Чуулган: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус дөрвөн гишүүнийг томиллоо

    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өнгөрсөн Баасан (2021.11.18) гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг ийнхүү үргэлжлүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилох Байнгын хорооны саналаар санал хураалтууд явууллаа.

Нэр дэвшигч Наранчулууны Отгончимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 66.7 хувь нь, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэгийг томилохыг 52 гишүүний 43 нь, Навагчамбын Баасанжавыг томилохыг Улсын Их Хурлын гишүүдийн 80.8 хувь нь, Ренчиндоржийн Онончимэгийг томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 74 хувь нь тус тус дэмжлээ. Харин нэр дэвшигч Дашпунцагийн Эрдэнэчимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үүгээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Дараа нь шинээр томилогдож буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдэд Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын нийт гишүүдээ төлөөлөн амжилт хүсээд “Хараат бус, хариуцлагатай шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, шүүх салбарт хүн биш хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх ажилд аливаа нэг ашиг сонирхолд хөтлөгдөхгүйгээр чин шударгаар ажиллахыг хүсье” гэв.

Хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.

    Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүнээс 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2021 оны долдугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

    Ажлын хэсэг дээрх хуулийн төслүүдийг нэгтгэхдээ хуулийн төслийн агуулга, зохицуулах асуудлыг харгалзан Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд суурилан саналаа бэлтгэсэн бөгөөд Байнгын хорооны 2021 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ.

    Ажлын хэсгээс хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлж, батлуулсан.

    Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийн нэгтгэсэн төслийн болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдтэй холбогдуулан төслөөс зарим зүйл, заалтыг хасах, өөрчлөн найруулах болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн дагаж мөрдөх зэрэг хууль хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулсан зарчмын зөрүүтэй 21 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр саналыг дэмжсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагчаас хариулт, тайлбар авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

    Тухайлбал, нэгтгэсэн төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалт буюу “7.4.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөлийн дэргэд салбар бүрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өндөр мэргэшилтэй 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бодпого, төлөвлөлтийн зөвлөл ажиллана.” гэснийг, мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дахь заалт буюу “7.5.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөл батална” гэснийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн нэгтгэсэн төслийн 2 дугаар зүйлийг хасч, төслийн дугаарлалтыг өөрчлөх, нэгтгэсэн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалт буюу 9.4.3 дахь заалтыг, 6 дугаар заалтыг хасахыг дэмжих саналаар тус бүрд нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Ийнхүү Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)