Насанд хүрээгүй хүний үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ

Тээврийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”  21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.  

Гэмт хэргийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 10 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 8 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 6 хүний амь нас хохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд насны хувьд 1 нь 15 настай, 5 нь 16 настай, 15 нь 17 настай, хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна.

Дээрх хүүхдүүдээс 3 нь мотоцикл, 18 нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Шүүхээс 5 хүүхдэд хорих ял, 2 хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бол 3 хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.

Гэтэл насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээж байгаа явдал жил бүр нэмэгдэж байна.  

Насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн зам тээврийн ослын хэргийн 13 буюу 61.9 хувь нь шөнийн цагаар гарчээ.

Эцэг эхчүүд тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил задгай тавьдаг, хүүхдэдээ тавих хараа хяналт сул, жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүсэж болох хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар хүүхдүүдээ ойлголт өгдөггүй, энэ талаарх хүүхдүүдийн мэдлэг дутмаг зэрэг байдал нь энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн насанд хүрээгүй хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйг анхааралдаа авч, тэдэнд тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулж, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг прокурорын байгууллагаас зөвлөж байна.  

Эх сурвалж: УЕПГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)