Долларын ханш 5.3 хувиар чангараад байна

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч өчигдрийн Монголбанкны ханшаар ам.доллар 2916 төгрөгтэй тэнцэж 3000 руу дөхөж байна. Энэ оны нэгдүгээр сарын эцсээр “ногооны”, төгрөгтэй харьцах ханш 2850 төгрөгтэй тэнцэж байсан юм. Энэ нь Орос, Украины дайнаас өмнөх ханш. Тэгвэл дайн эхэлснээс хойш дээрх ханшийн зөрүү албан бусаар бол 5.3 хувиар чангарсан бол сүүлийн гурван долоо хоногийн турш ам.долларын ханш төгрөгийн эсрэг 2.2 хувиар чангараад байна. Гэхдээ энэ чангаралт байж болох өсөлт гэж Төвбанк үзэж байгаа юм.

Ханшийг тогтоон барихын тулд Төвбанк жийп гэх тансаг зэрэглэлийн, тэвчиж  болох импортын бүтээгдэхүүнийг түр хориглох саналыг өчигдөр Засгийн газарт дэвшүүлэв. Түүнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэх боломжтой гэдгийг хэлж олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. 1000 гаруй иргэдээс санал ирсний 79 хувь нь уг саналыг дэмжиж байна гэсэн бол 18 хувь нь дэмжихгүй, харин 2.0 хувь нь мэдэхгүй гэжээ.Төвбанкны тухайд валютын нөөцөө хадгалж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эсвэл хүссэн хэмжээгээрээ нийлүүлэх сонголт бий. Гэхдээ үүнээс валютын нийлүүлэлтийг хязгаарлахыг илүүд үзэн өнгөрсөн хоёр хоногт банкууд 160 гаруй сая ам.долларын хүсэлт ирүүлсэн ч 50 саяыг нь биелүүлжээ. Валютын эрэлт, ханшийн өсөлт удаан үргэлжлэхгүй болов уу гэсэн тайлбарын өгч байгаа юм. Манай улсын хэрэглээний 80 хувь нь импорт. Тэгэхээр долларын ханш өсвөл тэр өөрчлөлт нь барааны үнэд шингэх байдлаар орж ирдэг. Инфляц, ханш хоёр зэрэг хөдөлж байгаа нь Монголбанкны толгойн өвчин болж байна. Инфляцыг яах уу, ханшийг яах уу гэсэн ацан шалаанд оржээ.

Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд валютын нөөц  нэг тэрбум орчим ам.доллараар буурсан. Манай одоогийн нөөц нэгдүгээр сарын эцэст 3.94 тэрбум ам доллар байна. Өмнөх оны энэ үед 4.36 тэрбум ам.доллар байсан.  Төвбанк жилд нэг тэрбум ам.долларын интервенц хийдэг.  Тэгэхээр сүүлийн найман сард бараг тэрбум ам.долларын интервенц хийсэн байна. Ингэхээр байж болох нөөц ч гэлээ дэлхийн зах зээлд өндөр байгаа алт болон зэсийн экспортыг нэмэгдүүлж валютын нөөцөө нэмэгдүүлэхээс өөр гарц алга.

 

Эдийн засагч Г.Батзориг:  Бидэнд одоогоор доллар олох боломж алт, зэс л байна

 

- Монголбанкнаас үнийн өсөлтийг түр зуурынх гэж таамагласан нь хэт өөдрөг байв. Түр зуурынх учраас хил, гааль шийдэгдэхэд үнийн өсөлт зогсоно гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь урд хөрш нь олимп, намын их хурал гээд “Тэг” ковид бодлого барьж, хойд хөрш нь дайн дажин хийгээд бидэнтэй манатай л байна. Улмаар импортын бараа татан авах хугацаа 2-3 сараар уртасч, тээврийн зардал нь 3-30 дахин нэмэгдэж, эцсийн хэрэглэгч энэ бүх төлбөрийг нь төлөхөөс аргагүйд хүрч байна. Ийм байдлаар үнийн өсөлт явагдаад байх юм бол бодлогын хүүг өсгөөд ч нэмэргүй. Үнэхээр үнийн өсөлт дээр арга хэмжээ авах бол Монголбанкны ажилчид гааль дээр л очиж ажиллах л дутаад байна.  Угтаа бол Монгол банк биш Засгийн газар нь л иймэрхүү зүйлс дээр ажиллах ёстой юм. Ийнхүү инфляцаа барж чадахгүй байхад нь ханш орж ирээд самарч эхлэх нь тэр. Хаврын улирал эхлээд ч тэр үү, дайн дажин болоод ч тэр үү, Америк бодлогын хүүгээ өсгөөд ч тэр үү ам.долларын эрэлт ойрын сар орчим хугацаанд идэвхжээд байна. Ханш хөдлөх тутамд л Монголбанкнаас мэдэгдэл хийж, огцом савлагаа дээр орохоо зарлав. Төвбанк бодлогын хүүгээ нэгдүгээр сард 0.5 хувиар өсгөсөн бол удахгүй болох Мөнгөний бодлогын хорооноос дахин өсгөх хүлээлт байна. Ханшийг хүчээр барих гэж валютын нөөцөө шавхана. Ингэх тусам хүмүүсийн ханш унана гэсэн хүлээлт идэвхжинэ. Улмаар үндэсний мөнгөн тэмдэгт нь огцом сулраад үлддэг. Бидэнд одоогоор ам.доллар олох боломж алт, зэс л байна. Бидний зүгээс экспортоо, гадаад шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байж л ам.доллартай болно. Энэ жил нүүрс гаргаж чадахгүй нь тодорхой боллоо. Тиймээс экспортын 40 хувийг бүрдүүлдэг энэ бүтээгдэхүүнийг зэс, алт хоёр арыг нь даах үүрэг хүлээлээ. Ингэж гэмээн валютын орох урсгал нь нэмэгдэж, ханш тогтвортой байх боломж бүрдэнэ. Алтнаас л гэхэд Монголбанк жил бүр валютын нөөцөө 800 сая ам.доллараар зузаатгаж чаддаг. Тиймээс алт худалдан авалтаа идэвхжүүлэх нь зүйтэй. Тухайлбал,  валютын ханш огцом хөдлөх суурь нөхцөл алга. Бондын төлбөрүүд бүгд хойшлогдсон. Валютын гарах том урсгал байхгүй. Энэ бол ердөө л улирлын сезон эхэлсэнтэй холбоотой. Түүнчлэн валютын захын тав хүрэхгүй хувийг эзэлдэг найман шарга захаар ханшийн эрэлт, нийлүүлэлтийг төсөөлж болохгүй.

 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)