​Арван их наяд хөтөлбөрийн хүрээнд хоёр их наяд гаруй төгрөгийг ипотекийн зээлд олгожээ

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр их наяд гаруй төгрөгийг найм болон зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн.

Энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар банкууд 939 тэрбум төгрөгөөр 12399 өрхөд найм болон зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг шинээр олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад санхүүжилт болон хамрагдсан өрхийн тоо даруй хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Задалбал, зээлд хамрагдсан өрхийн 76 хувь нь Улаанбаатарт, 24 хувь нь хөдөө орон нутагт авсан байна. Нийт зээлийн эх үүсвэрийн 583.2 тэрбум төгрөг нь Монголбанкных, 355.8 арилжааны банкуудад олгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн аж.

Ирэх оны хувьд төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд төсөв хуваарилаагүй, 10 их наядын хөтөлбөрийн үлдэгдэл санхүүжилт болон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх байдлаар үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Харин 2022 оноос ипотекийн зээлд шинээр хамрагдах хүсэлтэй ч урьдчилгаа 30 хувийн төлбөрөө нэг дор төлөхөд хүндрэлтэй байгаа өрхүүдийн 10 хувийн урьдчилгааг Зээлийн батлан заалтын сангаас гаргаж, иргэд үлдсэн 20 хувиа төлж зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжийг нээхээр ажиллаж байгаа юм байна. Ингэснээр урьдчилгаа төлбөрийн асуудлаас болж зээлд хамрагдаж чадахгүй байгаа өрхүүдэд бодит дэмжлэг болно гэж Зээлийн батлан даалтын сангаас мэдээлсэн. Иргэдийн урьдчилгаа 30 хувийн арван хувийг батлан даасан эх үүсвэрийг сар бүрийн зээлийн эргэн төлөлтөд шингээх байдлаар зохицуулах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)