Д.Ангар: Өрхийн амьжиргаа энэ оны эцсээр, ирэх онд улам доройтох нь ажиглагдаж байна

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Эдийн засаг хүндхэн байна. Өрхийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч өссөөр байна. Үйлдвэрлэл багатай улсын зовлон энэ цаг үед гарч байх шиг.

-Дэлхийн эдийн засагт коронавирусийн сөрөг нөлөө тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ Монгол Улсын хувьд сүүлийн 30 жилд буруу бодлогоор явсны үр дүн гарч байна. Аливаа улс үйлдвэрлэгч байх ёстой. Бүх зүйлийг биш юм гэхэд улсынхаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 70-80 хувийг өөрсдөө үйлдвэрлэх ёстой. Гэтэл харамсалтай нь сүүлийн 30 жилд манай улсын Засгийн газар үйлдвэрлэлийг нугачан дарж, худалдаа, нөгөө талдаа зээлийн өндөр хүүлэлтийг дэмжсэн. Энэ нь улсын эдийн засгийг бүхэлд нь гадны хяналтад оруулж байгаа хэрэг. Гадны хараанд орсон учир цар тахлын үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бий боллоо. Гэхдээ ковид бол сүүлийн хоёр жилийн л асуудал. Үйлдвэрлэлээ дарсан нь Монголын төрийн сүүлийн 30 жилийн алдаа. Гучин жилийн алдаа нь ковидын үр нөлөөгөөр тодорч гарч ирлээ.

-Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдол үүсч байна уу?

-Манай улс идэж уух, өмсөж зүүх, унах, амьдрах гээд л өдөр тутмын бүх хэрэглээгээ гаднаас импортолж авдаг. Үүний 70-80 хувь нь Эрээний боомтоор орж ирдэг. Ингээд урд боомт дээр дараалал, түгжрэл үүссээр удаж орж ирж байна. Энэ нь явсаар ард иргэдийн нуруун дээр үнийн өсөлт, эрэлт болон унаж байгаа юм. Тодорхой зүйлийг бол гадны улс орноос импортлох нь зөв. Гэхдээ импортын мэдээг харахад гаднаас авах ямар ч шаардлагагүй барааг авч байна. Жишээ нь өндөг, гахай, тахианы мах импортолж авдаг улс гэж дэлхий дээр байх уу. Бидэнд үйлдвэрлэл байхгүй болохоор эдийн засаг маш хэврэг, бие даан оршин тогтнох ямар ч чадваргүй, тэжээвэр маягаар амь зогоож байна.

-Засгийн газраас эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг оновчтой гэж харж байна уу?

-Маш оновчгүй. Товчхондоо газраа ухаж алт, зэс, нүүрсээ зараад олсон орлогоороо өндөг аваад идчихдэг, үлдсэнийг нь халамж болгоод цацчихдаг төрийн бодлоготой. Цацсан халамжаараа эргээд импортын бараа хэрэглэнэ, ийм л байна. Төрийн бодлогыг тодорхойлж байгаа дарга, сайд нар зөвөөр ойлгоосой. Одоо бүх зүйлийг ковид, гаднах нөхцөл байдал руу чихэхээ болих цаг болсон шүү дээ. Өнөөдөр нийгэмд ажилгүйдэл, ядуурал өссөөр байна. Өрхийн амьжиргаа энэ оны эцсээр, ирэх онд улам доройтох нь ажиглагдаж байна.

-Өрхийн амьжиргаа улам муудна гэж байна. Цаашид хэрхэх бол. Ямар арга хэмжээ үгүйлэгдэж байна?

-Жижиг, дунд, том хэмжээний үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Монголын төр энэ бодлогыг өнөөдрийг хүртэл дэмжсэнгүй. Дор хаяж өндөгөө ОХУ-аас худалдаж авахаа болимоор байна. Улс даяар өндөг тасрахад Монголын төрөөс өндөгний үйлдвэрлэлийг дэмжих ганц ч арга хэмжээ авсангүй. Эдийн засгийн хямрал бол яаж буруу явж ирснийг, төрийн бодлого ямар алдаатай байсныг, өндөр албан тушаалтнууд ямар харалган байсныг тодоор харууллаа. Дарга нар маань үүнээсээ ичихгүйгээр бид ямар ч алдаа хийгээгүй, бид дэлхийн хамгийн шилдэг удирдагчид, бидний хийсэн бүхэн зөв, алдаа нь ард түмэнд байгаа гэсэн үзэл дээрээ бат зогсож байна. Ялихгүй юм хийчихээд “Миний гавьяа” гэж цээжээ дэлддэг төрийн удирдагчидтай болохоор Монгол Улс хөгжихгүй байна.

-Ард түмэн өнөө маргаашийн талхаа яая гэж байхад байрны талаар бол бодоод ч дэмий биз...

-Тийм шүү дээ, ганц ширхэг хадаасаа ч үйлдвэрлэдэггүй улс яаж байрны үнэ дийлэхэв. Арматур, хадаас, шрупээ хүртэл гаднаас авдаг юм болохоор гааль дээр оочерлоод, материал хомсдож үнэ хөөрөгдсөн. Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнө хүрэл боловсруулж түүгээрээ хутга хийгээд ан агнаж байсан. Гэтэл өнөөдөр 2021 онд Монгол Улс төмрийн үйлдвэргүй, арматураа гаднаас хүлээгээд сууж байгаад үнэндээ харамсаж явдаг. Эрээн дээр ганц асуудал үүсэхэд бүхэл бүтэн улсын барилгын ажил зогсдог гээд бод доо.

-Халамжийн тогтолцооноос болж эдийн засагт хүндрэл үүсч байна уу?

-Үүсэлгүй яахав. Индианчуудыг устгасан Америкийн бодлого шиг л халамжийн бодлого бол Монгол Улсыг сүйрүүлж байна. Халамж ихсэхээр хүн архи л уудаг. Энэ бол байгалийн зүй тогтол. Иргэдийг ажил хийлгэхгүй төсвийн мөнгөөр угжиж байна. Иргэд халамжийн мөнгөөр хоол хүнсний хэрэгцээгээ зохицуулж л байгаа байх. Гэхдээ энэ мөнгөний тодорхой хэмжээг архинаас өгч байна. Энэ нь эдийн засгийн үр ашиггүй зардал. Монгол Улс 3,4 сая иргэнтэй, тэдний 70 хувь нь халамж авч байна гэсэн тооцоолол гарсан. Халамж хавтгайрснаар аж ахуйн нэгжүүдэд ажилчин олдохоо больсон, халамжинд байгаа хүний толгой ажиллаж, гар хөдлөхөө больдог. Байгалийн баялгаа зарж олсон мөнгөөрөө архи уудаг үндэстэн боллоо. Энэний дараагийн алхам бол сүйрэл. Хамгийн гол нь улс төрийн намууд иргэдээс санал авахын тулд халамж тарааж иргэдийг ажил хийх сонирхолгүй болгож байна. Халамжийн бодлого гэдэг зорилтот түвшний хүмүүстээ хүрэх ёстой. Хүүхдийг мөнгө нэмснийг буруутгахгүй ч айл бүрд өгөх шаардлагагүй. Сарын таван саяын орлоготой айлын гурван хүүхдэд 100 мянган төгрөг өгөх хэрэг байхгүй. Энэ дарамтыг улсын төсөв өөрөө дийлэхгүй.

-Эдийн засгийг тогтвортой байлгахын тулд засгийн газраас ямар арга хэмжээ авах ёстой гэж харж байна?

-Ерөөсөө л дорвитойхон арга хэмжээ аваач ээ, хүний нүд хуурсан, аргацаасан шинжтэй бодлогууд хэрэгжиж байна. Одоо Монгол Улс үйлдвэрлэлийг шүтсэн, ажлын байр бий болгосон, нэмүү өртөг бүтээсэн улс болох ёстой. Энэ байгаа бодлогоороо явбал 20, 30 жилийн дотор үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо алдана. Үндэстэн гэхэд хэцүү болно. Гол нь үүнийг төрийн түшээд огт ойлгохгүй байна. Эдийн засгийн хамгийн том дархлаа бол яах аргагүй аж ахуйн нэгж. Гэтэл сүүлийн хоёр жил ковидтой холбогдуулан аж ахуйн нэгжүүдээ бүтэн сөхрүүллээ. Том, жижиг, дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн дорвитой алхам огт хийсэнгүй. Эдийн засгийг дэмжих хөтөлбөр гэж 10 их наяд төгрөг баталсан. Энэ мөнгө аж ахуйн нэгжүүд рүү очоогүй, хэдэн арилжааны банкинд очиж угаагдаад, арилжааны банкуудын тэнцвэрийг цэвэрлэж өгөөд л өнгөрсөн. Монголын төр арилжааны банкуудыг л авардаг. Ковид бол магадгүй жилийн дараа дуусна, харин бидний эдийн засгийн хямрал хэзээ ч өөрөө дуусахгүй. Хийе гэвэл төрд бүх боломж байгаа. Гуравхан сая хүний өмнө ямар ч үр дүн, ашиг тусгүй зүгээр л зарласан, тунхагласан, дүр үзүүлсэн, бэлгэ тэмдгийн шинжтэй арга хэмжээнүүдийг авч байгаад сэтгэл дундуур байна.

Бид дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний голд ийм унхиагүй юм яриад сууж байх боломжгүй. Ийм байлгаж чадаж байгаа нь төр ажлаа огт хийхгүй байгаагийн илрэл. Төрд гарсан хүмүүс хэт сэтгэлгүй, хэт чадавхгүй байна. Иргэдийн одоогийн нөхцөл байдал киногоор бол трейллер. Энэ нөхцөл байдал улам хүндэрнэ. Эм, тариагаа ч авч чадахгүй, ер нь Монгол Улс мөнгөгүй болчихсон. Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүд болох Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгойд хэдэн төгрөг байсныг улс аваад идчихлээ. Ингээд төрийн өмчит компанид ч мөнгө байхгүй, төсөвт ч мөнгө байхгүй. Маш хэцүү дүр зураг харагдаж байна.

Ковидын үеийн эдийн засгийн бодлого үнэхээр буруу явсан. Бидэнд үүнийхээ горыг амсах үе ирж байна. Урт хугацаандаа манай улс өрсөлдөх чадваргүй, баялаг бүтээх сонирхолгүй иргэдтэй боллоо. Халамжийн бодлогыг яаралтай өөрчлөх хэрэгтэй.

 

А.ГАНТУЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)