Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 2030 он гэхэд нийт газар нутгийн 9 хувьд хүрнэ

УИХ-ын чуулганаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай" 59 дүгээр зарлиг гарган ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны байгууллагын ажил үүрэг оновчтой, уялдаатай байх, иргэн, хуулийн этгээдийн ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагаас олгох эрх, зөвшөөрлийн тоог бууруулах шинэчлэл хийх зорилгоор боловсруулсан гэлээ. 

Хуулийн төсөлд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг яамны эрхлэх нийтлэг асуудалд нийцүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, ойн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, ойн үр, үрийн нөөцийн сан бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийг хэрэгжүүлснээр монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэж, 2030 он гэхэд нийт газар нутгийн 9 хувьд хүргэх ногоон хөгжлийн зорилго хангагдана хэмээн үзэж буй бөгөөд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдсэнээр нүүрсхүчлийн хийн шингээлт нэмэгдэж, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үзүүлэх эерэг нөлөө үлэмж ихэснэ гэж сайд хэллээ. 

Ойн үрийн аж ахуйг судалгаа шинжилгээнд тулгуурлан, бодлого чиглэлтэй хөгжүүлснээр шилмэл сортын ойн үрийн сан бүрдүүлэх, улмаар ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ. Төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгодог тогтолцоог өөрчилж магадлан итгэмжлэлд хамрагдан зохих шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага нь ойн аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж болох зохицуулалт хийсэн байна. Энэ нь иргэн, хуулийн этгээдэд учрах хүндрэл бэрхшээлийг арилгаж, төрийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, төрд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж үзжээ.

Модлог ургамлын үр, үржлийн материалын асуудлыг хуульд тусгайлан заасан бөгөөд ойн үрийн гарал үүсэл, чанар, үрийн улсын нөөцийн сан, үрийн удмын сангийн хадгаламж байгуулах, судалгаа туршилтын лаборатори ажиллуулах эрх хэмжээг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)