"Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, тогтворжуулах нь" төсөлд ЮНЕСКО 172 мянган ам.доллар баталлаа

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 16 дугаар чуулган Франц Улсын Парис хотноо энэ сарын 13-18-нд болж байна.

Чуулганд Монгол Улсын Соёлын яам, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Өнөөдрийн чуулганаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Монгол бүжгийн уламжлалт урлаг-Бий биелгээ” өвийг хамгаалах, оршин тогтнох чадварыг нь бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас 2018 онд өргөн мэдүүлсэн “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төслийг Засгийн газар хоорондын хороо нийт 172.000 ам.долларын төсөвт өртөгтэйгээр батлав.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сангийн дэмжлэгтэй “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төслийг 2022-2024 онд хэрэгжүүлнэ.

Ингэснээр Монгол бий биелгээ өвийн уламжлалт мэдлэг, дадал, хэв намбыг шавь сургалтаар дамжуулан залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх замаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтаас Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад шилжүүлэхэд дэмжлэг болох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)