Ц.Шагжжав: Хэрэглэгчийн эрхийн харилцаанд төрийн зөв бодлого, хууль эрх зүйн цоо шинэ орчин, хурд,  зохицуулалт үгүйлэгдэж байна

Ц. Шагжжав.Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга

-Ярилцлагын өмнө Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо байгуулагдсанаасаа хойших 30 жилд юу хийснийг  товхчон хэлнэ үү?

       -За тэгъё.  Монголын хэрэглэгчийн хөдөлгөөний анхдагчид,  санаачлагч О.Сампил, анхны удирдагч Ш.Цэндбаяр гэж хоёр эрхэм хүн бий. Төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд энэ хоёр хүн болоод тэдний хамтран зүтгэгчийн бүтээсэн хэрэглэгчийн хөдөлгөөн, хөдөлгөөнөөс төрсөн  анхны байгууллага түүхэн замналынхаа  одоогийн шатанд “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо” болж өргөжсөн бөгөөд Монгол улсаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын зарчимд нэгтгэх, төлөөлөх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах  хууль эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх, сайжруулах, хэрэглэгчийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүд 3 удаагийн үндэсний хөтөлбөр боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх болон бусад ажлуудыг санаачлан хийж, 2008 оныг хүртэл төрийн чиг үүргийг дагнан гүйцэтгэж ирсэн бөгөөд үндсэн бүтэцдээ 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, мэргэжлийн салбарын 7, нийт 38  нийгэмлэг, 330 сум, дүүргүүдийн хороодын зөвлөл, бүлгүүд, тэдгээрт сонгогдож, томилогдсон 10000 гаруй сонгуультнуудыг нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг, ашгийн бус ТББ болжээ.

- Та бүхний зүтгэж бий болгосон энэ ажлын үр өгөөж хэр байна. Монгол улсад хэрэглэгчийн эрх ашиг  хамгаалагдаж чадаж байнауу?

   Энэ асуудлын суурийг муугүй тавьсан гэдгийг хэлъё. 2016 - 2020 онуудад хэрэгжүүлсэн  Үндэсний хөтөлбөрийн үр дүнд манай улсад “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо” шинээр бүрэлдэн тогтсон. Энэ тогтолцоо нь бүх яамдад төрийн нарийн бичгийн даргаар, аймаг, нийслэл, сум, дүүрэгт засаг даргын орлогчоор /зарим аймагт Хуулийн хэлтсийн дарга/ ахлуулсан ХЭАХ зөвлөлүүд, дээрээ Шадар сайдаар ахлуулсан үндэсний зөвлөл ажиллаж, үйл ажиллагааг нь ШӨХТГ т төвлөрүүлэн зохион байгуулж байхаар зохицуулагдсан юм.  Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгчдэд  шууд болон шууд бусаар хүрч байдаг Бизнесийн байгууллагуудад Хэрэглэгчдийг зөвлөгөө мэдээлэлээр хангах бүтцүүд бий болсон. 

    Хэдийгээр ийм бүтэц тогтолцоо бий болсонч үр шимийг тэр бүр гаргаж чадахгүй   байгаагаас хэрэглэгчдийн эрх  хамгаалах асуудал ноцтой байдалд  хэвээр байна.

-Хэрэглэгчийн эрхийн хамгаалалтын байдал тааруухан байгаагийн   шалтгаан юунд байна гэж та үзэж байна?,Таны бодлоор энэ ажил яавал сайжрах  вэ? Юу хийх ёстой вэ?

            - Бид сүүлийн дөрөв таван жилд хэрэглэгчийн харилцааны асуудлыг Төрийн бодлогын төвд авчирч чадсанч  цаг алгуурлахгүй хийх ёстой хууль эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилт хэрэгжихгүй байна. Аль 2008 оны дэндүү хуучирсан хуулиар энэ асуудлыг зохицуулах гэж оролдож сууна. Дэлхий дахины хөгжлийн хурд, байгаль нийгмийн өрчлөлтүүд хэрэглэгчийн харилцаанд олон шинэ асуудал бий болгож зохицуулалт шаардагдаж байна. Манай нийгэмлэгүүдийн одоогийн удирдлагууд  санаачилж 2800 гаруй хүнээс санал авч тусган, Евро стандартын шаардлагад нийцүүлж  боловсруулсан хуулийн төслөө  2017 онд өргөн барьсан ч УИХ ын анхны хэлэлцүүлгээс буцаан татагдсан, дараагийн төсөл 2021 онд мөн л буцаан татагдсан. Одоо гурав дахь төсөл боловсруулагдаад  явж байна.  Ер нь Таны тавьсан асуултад хариулахын тулд Олон улсын хэрэглэгчийн эрхийн чиг хандлагын талаар   товч боловч хөндөх нь зүйтэй юм. 2019 онд Лондон, Улаанбаатар хотууд, Япон, БНСУ д зохион байгуулагдсан олон улсын чуулган, ковид 19 цар тахал тархсан үед болсон Давос 2020 форумуудаас харахад Дэлхий дахины чиг хандлага, зургаан бүлэг асуудалд төвлөрч байна гэж болохоор байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс эх дэлхий хүн ардаа хамгаалах дэлхийн улс орнуудын удирдагчдын Глазгоугийн дээд хэмжээний уулзалтын уур амьсгал ч энэ  зүйлүүдэд  чиглэсэн байна.

Эдгээр асуудлын нэгдүгээрх нь:-Бодлого боловсруулагчид, Улс төрчид өнөөгийн Шинжлэх ухаан технологийн хөгжил, мэдээлэлийн хурд,  байгаль, нийгэм дэх  өөрчлөлтүүдийг мэдэрч, гүйцэж, шийдвэрээ гаргаж  манлайлах  тухай юм. Цар тахлаас үүдэлтэй ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн доройтол, уур амьсгалын эргэшгүй   өөрчлөлт, нийгмийн оюун санааны хоосон орон зай манай улс төрчид, бодлого боловсруулагчдаас бодит манлайлал шаардсаар байна. Манайхан үүнийг мэдэхгүй харахгүй байгаа юу? Үгүй тэд харж мэдэж байгаа. Тэгвэл яагаад арав арван жилээр хоцорч байна вэ?... Эгзэгтэй энэ цаг үед  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “тэрбум мод” тарих хөдөлгөөн Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээж, нэг зүгт харуулж, нэгтгэж чадлаа. Үүнийг би хувьдаа үгүйлэгдэж байсан улс төрийн томоохон манлайлал гэж харж байна. Манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар  энэ асуудлыг аль болох цогцоор авч үзэж, хөгжлийн шийдэл арга зам гарц болгохыг  зорьж  байгаа нь маш сайн хэрэг, бидний хөөцөлдөж байгаа хэрэглэгчийн эрхийн эрх зүйн шинэчлэл, хүнсний аюулгүй байдал, иргэдээ соён гэгээрүүлэх, монгол хэрэглэгчийн үндэсний сэтгэл зүйг төлөвшүүлэх, хүлэмжийн хөгжил, ногоон хувьсгал санаачлага ч энэ хөдөлгөөнд хамрагдлаа.

- Шинжлэх технологийн дэвшлийг бодлого боловсруулагчид гүйцэхгүй байна гэлээ. Тэгвэл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ямар байна вэ? Ялангуяа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал.

  - Олон улсын түвшинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлын хоёр дахь гол хандлага нь Бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад мэдээлэлийн технологийн ололтуудыг нэвтрүүлэх, ашиглах асуудал болж байна.  Европын Холбооны орнуудын хэрэглэгчдийн  гуравны нэг “Аюулгүй байдал нь хангагдаагүй” гэж зарлагдсан бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хэрэглэсээр байгааг олон улсын судалгааны байгууллагууд “маш том эрсдэл” гэж анхааруулсаар байна.

  •  Иймээс аж ахуй эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангахад технологийн дэвшлийг ашиглахын чухлыг сануулж байна.

  • Бүс нутаг,  улс орнуудын хамтын ажиллагааг сайжруулахыг шаардаж байна.

  • Эдгээрээс улбаалаад Улс орнуудын Төр засгийн болоод Хэрэглэгчийн эрхийг хамгааалах  байгууллагуудын өмнө бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, технологид суурилсан, шинэ арга замуудыг хамтран боловсруулах, нэвтрүүлэх  нь зүгээр нэг зорилт биш тулгамдсан бодит хэрэгцээ болоод байна. Энэ талаар амжилттай яваа орнуудын жишээг дурдвал:

Австрали улс IOT /internet off things/ онлайн систем бүтээж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах  ажиллагаанд нэвтрүүлсэн. Энэ системийн цөм нь үйлдвэрлэгчдийн үүрэг, хариуцлагыг асар өндөр болгож байгаад оршиж байна. Учир нь энэ системд байршуулсан бүтээгдэхүүний бүх үзүүлэлтүүд манайхаар бол  “Шилэн” болдог байна. Тиймээс муу зүйл нэвтрэхгүй.

Тайвань  Цахим орчны сөрөг нөлөөлөлөөс хүүхэд хамгаалах “IWIN” онлайн хамгаалалтын систем  нэвтрүүлснээ 2019 онд зарласан. Энэ системийн цөм нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогоос давсан интернет бүтээгдэхүүнийг шууд хязгаарлаж байгаад оршино.

- Хэрэглэгчийн эрхийн асуудалд олон улсын хамтын ажиллагаа чухал  гэж Та хэлж байна уу? 

-Тиймээ маш чухал. Энэ гурав дахь хандлага юм.

  •  Улс төр бизнесийн хууль бус бүлэглэлийн ашиг сонирхол,

  • Хил дамнасан хууль бус худалдаа,  Хуурамч  бараа, худал мэдээлэл,

  • Хориотой ажил үйлчилгээ, мөрийтэй тоглоом,

  • Хар тамхи, мансууруулах бодис, бие үнэлэлт,

  • Цахим мөнгө угаах, хүний наймаа  ... зэрэг  хууль бус үйлдэлүүд өсөн нэмэгдэж байгаа нь засаглал сул, хөгжил буурай орнуудын хэрэглэгчдэд илүү их аюул занал учруулж байна. Манай улс  энд явааг хар тамхи хэрэглэгч орон болсон, хар, саарал жагсаалт удаа дараа ордог, манай “дээдэс” цагаан захтануудын үйлддэг, шийдэгддэггүй, тасардаггүй олон жил хууль, шүүхийн өмнө, хойно яваа оффшор, авилга, албан тушаалын  гэмт  хэргүүд нотлон  харуулсаар байна. Дубайн гэрээ, хэдхэн хоногийн өмнөх Эрднэс монголын Хаянхярваа гэгчийн их хэмжээний авилга авсан хэргүүд чинь хэрэглэгч – баялгийн эзэд, нийтийн эрх ашгийн амин чухал асуудал шүү дээ.

   Хэрэглэгч – иргэдээ хамгаалж дотоод,  гадаад хамтын ажиллагаа ялангуяа хөрш орнуудтай хамтрах ажиллагаагаа сайжруулахын тулд:

  • Нэгэнт баталсан хуулиа нэг мөр мөрдүүлэх, хяналт, хариуцлага,  зохицуулалтын  механизмыг  төлөвшүүлэх,

  • Эрх зүйн орчноо шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх,

  • Төр, засаг, Хэрэглэгчийн эрх хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлөвшүүлэх,

  • Иргэний нийгмийн байгууллагуудыг Төрөөс бодлогоор дэмжиж, хөгжүүлэх,  туслаж хамтран ажиллах,

  • Хөрш орнуудтай онлайн харилцан мэдээлэлийн системийг хөгжүүлэхийг нийтийн эрх ашиг шаардаж байна.

- Бид мэдээлэлийн хурдыг гүйцэж байна уу?. Хэрэглэгчдээ ямар мэдээлэлээр хэрхэн хангах вэ? 

Дөрөвдэх чиг хандлага бол мэдээлэл юм. Хурдтай мэдээллийн эрин үед,  хэрэглэгчдийг бодит зөв мэдээлэлээр хангах, ялангуяа эмзэг бүлэг болох өсвөр насныхан, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд – хэрэглэгчдийн асуудалд онцгой анхаарч байгаа юм. Энэ бүлгийн хэрэглэгчид аль аль нь бодит мэдээлэлээс хол, амархан итгэх, аргагүйн эрхэнд дагах, хууртах магадлал маш өндөр байдаг, нас сэтгэхүйн онцлогтой. Хэрэглэгч зөв мэдээлэлтэй байснаар хэрэглээндээ зөв сонголт хийнэ. Технологийн хөгжил шинэчлэл нийгмийн хөгжлийг түргэсгэж амьдралын чанарыг дээшлүүлж байгаа ч нөгөө талдаа:

  • Мэдээлэлийн аюулгүй байдал, хувийн нууцлал алдагдах,

  • Ялгаварлан гадуурхалт,

  • Уруу таталт,

  • Төөрөгдөлд  оруулах, тархи угаалт,

  • Сошиал медиа луйварын золиос болж хохирохоос  хэрэглэгчдийг тэр дотроо эмзэг бүлгийн хэрэглэгчдийг хамгаалах тогтолцоог бий болгохыг шаардаж байна.

ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

  • Дээрх улс, орнуудын хэрэглэгчээ хамгаалах цахим хамгаалалтын тогтолцоог  бий болгож, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн  туршлагыг цаг алдахгүй нэвтрүүлэх,

  • Залуу насныханд эрх зүйн болон хэрэглээний зөв чиг баримжаа олгох ажлыг системтэй зохион байгуулах, соён гэгээрүүлэх,

  • Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны  хэрэглэгчийг үнэн, зөв, бодит мэдээлэлээр хангах хөтөлбөр хэрэгжүүлэх,

  • Амьралын чанарыг сайжруулахад нь чиглэсэн төрийн оновчтой бодлого хэрэгжүүлэх,... гм олон арга зам бий.

-Та түрүүн хэрэглэгч өөрийн хэрэглээний сонголтыг зөв хийх талаар дурдсан. НҮБ ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрэглээ ямар үүрэгтэй гэж үзэж байна вэ?

         -   Тиймээ хэрэглээ. Тав дахь хандлага юм. Дэлхий дахин Тогтвортой байнгын хэрэглээ,  хөгжлийг хөтлөх хүчин зүйл, хэрэглэгчийн эрхийн нэн чухал чиг хандлага гэж үзэж байна. НҮБ энэ зарчмыг үндэс болгон, тогтвортой хөгжлийн зорилтуудаа тодорхойлж улс орнуудад хэрэглээг аль болох тогтвортой байлгахыг уриалсаар байна.  Үйлдвэрлэгчид:“Аюулгүй байдал нь хангагдсан бүтээгдэхүүний тасралтгүй үйлдвэрлэл”ийг хөгжүүлэх,

Хэрэглэгчид:       “Тасралтгүй, тогтвортой хэрэглээ”г эрхэмлэнэ. Ийм  цикл тасралтгүй үргэлжилж хөгжил, тогтвортой амьдралын  зөв харьцаа бий болно гэж, хөгжингүй орнуудын төр засаг, хэрэглэгчийн байгууллагуудын чуулган, формуудад оролцогчид цохон тэмдэглэсээр байна. Тогтвортой хөгжил, хэрэглээний талаарх мэдээлэлийн ил тод байдал маш чухал. Энэ чиглэлээр олон зүйлийг хэлж болохч хоёр гол зүйлийг онцлоё.

  • “Тогтвортой мэдээлэлийн хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлэх,  Үр дүнд нь:

                  . бизнесийнхний өрсөлдөх чадвар дээшилж, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдана.

            . хэрэглэгчид тогтвортой амьдралын хэв маяг сонгоход  туслана.

            . байгаль орчин, нийгмийн үйл хэрэгт оролцох хэрэглэгчдийн оролцоо, үүргийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

  •   Хэрэглээний хандлагыг анхааралтай судлаж зөв тодорхойлох зэргийг олон улсын хэмжээнд хамгийн ач холбогдолтой гэж үзэж байна. “Аюулгүй байдал нь хангагдсан, бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх” нь “Тасралтгүй тогтвортой байнгын хэрэглээ” г төлөвшүүлж, хөгжлийг хөтлөх гарц” болж байна.

-Тэгвэл зургаа дахь чиг хандлаг нь юу вэ, товч хэлнэ үү?

-Цар тахлын болон дараах үеийн хэрэглэгчийн эрхийн асуудал бөгөөд  дээрх таван чиглэл энд базагдан орж ирж байна. МХЭАХНҮХ санаачлан ирэх  жил энэ асуудлаар төр засаг, бизнес, иргэний нийгэм, олон улсын байгууллага, хэрэглэгчдийн  оролцоог хангасан үндэсний форум зохион байгуулж,  хэрэглэгчийн харилцааны хоёр дахь жарны зорилтыг тодорхойлох болно. 

   

-30 жилийн ой угтсан ажлынхаа дүнгийн талаар та юу хэлэх вэ?

-     Манай нийгэмлэгүүд хэрэглэгчийн эрхийг зөрчигдөхөөс сэргийлэх, хамгаалах үйл хэрэгт үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.  Миний бие 2018 онд энэ ажилд томлигдохдоо Удирдах зөвлөлийн хуралдаанаар “МХЭАХНҮХ ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”, “Ойрын 2 жилд  хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөө” гэдэг хоёр баримт бичиг батлуулсан. Эндээс 30 жилийн ойн өмнө хэрэгжүүлэх зорилтуудаа 2019 онд Үндэсний холбооны үндэсний зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн бүтцийн байгууллагуудын саналыг тусган батлаж, шийдвэрээ аймаг, нийслэл, салбарын нийгэмлэгүүдийн удирдлагад даалгавар болгон биелэлтийг нь хангуулахаар гардуулж өгсөн. Ингэтэл цар тахал гарч бид ажлаа “Цахим цом” ын аян хэлбэрээр үндэсний хэмжээнд зохион байгуулж, дүнг нь нийгэмлэг нэг бүрээр гаргасан. Энэ аянд Орхон, Төв,  Дархан уул,  Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай аймгууд, Дэд бүтэц, Эрүүлмэнд, ХХАА, Санхүү банкны салбарын нийгэмлэгүүд бусдыгаа хошуучлан манлайлж ажилласан. Баянхонгор, Хэнтий, Говьсүмбэр, Булган, Увс, Баянөлгий аймгуудын нийгэмлэгүүдийн ажил идэвхжиж ахиц гарсан дүнтэй байна.

-Хэрэглэгчийн эрхийн манай болоод олон улсын чиг хандлагын талаар ярилцсан Танд баярлалаа. Ярилцлагын төгсгөлийн үгийг Танд үлдээе.

    - “Монгол Улсад, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, ШУ технологийн ололтод суурилсан, “Цахим хамгаалалтын цоо шинэ тогтолцоо” бий болгох ажлыг, МХЭАХНҮХ түүний зүтгэлтнүүд бид санаачлагч, эхлүүлэгч, хошуучлагч нь байх ёстой. Энэхүү санаачлагаа танайхаар  дамжуулан дахин түгээж байна.  2016 онд баталсан  “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр” ийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсад “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо” г бий болгосон гэж дээр хэлсэн. Энэ тогтолцоог хаячих гээд байна л даа, бид чинь салан баавгай биш, төрийн бодлогоор нэгэнт бий болгосон энэ зүйлээ уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй төрийн байгууллагууд нь манлайлаад,  технологийн ололтыг нэвтрүүлээд  улам сайжруулаад яваад явах ёстой. 

Хэрэглэгчийн эрхийн харилцаанд төрийн зөв бодлого, хууль эрх зүйн цоо шинэ орчин, хурд,  зохицуулалт үгүйлэгдэж байна. Бид хоцрох эрхгүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)