод тарилаа гэж бодоход одоогийн мөрдөгдөж буй үнээр үүнд улсаас олгох үйлчилгээний хөлс нь 400-хан мянган төгрөг болно гэсэн үг. Гэтэл энэ мөнгөний хэдээр нь бензин тосоо хийгээд хэдээр нь өөрийгөө болон ажилтнаа цалинжуулж, алийг нь байгууллагадаа хэрэглэх вэ? Тэгээд болоогүй, энэ богт 150, бодод 200 төгрөгөөр бодсон үйлчилгээний хөлсөө улсаас хэзээ авна гээч оны төгсгөлд.

 

Хувийн мал эмнэлгийн нэгжүүдийн зүгээс төсвөөс олгох үйлчилгээний үнээс ядажид ажлын үед урьдчилгаа авъя гэдэг санал тавихаар Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын зүгээс хоёр ажил хийх боломжгүй тул оны төгсгөлд нэг л олгоно гэж “гүрийдэг”.

 

Тус газрын хувьд малын эмч нараа ойлгох ч гэлээ Сангийн яам руу мөнгө гаргах бичиг хүсэлт өгч, хүлээх хүнд сурталтай ажлаасаа зүрхшээдэг биз. Тиймээс хувийн малын эмч нар товлосон хугацаанд төрийн үйлчилгээг хүргэхийн тулд өндөр хүүтэй зээл зээл авч, бензин тосоо аргалж ажил үүргээ гүйцэтгэх нь энүүхэнд. Вакциныг Монгол Улсын нийт малын 60 хувьд хийдэг гэх. Зарим аймагт ганцхан вакцин тарьж байхад нэг хэсэгт нь таван төрлийн вакцин хийх нь ч бий. За бог мал яах вэ, гарын дор гэж бодоход бод дээр малчин, малын эмч, техникч гээд дор хаяж гурваас дөрвөн хүн хэрэг болно. Гэтэл одоо ажиллаж байгаа малын эмч нарын 70-аас дээш хувь нь 55-иас дээш насны хүмүүс төдийгүй эмэгтэйчүүд ч цөөнгүй ажилладаг. Өөрөөр хэлбэл, малын эрүүл мэндийг сахин хамгаалснаар хүн амын эрүүл хүнс хэрэглэх эрхийг хангадаг энэ чухал ажил мэргэжлийн залгамж халаа, боловсон хүчин бага учраас ийнхүү ихэнхдээ тэтгэврийн насныхан өдгөө ажлын хүндийг үүрч яваа юм.

Түүнчлэн бог мал нэг айлын хотонд 500, 1000, 2000-аараа байдаг учраас хэдэн өрхийг нэгтгээд нэг дор нэлээд олон мянган мал тарьчих боломжтой. Гэтэл 2000 үхэрт вакцин хийхэд хотонд хураачихсан хонь шиг нэг дор бөөн байхгүй. Хөдөөний нэг малчин өрх дунджаар 40-50 үхэртэй гэж тооцоход 40,50 айлаар орж тариа хийнэ гэсэн үг. Шороон замд сайн муу машинтай бүдчин цас, салхи шуурга зэрэг байгалийн эрсдэлтэй нөхцөлд ч малын эмч төрийн үйлчилгээг хүргэх ажлаас татгалзах эрхгүй.

Малын эмч хүний эмч шиг тангарага өргөдөггүй ч гэлээ нийгмийн эрүүл мэндийн манаанд зогсох үүрэг хүлээж ажилладаг учраас тэд төрийн үйлчилгээний хөлсийг голоод суух эрхгүй. Тийм ч учраас нэг тарифаар 20, 30 жил явуулжээ. Төр мал эмнэлгийн салбарт улсаас тогтоосон ганцхан үйлчилгээний зардал болох вакцинжуулалтыг хийлгэхдээ хүний хөдөлмөрийг шулах ёстой гэсэн хуульгүй л баймаар.Үүнийг илтгэх нэг жишээ татъя. Энэ бол ажлаа хийсэн шиг хийдэг малын эмчийн амнаас гарсан бодит жишээ. Аймгийн төвд 100 нохойд галзуугийн вакцин хийхэд бараг 100 км явах аж. Тэгээд энэ үйлчилгээнд төрөөс олгох үнэ нь 15000-хан төгрөг. Нэг нохойд тариа хийсэн үнэ байлгүй дээ гэж уншигч та гайхаж магад. Үгүй, 100 км зам туулж, 100 нохойд галзуугийн вакцин хийсэн үйлчилгээний хөлс ийм байх аж. “Арай ч дээ" гэмээр байгаа биз дээ.

Одоо дээрх 2000 онд баталсан үйлчилгээний тарифыг шинэчлэх шаардлага, тооцооллын талаар хийсэн судалгаа болон МЭЕГ-ын зүгээс тарифын шинэчлэлийг батлуулахаар холбогдох газруудад ямар хүсэлт хүргүүлж, ямар хариу авч байсан зэрэг талаар зарим баримт дурдъя.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль гарсантай холбоотой 2018 онд Монгол Улсын мал эмнэлгийн салбар босоо тогтолцоонд шилжиж, ХХААХҮЯ болон МЭЕГ-аас 2019 оны арваннэгдүгээр сард Төрийн ордонд мал эмнэлгийн салбарын томоохон чуулган зохион байгуулсан юм. Бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн малын эмч нарын төлөөлөл болох 800 гаруй хүн оролцсон тус чуулганы үеэр яригдсан гол асуудал энэ нийтлэлийн сэдэв болсон улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардпын нормативыг шинэчилж, нэмэгдүүлэх тухай байлаа.

Тухайн үед шинэхэн байгуулагдсан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга буюу Монгол Улсын ерөнхий малын эмч Д.Түмэндэмбэрэл салбарынхаа менежментийг дориун сайн хийх хүсэл зорилго, сэтгэл зүтэлтэй нэгэн байсан учраас уг чуулганыг маш чамбай зохион байгуулж, малын эмч нарынхаа үгийг ч сайн сонсож, тэдний олон жилийн толгойны өвчин болсон үнэ тарифыг шинэчилж шийдвэрлэхээ амласан. Тэрбээр мөн тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг индэрт урин уг ужгирсан асуудлыг хамтран шийдэх талаар түүгээр хурлын индэр дээрээс амлалт өгүүлж байсан билээ. Хурлын төлөөлөгч нар ч олзуурхан алга нижигнүүлж, “Одоо л амьдрал сайжрах нь” хэмээн цовхи нь өөдөө, сэтгэлд нь нар мандаж тун ч баяртай байв.

Гэтэл өнөөдөр гурван жил болоход мөнөөх асуудал нь бахь байдгаараа. Яагаад? бараг тэр даруйдаа шийдэхээр тохироод байсныг санаж, асуудлыг сонирхож үзэв. Дээрх дарга, сайд нар тухайн үедээ амласнаа хэрэгжүүлэх гээд оролдсон олон бичиг цаас миний өмнө өрөөстэй байна. Ялангуяа 2020 онд Мал эмнэлгийн ерөнхий газар, ХХААХҮЯ, Сангийн яам, Хувийн мал эмнэлгүүдийн төлөөлөл хооронд маш олон албан хүсэлт нааш цааш өгч, авалцсан байх жишээтэй.

Уг албан бичгүүдэд Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг батлуулах тухай, ХХААХҮ-ийн сайдын зүгээс Сангийн сайдад Үнэ тарифыг хамтран батлах тухай зэрэг асуудлыг тусгасан албан тоот удаа дараа өгсөн байгаа юм.

Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс 2019, 2020 онд хоёр ч удаа Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив тогтоох зөвлөх үйлчилгээний тендер зарлаж, Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо ТББ болон “Дөрвөн түшээ" ХХК-иар улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардпын нормативыг оновчтой тогтоолгох судалгаа хүртэл хийлгүүлсэн байна. Мэргэжлийн байгууллагын хийсэн уг судалгаанд үйлчилгээний үнийг богт 800 орчим, бодыг 1200-1500 төгрөгийн хооронд байхад болох тооцоо гарчээ. Энэ норматив нь орон нутгийн байршлаасаа хамаарч өөр өөр байна гэсэн үг.

 

Тухайлбал, говийн бүсэд айлууд нь тархай учраас туулах зам ихтэй тул зардал ахиу гарах, хангайд арай ойрхон байдаг болохоор малыг нь айл саахалтынхаар нь нэг дор цугуулаад тарих боломжтой зэргийг тооцсон байна.

 

Ийнхүү дээрх олон бичипг холбогдох талууд нэг санал зорилготойгоор ажилласан ч үйлдсэн бичиг цаасны хариу Сангийн яаманд очоод гацах, тодорхойгүй болох тохиолдол байсаар өнөөдрийг хүрчээ. Тус яамны зүгээс 2019 оноос эхэлж хандсан уг асуудлыг хоёр жил гаруй үл тоон гэдийсээр. Одоо болохоор Өмнө нь шийдүүлж байхгүй яасан юм. Одоо ковидтой холбоотой боломжгүй гэдэг тайлбар хэлдэг болжээ.

 

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгүүлэх мал, амьтны дархлаажуулалтын үйлчилгээний тариф ийм шүлс шиг учраас орон нутгийн санхүүжилттэй мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг дээрх улсын тарифыг жишиг болгож олигтой хөдөлгөдөггүй байна. Нэг ёсондоо улсын төсвийн хэт бага үнэ нь бусад үйлчилгээнд ч чөдөр тушаа болдог.

 

Тэгэхээр 2000 оноос хойш мөрдөгдөж буй уг үнийг цаг үетэй нийцүүлж хөдөлгөхгүйгээр мал эмнэлэг, хувийн мал эмнэлгүүдийн аж амьдрал сайжрахгүй. Хувийн мал эмнэлэг ч төрийн үйлчилгээг хүргэснийхээ төлөө шар махтайгаа хатах ёсгүй.

Энэ асуудлыг ковидтой ч гэсэн анхаарч үзэж, цаг алдахгүй шийдэхгүй бол нийгмийн эрүүл мэндийн манаанд зогсдсг малын эмч нар төв талбайд суулт зарлах ёстой юу? Сангийн сайд аа.

 

Г.БАТ-ИРЭЭДҮЙ /Малын их эмч/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Zochin (78.180.79.146)

    2021-07-29

    Mal aj ahuin oron bj yaj iim bodlogoor yvahiin .arai dendnee bid maltai geed tomorood bdg mal emnelegee bodohgui bol myangan olon maltai bgad yahin balai novshnuudaa uul uurhain daraa oroh salbar shu yas yuman deer mngl malgui boluul duusaa erguu heden malchid ni teriigee medehgui tom yrihaas zaashgui heden tsaasaa uguud malaa emchluulj chadahgu uls tulnu ta nar emchil uhaanii yum yaridag

  • Zochin (78.180.79.146)

    2021-07-29

    Arai gej emchilgee tarilgaa hun huchgui duusgaad ulsaas mungu avah gej buun har lai boldog munguu ch ugj chadahgui.ingehleer chin mnglin Mal emneleg yaj ussun devjij hugjihiinbee.gazarin darga nar ni negl ih hurdal ajil shahsan humuus heden myangan malig 1 emch yaj tarij barihiin

  • Zochin (78.180.79.146)

    2021-07-29

    Ene unen shu malin emch bish gesen unen uruvdultui yum bnlee malin emch nar .tarilga gej heden honogoor heer yvj ail tsaraichilj hool huns muu malchid ni gej huviinhaa yumig emchluulj bj albatai yum aashilsan hir daahindaa barigdsan heden hagas zerlegduu humuus ni barij idegiig harj bsn

  • Irgen (202.179.21.221)

    2021-07-28

    Чухал асуудлыг зөв хөндсөн байна. Малын эмчийн хөдөлмөр хүнд хөдөлмөр боловч төрд үнгүйдэн удаж байгаа. Үүнийг даруй шийдэх хэрэгтэй.Саяхан баталсан тариф ч гэсэн нүглийн нүдийг гурилаа хуурсан зүйл болсон. Бог 250 төг, бод 450 төг-өөр баталсан байна лээ