Ц.Болорчулуун: Экспортыг дэмжих төсөл нь салбарын бүхий л аж ахуйн нэгжийг экспортлогч болоход нь хамтран ажилладаг

Жил бүрийн 12 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр” болгон тэмдэглэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн байдаг. Тиймээс экспортлогчдыг дэмжих хүрээнд салбар яамнаас ямар бодлого барьж, дэмжиж буй талаар ХХААХҮЯ-ны Бодлого, Төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

-Ковид цар тахлын үед  ХХААХҮЯ-ны Экспортыг дэмжих төслийн үйл ажиллагаа, хэрэгжилт хэр түвшинд явж байгаа вэ?

-Юуны өмнө уг төслийн талаар товчхон ойлголт өгөх нь зөв байх. Экспортыг дэмжих төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр анх 2016 онд Сангийн яамны нэгж болон үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2020 оноос ХХААХҮЯ-ны харьяанд ирсэн. Уг төслийн гол зорилго нь уул уурхайн бус, салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжийн экспортын чадамжийг сайжруулах, экспортын зах зээлээ тэлэх, Ковид-19 цар тахлын нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Салбар яамнаас уг төслийг Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдтэй уялдуулах, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, ноолуур дээр авч үзэхэд бид өнөөдөр дэлхийн түүхий ноосны 40 хувийг хангадаг болсон.

Тиймээс цаашид түүхий ноосоо боловсруулж, нэмүү өртөг шингээн угаах, самнах зэрэг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд хөгжүүлэхээр анхаарч, зорьж байна.

Экспортыг дэмжих төсөл нь хөдөө аж ахуйн салбараас гадна аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг экспортын зах зээлд өрсөлдөх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадагшаа борлуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ жилийн хувьд экспортыг дэмжих хүрээнд гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг сайжруулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх чиглэлд гурван багц агуулгын хүрээнд хэд хэдэн судалгааны ажлуудыг гадаад, дотоодын зөвлөх байгууллагуудтай хамтран хийсэн. Тухайлбал, худалдаа, экспортын хууль эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, бусад улс орнуудтай байгуулах эдийн засгийн гэрээ, хэлэлцээрт нэгдэх боломж, үүсэх эдийн засгийн үр нөлөө, Монгол Улсын байр суурийн талаарх судалгаанууд, Экспортын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхтэй холбоотой судалгаанууд юм.

-Дээрх судалгааны ач холбогдол, үр дүн юу байсан бэ?

Аливаа төсөл, хөтөлбөр оролцогч талуудад суурь мэдээллийг түгээх, зөв шийдвэр гаргахад үндсэн судалгаагаа чанартай хийснээс хамааран амжилттай хэрэгждэг. Судалгааны үр дүнд манай улсаас гадаад зах зээл рүү ямар, ямар төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох боломж, бололцоо байгааг тодорхойлуулсан. Үүнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний экспортын чиглэлийн судалгаанууд, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлийн экспортын судалгаа, олон улсын туршлага судлах зөвлөх үйлчилгээг тус тус авсан байна. Зөвлөх үйлчилгээнээс гарсан зөвлөмж, мэдээллийг тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сонирхсон аж ахуйн нэгжүүдэд сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд бүх аж ахуйн нэгжүүдэд нээлттэй гэдгийг хэлмээр байна. Дээрх судалгааны үр дүнд экспортын боломж, давуу талаа гаргах сувгууд, бусад улс оронтой худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх гарц, сувгуудын талаар нэгдсэн мэдээлэлтэй болж байгаа юм.

Үйлдвэрлэгч нарт зориулсан олон талын сургалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулдаг гэсэн. Ковидын үед оролцоо, хамрагдалт хэр байна вэ?

2021 онд бид нийтдээ ноос, ноолуур, мах, аялал жуулчлал, мэдээллийн технологи, чацаргана, самар, арьс шир гэх мэт долоон төрлийн кластерын ерөнхий сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор нийтдээ 474 оролцогчдыг хамруулаад байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд тодорхой түвшинд экспортын үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх, хэрхэн хамтын ажиллагаа үүсэх тал дээр мэргэжлийн экспертүүдээс мэдлэг, мэдээлэл авсан. Түүнчлэн органик бүтээгдэхүүний талаар ерөнхий мэдлэг, түүний тодорхойлолт, шаардлага, төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний асуумжийн талаарх сургалтуудыг аж ахуйн нэгжүүддээ зохион байгуулаад байна. Энэ жилийн хувьд халдвар хамгааллын дэмглэмээс хамааран цахимаар болон танхимаар сургалтууд тасралтгүй явагдаж байгаа. ХХААХҮЯ-ны Экспортыг дэмжих төслийн багаас ирэх онд хийгдэх чадвахжуулах сургалтуудаа 100 хувь цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Экспортыг дэмжих төслөөс 2021 онд үйлдвэрлэгч нарт хичнээн хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бэ?

Экспортыг дэмжих төслийн хүрээнд үйлдвэрлэгчдийн хамгийн их сонирхдог хөтөлбөр нь “Түншлэлийн хөтөлбөр” байдаг. Уг хөтөлбөр нь 5 сая ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламжийг экспортын чиг баримжаатай бараа, үйлчилгээ экспортлож буй, төлөвлөж буй үйлдвэрлэгчдэд олгохоор хэрэгжиж байна. “Түншлэлийн хөтөлбөр” нь төсөл хэрэгжүүлэгч дангаараа төсөлд хүсэлт ирүүлэх бол 150 сая төгрөг хүртэлх, кластер буюу хамтарсан төслүүдэд 300 сая төгрөг хүртэлх санхүүжилтийг олгож байгаа.

Өнгөрсөн хугацаанд нийт гурван удаагийн цонхыг нээж аж ахуйн нэгжүүдээс материал хүлээж авсан бөгөөд 178 аж ахуйн нэгж өргөдөл гаргаснаас 53 төсөлтэй 1,05 сая ам.долларын гэрээ байгуулаад байна.

Өнөөдрийн байдлаар Түншлэлийн хөтөлбөрийн 3 дахь удаагийн цонхонд материалаа өгч хоёрдугаар шатанд шалгарсан 464,665 ам.долларын 21 төсөлд дэмжлэг үзүүлэх шалгаруулалтын ажил үргэлжилж байна. 2021 ондоо багтааж тус хөтөлбөрт хамрагдах хүсэлттэй байгаа аж ахуйн нэгжүүдээс материал хүлээн авах цонхоо нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Одоогоор түншлэлийн хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг харахад 68 хувь нь боловсруулах үйлдвэр, 21 хувь нь аялал жуулчлал, 9 хувь нь мэдээллийн технологи бол үлдсэн 2 хувь нь бусад салбараас байна. Өнгөрсөн хоёр жил цар тахалтай холбоотойгоор үйлдвэрлэлүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй, оролцогч аж ахуйн нэгжүүд харьцангуй цөөхөн байлаа. Ирэх 2022 онд олон удаагийн цонх гарган аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй хамрагдах боломж бололцоог нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллана.

-Бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад хэдий хэр хугацаа шаарддаг вэ?

Энэ нь тухайн бүтээгдэхүүний төрлөөс маш их хамаарна. Өмнө нь буюу цар тахал дэгдээгүй байх үед дунджаар 12-18 сарын хугацаа зарцуулдаг байсан. Өнөөдөр цар тахлын нөлөөллөөр бүхий л төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ удааширч байгаатай холбоотойгоор ялангуяа шинээр экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань экспортод бараа бүтээгдэхүүнээ бэлтгэж нийлүүлэхэд 24 сараас дээш хугацааг зарцуулж байна. Энэ нь эхлээд дотооддоо бараа бүтээгдэхүүнээ турших, Монгол Улсын болон олон улсын стандартын шаардлагад нийцүүлж стандартын гэрчилгээгээ авах гэх мэт олон ажлуудыг хийсэн байхыг шаарддагтай холбоотой. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ аль хэдийн дотооддоо үйлдвэрлээд зах зээлд танигдсан үйлдвэрлэгчийн хувьд хугацаа харьцангуй богино байна.

Бид аливаа нэг бүтээгдэхүүнийг экспортод гаргахын тулд зөвхөн бараанд нь дэмжлэг үзүүлээд байгаа юм биш, бараа бүтээгдэхүүн бий болох бүхий л шат дамжлагад нь зөвлөх үйлчилгээгээр хамтран ажиллаж байгаагаар экспортыг дэмжих төсөл онцлогтой.

Уг төслөөс үйлдвэрлэгч нарынхаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж, экспортод гарах хүртэл бүхий л шатанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

-Манай улс улаан буудай экспортлох чиглэлд анхаарал хандуулах болсон. Энэ чиглэлд сүүлийн үед ямар ажил хийгдэж байна вэ?

-Саяхан ХХААХҮЯ нь БНХАУ-ын Чанар, ариун цэврийн яамтай хөх тариа болон улаан буудайгаар хийсэн гурилыг экспортлох хорио цээрийн протоколыг тохирсон. Экспорт дээр гол нь хоёр улсын хорио цээрийн протокол гэж ажил хийгддэг бөгөөд энэ ажлын хүрээнд хүлээн авагч улс орны эрх бүхий мэргэжилтнүүд манайд ажиллаж, үйлдвэрлэлтэй бүрэн танилцаж хорио цээрийн протоколыг байгуулдаг. БНХАУ-ын талаас манай 12 гурилын үйлдвэр дээр ажиллаж, хэд хэдэн үйлдвэр тэдний шаардлагад нийцсэн уччраас БНХАУ-ын талд экспортын хүсэлтээ илгээсэн. Хариу нааштай гарвал бид ирэх оноос гурилыг экспортод гаргах төлөвлөгөөтэй байна.

                                                                                                                   Эх сурвалж: Өдрийн сонин 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)