Л.Бямбажаргал: Дайнаас хамгийн их хожих нь АНУ, Хятад. Монголд ч таатай нөхцөл үүсч мэднэ

Улс төр судлаач Л.Бямбажаргалтай дайны үр нөлөөний талаар ярилцлаа.


-Орос Украины дайныг дэлхийн улс орнууд олон талаас нь хэлэлцэж байна. Хоёр улсаар тогтохгүй энэ дайны үр нөлөө олон улсад ямар хэмжээнд, ямар байдлаар гарах бол. Монголд нөлөөлөх үү?

-Хамгийн түрүүнд онцолж хэлэхэд, аль ч тохиолдолд дайныг зөвтгөж болохгүй. Нийгэм, хүмүүнлэг ёсны үүднээс дайныг хүлээн зөвшөөрөх аргагүй. Монгол Улсын хувьд хэд, хэдэн онцлог бий. Үүний нэг чухал онцлог нь манайх газар зүйн байрлалын хувьд хоёр том хөрштэй. Хоёр хөрш хоёулаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн таван орны хоёр нь. Энэ таван улсын аль нэг нь санал өгөхгүй бол НҮБ-ын аливаа шийдвэр гардаггүй зарчимтай. Тэгэхээр манай улсын аюулгүй байдлын хувьд энэ хоёр улсыг даваад манайд үзүүлэх гадны шууд нөлөө, халдан довтлох улс одоохондоо байхгүй. Нөгөө талаар энэ хоёр улс хоорондоо үл ойлголцох, цаашлаад янз бүрийн юм боллоо гэхэд олон улсын зүгээс манай улсыг хамгаалж чадах эсэх нь маш эргэлзээтэй. Монголоос болж энэ хоёр улстай хэрэлдэнэ гэдэг аль ч улсад бараг боломжгүй зүйл. Учир нь энэ хоёр улс хоёулаа их өвөрмөц улс.

-Ямар талаас нь та хэлж байна?

-Үндсэндээ хүн төрөлхтнийг түүхий эдээр хангаж байгаа гол улс нь манай хойд хөрш. Нефть, хий, атомын цахилгаан станц, уран, ган, никель, газрын ховор элемент, бүр больё гэхэд улаанбуудайн гол экспортлогч орон. Улаанбуудайн экспортоор Орос дэлхийн экспортын 20 хувийг дангаар эзэлж байдаг. Хойд Америкийн хоёр орон болох Америк, Канад хоёулаа нийлээд Оростой тэнцүү шахуу.

Тэгэхээр Оросын эсрэг хориг тавина гэдэг баян орны иргэд талхны үнэ нэмэгдэхэд тоохгүй байлаа ч улаанбуудай тариалдаггүй Экваторын бүсийн орнууд, жишээ нь Африкийн орнуудад талхны үнээр энэ дайны төлбөрийг төлнө. Тийм учраас дайн гэдэг бол нэг улсынх биш, нэг хориг тавихад Орос бараагаа зарж чадахгүй гэдэгтээ ч биш, ерөөсөө хүн төрөлхтөн бүгд л дайны төлөөсийг төлж таарна.

НХАУ-ын хувьд?

-Урд хөршийн хувьд эдийн засгийн өсөлт өндөр яваа, миллярьд хүн амтай улс. Энэ хөршийн гол онцлог бол юмханаар юм хийж чаддаг. Энэ хоёр улс нэгдмэл байр суурьтай байхад гадны ямар ч орны хоригийг даваад гарчих эдийн засагтай. Нэгэнд нь байгалийн баялаг байна, нөгөөд нь үйлдвэрлэх хүчин байна.

Түүнээс гадна АНУ дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байна л гэж байгаа. Гэтэл АНУ пуужингийн хөдөлгүүрээ ОХУ-аас авдаг. Гэтэл ОХУ пуужингийн хөдөлгүүр дээрээ хориг тавьчихлаа. Оросууд Америкийг “Шүүрээ унаад нисээрэй” гэж байгаа нь бид хөдөлгүүрээ өгөхгүй гэсэн үг. Тэгэхээр Оросын хөдөлгүүргүйгээр Америк ямар ч зөөгч пуужин хөдөлгөж чадахгүй болно. Үүгээр зогсохгүй АНУ цэвэршүүлсэн ураныг ОХУ-аас авдаг. Энэ нь АНУ-ын зах зээлийн нэлээд том хувийг эзэлдэг. Үүн дээр ч хориг тавьж байна.

-АНУ-д том цохилт болж байгаа болов уу?

-Эсрэгээрээ хамгийн их хожих улс нь АНУ. Хоригоос болж АНУ дотооддоо цэвэршүүлсэн уран, пуужингийн хөдөлгүүрээ бүтээхийг эрмэлзэнэ.

Нөгөөтэйгүүр газрын тосны үнэ 20 ам.доллар байхад Арабын орнуудад ашигтай, 40 болж байж ОХУ-д ашигтай болдог, 60-аас дээш байж АНУ-д ашигтай болдог тухай эдийн засагчид ярьдаг. Тэгэхээр АНУ-д газрын тосны үнэ өндөр байх нь ашигтай гэсэн үг. Аль ч асуудлыг аваад үзэхэд хоёр талтай. Дайны үеийн хориг арга хэмжээнүүд хоёр талдаа адилхан үр дагавартай. Мэдээж дайн бол хохиролтой, энэ дундаас хамгийн их хожих нь АНУ.

Ганц АНУ-аар тогтохгүй Хятадад ч ашигтай. ОХУ-аас олон улсын компаниуд гарсаар байгаа. Тэр орон зайг Хятад нөхөхийг эрмэлзэнэ. Харин хамгийн их хохирч үлдэх улс бол Европын холбоо.

-Тэгвэл Монголд ирэх үр нөлөөний талаар ярихгүй юу?

-Оростой манайх ам.доллараар наймаа хийдэг. Ам.долларын ханш өсчихөөд байгаа учраас ханш дагасан нөлөөлөл орж ирнэ. Хэрэв рублиэр наймаа хийдэг байсан бол Монголд ашигтай байх байсан.

-Эерэг нөлөөлөл бий болох боломжтой юу. Хятад, АНУ-д боломж бий гэж та хэллээ шүү дээ?

-Манайх Оростой адилхан экспортлогч орон. Манай зардаг нүүрс, зэс, алтны үнэ өсч байгаа. Бага ч гэсэн нефть зардаг. Нефть ч өсч байна. Яг л адилхан, дэлхийн зах зээл дээр юмны үнэ өсч байгаа нь манайд ч нөлөөтэй.

Мөн манай Засгийн газраас барьдаг хатуу бодлого байдаг. Гол нэрийн бүтээгдэхүүнээрээ дотоодоо хангана гэдэг. Энэ утгаараа талх гурилан бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй, цахилгааны үнэ өсөөд сүйд болно гэсэн айдас байхгүй. Манай дулааны цахилгаан станцууд бүгд өөрсдийнхөө нүүрсээр хангадаг. Тэнд дэлхийн зах зээл хэд ч болсон хамаагүй. Манайх жижиг улс ч гэсэн энэ хэмжээндээ өөрсдийгөө аваад явчихаж байгаа. Нэг ёсондоо давуу тал гэж харж болно.

-Яг дайнаас үүдэлтэй бий болох таатай нөхцөл харагдаж байна уу. Муу зүйлд эерэг тал байдаг гэдэг?

-Миний харж байгаагаар “SWIFT” буюу олон улсын банк хоорондын мессэж үйлчилгээний системээс ОХУ-ыг хасчихсан шүү дээ. Одоо бол Орос наймаагаа рублиэр хийнэ гэж шахах байх.

Өнөө маргаашгүй ОХУ-ын ерөнхий сайд хямралын үед авах арга хэмжээний жагсаалт гаргаж зарлах гэж байна. ОХУ өөрөө банкны дотоод системтэй. Хятад ч ийм системтэй. Орос, Хятад хоёр энэ системээ холбочих юм бол нэг сайн тал нь бүдүүлгээр яривал манайх нүүрсээ юаниар зарчихаад ам.долларт хөрвүүлээд Оросоос бензин авдаг явдал зогсоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, рубль, юаниар шууд худалдаа хийнэ. Ядаж ОХУ-д рублийн ханш унахад манайд бензин навсайтал хямдарна.

-Дайны тухай сэдэв монголчуудад ихээхэн сонирхолтой, ам уралдан өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Ерөөс дайны үеийн сэтгэхүй гэдэг их чухал бололтой?

-Монголчууд хэдэн үеэрээ дайн үзээгүй байгаа ард түмэн. Тийм учраас дайны үеийн сэтгэхүй гэж айхтар зүйл байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэлдэж байгаа хоёр хүнийг хөндлөнгөөс хараад “Ингэж хэрэлдэж яадаг байна аа” гэж боддог байхад яг байлдаж байгаа хүмүүсийн сэтгэхүй өөр болчихдог. Тийм учраас дайнаас өмнө Украины ерөнхийлөгчийн нэр хүнд бага байсан бол одоо нэмэгдэж байна. Магадгүй хэсэг хугацааны дараа Путины нэр хүнд унаж байгаад өсөхийг үгүйсгэхгүй.

Тийм болохоор дайны сэтгэл зүй гэдэг их онцлог. Альбер Камюгийн “Тахал” гээд номонд тахлын үеийн олон нийтийн сэтгэл зүй яаж өөрчлөгддөг талаар бичсэн байдаг. Манайд ч сая ковидын үед олон нийт сонин байдалтай, стресстэй сонин байлаа шүү дээ. Одоо бол хэр баргийн юмыг тоохоо больж байна. Тэгэхээр дайны үеийн сэтгэхүй гэдгийг манайх шиг тайван, дайн үзээгүй ард түмэн мэдэхгүй. Тийм учраас шүүж, ийм тийм гэж, нэг талд нь орох гэх мэтээр янз бүрээр үзэж байх шиг байна.

-Хилийн чанадад дайн болж байна. Бид өнгөц, хөнгөн дүгнэж байна гэж та хэллээ. Магадгүй бид ийм нөхцөл байдалд бэлэн байх шаардлагатайг үгүйсгэхгүй. Тэгвэл яах ёстой вэ?

-Бид хэдэн үеэрээ дайн үзээгүй учраас дайны үеийн сэтгэхүй байхгүй. Дайнч сэтгэхүй бэлдэнэ гэсэн зүйл ч байхгүй. Манайхан үзээгүй юмандаа хөөрнө гэгчээр зурагтаар байлдаантай кино үздэг шигээ Орос, Украины дайныг ойлгоод байгаа. Гэтэл бодит байдал тийм биш. Тийм учраас дайнд бэлдэнэ гэдэг ойлголт монгол хүнд зохих ч үгүй, байж ч болохгүй. Толгойноосоо авч явах ёстой. Харин ийм хямралыг яаж давж гарах вэ гэж ярьж болно.

-За тэгье. Нэг талаар энэ дайн ямар сургамж үлдээж байна вэ гэж асууж болох юм?

-Дэлхийн банк санхүүгийн байгууллага гэдэг чинь тийм найдвартай биш юм байна гэдгийг харж байна. Манай улс алттай, Лондонд хадгалуулчихсан гээд пээдэлзэж байтал “Май чи” гээд крантаа хаачихвал алтаа авч чадахгүй болох нь. Тиймээс санхүүгийн хоёр гурван эх үүсвэртэй байх ёстой юм байна.

Мөн сүүлийн үед мэдээллийн аюулгүй байдлын асуудал маш их хөндөгдөж байна. Трамп жагсаал хийнэ гэхэд л твиттер Трампыг насанд туршид нь хаачихлаа. Цагаа тулахад хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ хэзээ ч зогсож мэдэх нь. Дээр нь харилцаа холбооны салбартаа анхаарах ёстой нь харагдаж байна. Эрчим хүчний бие даасан байдал, дотоодын үйлдвэрлэлээ ч хангах ёстойг хэлэх ёстой.

Манайд Цахим хөгжлийн яам гээд л байгуулагдаж байна. Дайны үеийн нөхцөл байдлаас харахад бид хэт цахимжиж, гадны технологийн хараат болох тусам болгоомжтой хандах ёстой. Үндэсний банкны системтэй болох асуудал энд хөндөгдөж болох юм.

 

Б.Энхзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • Малчин (59.153.115.145)

    2022-03-13

    Гаднын хөрөнгө оруулалт л гээд байх юм. Түүнийг аваад өсөж дэвших биш, идэж ууж, бааж шээж, эсвэл машин, гар утас, хувцас хунар, байшин,. оффшор болгоод улсынх нь өр болж нэмэгдээд байгааг юу гэж ойлгох бэ? Одоо хөрөнгө оруулалт хэрэггүй. Хөдөлмөрлөж хуримтлал бий болгоё, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье

  • (91.5.102.134)

    2022-03-13

    Huurhii german ulaan buudaigaa oros Ukrainaas avdag baij odoo delguuruuded ni guril tos tasaraad hooson bolood hed honoj bn deerees ni goimon hurtel baihgui bolchihson bainlee tsaashdaa guril tosoo yah bol bas czechuud orosuudad durgui gej yaridag baisan unen bololtoi oros oyutanuudiig huusun suragtai baisan bas Ukrainuudiig shuud huleej avaad viztei bolgood ajilaar hsngah ym gesen

  • Зочин (202.21.107.90)

    2022-03-12

    Ха, ха.

  • Иргэн (192.82.76.203)

    2022-03-11

    Жижиг гаравууд байж дэлхийн харилцаа сонирхоод хэрэггүй харин гэр хорооллынхныг ба хөдөөнийхнийг хошногыг нь арчуулахыг ба тогтмол усанд оруулахыг зааж өгөх хэрэгтэй.

    Зочин (192.82.76.203)

    2022-03-11

    Ха, ха.

  • (103.57.92.26)

    2022-03-11

    дайнаас сургамж авах болж дээ

  • Azaa Azaa (66.181.180.159)

    2022-03-11

    Хятадаас өөр гадныхан монголд ирэхээ байсан хөрөнгө оруулалт хийхээ байгаад нэлээн олон жил болж бн дайны хор уршиг заавал нөлөөлнө

  • АРД БАГШ (202.9.46.237)

    2022-03-11

    ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАГАСНА ГЭСНЭЭС, СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛД ОЮУ ТОЛГОЙГ ЭС ТООЦВОЛ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРООГҮЙ ШАХУУ БАЙГАА. МЭДЭЖ БУРААРАЙ.

  • ард (64.119.16.98)

    2022-03-11

    Монгол улс д Украйн Орсын дайнаас таатай нөхцөл үүснэ гэдэг шал худлаа тэрэн шиг худлаа юм байхгүй. Оорс улс эдийн засаг бараа таваарын хямралд ороод байхад Орсоос орж ирдэг хямд бараа таваарын үнэ хэд дахин өсч бараа нийлүүлэлт багсаж л таараа. Монгол улс үйлдвэрлэг улс биш бараа таваар гаднаас оруулж ирж худалдааны ашиг харж амьдардаг л улс тийм болхоор энэ дайн Монголд ашиг өгөхгүй магадгүй Орсыг дэмжигч орон гэдгээрээ эдийн засаг нь хумигдаж ч мэднэ гадны хөрөнгө оруулагчид багас ч болох юм.