Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
- 2022-04-19
- Улс төр
- 0

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Тайланг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцуулав. Танилцуулгадаа, Санхүүгийн зохицуулах хороо нь 2021 онд 9 газар, 4 хэлтэс, 4 алба, 163 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулсан. Санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 27 хууль, 111 дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангаж ажиллаж байна гээд Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоол буюу зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажил, мөн Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол буюу Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлын талаар танилцуулав. Мөн салбарын үзүүлэлтүүд, хөрөнгө болон даатгалын зах зээл, бичил санхүү дэх бодлого зохицуулалтын онцлох арга хэмжээнээс танилцуулсан. Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаа, тоон үзүүлэлтээс танилцууллаа. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжүүдийн дагуу хийсэн ажил, мөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хийж буй ажлын талаар болон цаашдын зорилт, арга хэмжээтэй холбогдуулан хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Т.Доржханд. Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Даатгалын тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг хэзээ өргөн мэдүүлэх талаар асуултандаа тодруулахад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хаврын чуулганы хугацаанд Засгийн газраас өргөн мэдүүлэхээр хуваарьт орсон талаар хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргахад Санхүүгийн зохицуулах хороо тэргүүлж ажилласан. Ирэх жил мөн тус байгууллагаас газар дээрх шалгалтыг манай улсад хийх тул тус шалгалт, үнэлгээний бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажлаа сайн зохион байгуулах нь улсаа эрсдэлд оруулахгүй байх чухал ач холбогдолтой талаар санал хэллээ. Төгсгөлд нь Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Улсын Их Хурлаас баталсан хуулиудыг хэрэгжүүлэх тал дээр маш сайн санаачилгатай ажиллах талаар анхааруулж хэлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)