Ч.Улаан: Өнөөдрийн хамгийн том сургамж нь Монгол Улс өөрийгөө бие даан авч явах чадавхтай болох юм

Засгийн газар, УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайдын зөвлөх Ч.Улаантай ярилцлаа.


-Улс төрд үе солигдож байна. УИХ, Засгийн газарт шинэ залуу үеийнхэн гараад ирлээ. Парламентад тасралтгүй зургаан удаа сонгогдсон хүний хувьд парламентын үйл ажиллагааг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна?

-Цаг хугацаа их амархан өөрчлөгдөж байна. Үе солигдож байна. Дараа үеэ шүүмжлэхийг би гол зорилго болгохгүй байна. Гэхдээ суралцах зүйл их байна. Ер нь уламжлал, шинэчлэл хоёр хосолж л явах ёстой юм шүү дээ. Ингэж байж нийгмийн хөгжил үр дүнтэй байдаг зүй тогтолтой юм билээ. Уламжлалаа дэндүү үгүйсгээд байвал үйл ажиллагаан дээр савлах, алдах асуудал гарна. Би зургаан парламент, Засгийн газарт ажилласан хүн. Эргээд бодоход аль ч Засгийн газар, аль ч парламент бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой. Хоорондоо ялгарах тодорхой ялгаа заагтай. Өмнөх УИХ, Засгийн газруудыг харахад уламжлал, шинэчлэл хоёр их оновчтой хосолж явсан юмуу даа гэж боддог. Тэр дундаа 1990-ээд оны парламентуудад төр засагт олон жил ажилласан дадлага, туршлагатай гишүүд олон байсан. Тэр хэмжээгээрээ асуудалд хандах хандлага, шаардлага их өндөр. Хувь хүмүүсийн чадвар, чадамж ч их өндөр. Өндөр шалгуурыг давж гарч ирдэг үе байсан юм шүү дээ. Ер нь төрд ажиллана гэдэг бол тодорхой хугацаанд бэлтгэгдэж, үе шат дамжин сонгогдон, шалгарч ажилладаг. Энэ систем бол хуучин гэж нэрлэгддэг социалист системийн үед тодорхой байсан. Тэр шалгуурын болзлыг хангасан парламент өндөр хариуцлагатай байсан. Яахав, одоо залуус, шинэ сонгогдсон гишүүд олон байна. Мэдэх танилцах, сурах хугацаа хэрэгтэй байх. Гэхдээ энэ чинь тодорхой хэмжээний босго шалгуур давсан байх учиртай болов уу гэж боддог.

-Цар тахлыг даван гарах чиглэлд өчнөөн л арга хэмжээ авч, өчнөөн хууль баталлаа. Украин-ОХУ хооронд үүсэн дайны нөхцөл байдалтай холбоотойгоор манайд тулгарах, тулгарч магадгүй асуудлаас гарах чиглэлд ч шийдвэрүүд гаргалаа. Гэвч байгаа онохгүй байна хэмээх шүүмжлэлийг учир хүмүүс хэлж байна шүү дээ. Манай нам, манай Засгийн газар гэлгүйгээр та туршлагатай парламентач хүний хувьд тэдгээр бодлого, шийдвэрийг бодитоор дүгнэж хэлэхгүй юү?

-Цаг хугацаа, нөхцөл байдал тодорхой сорилтуудыг бий болгож байдаг. Жишээ нь, цар тахлын үе, улс хоорондын хямралтай нөхцөл байдал ч бий боллоо. Үүнээс авч байгаа хамгийн том сургамж нь улс орон өөрөө өөрийгөө аваад явдаг чадавхтай болох хэрэгтэй гэдгийг маш тодорхой ойлгуулж байна. Хүнсээр, гол нэр төрлийн стратегийн бараа бүтээгдэхүүнээр өөрийгөө хангадаг байх хэрэгтэй. Эхний ээлжинд хүнсээр өөрийгөө хангадаг болох хэрэгтэй. Ийм боломж байна уу гэвэл байна. Бидэнд 1.500 км кв нутаг дэвсгэр байна. Асар их боломж, байгалийн баялаг байна. 70 гаруй сая мал байна. Энэ бүхнийгээ эдийн засгийн эргэлтэд оновчтой зөв оруулбал гурван сая монголчууд сайхан амьдрах боломж байгаа. Нөгөө талаар бүх бодлого, зохицуулалт үйл ажиллагааг гол стратегийн зорилтууддаа төвлөрүүлж хүчээ оновчтой зөв хуваарилж ажиллах хэрэгтэй. Тиймээс гол асуудлынхаа цөмийг нь зөв тодорхойлж түүн дээрээ ач холбогдол, анхаарал өгч хөрөнгөө төвлөрүүлснийхээ дараа бусад үйл ажиллагаагаа түүнтэйгээ уялдуулмаар байна. Тал тал тийшээ самгардаж, юм юм руу үсчээд барьж тавиад байвал бодитой үр дүн гарахгүй. Бид яах гэж мал маллаж байгаа юм. Тоо толгой нь өссөнөөр баялаг арвижихгүй. Хамгийн гол нь эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээж ашиг орлого өгч байж баялаг болно. Энэ баялгийг үр дүнтэй байлгах талаас бүх бодлогыг явуулах ёстой. Бэлчээрийн даацгүй, өвс ургамал нь ховордчихлоо. Цаашид малыг маллаж явах боломж хүндэрч байна. Тиймээс энэ үед зөв оновчтой бодлого явуулах ёстой.

-Тэр бодлого юу юм бэ. Эрчимжсэн мал аж ахуй руу нэн яаралтай шилжих шаардлагын талаар та хэлж байна уу?

-Монгол Улс жилдээ 23, 24 сая төл бойжуулж байна. Жилд адаглаад 20 гаруй сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Бэлчээрийн даац, үр ашгаа бодвол 70 сая малаа бид оновчтой тоо хэмжээнд хүртэл нь зохицуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, малынхаа тоог цөөлөх хэрэгтэй. Эрчимжсэн мал ахуй руу илүүтэй хандах хэрэгтэй. Бусад улс орны жишээ ч ийм л байна. Шинэ Зеланд 60 сая хоньтой гэж саяхан яригддаг байсан. Одоо 30 сая болсон байна. 30 сая хониноос авч байгаа эдийн засгийн үр ашиг нь 60 сая хоньтой байсан үеийнхээс илүү байна. Тэгэхээр олон талын давхар хожоо гарч байгаа биз дээ. Ийм л оновчтой зөв бодлого явуулах хэрэгтэй. Харамсалтай нь ингэж чадахгүй байна. Малаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулна гэвэл наанадаж малаа эрүүлжүүлэх ёстой. Гэтэл сүүлийн хоёр жилийн дотор манайд шүлхий, цэцэг, боом зэрэг олон төрлийн халдварт өвчин тархчихлаа. Үүнээс болж мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болох мах, арьс шир, ноос ноолуурыг экспортод гаргахад асуудалтай болчихлоо. Саяхан урд хөрш Монголоос мал аж ахуйн бүтээгдэхүүн авах нь эдийн засгийн эрсдэлтэй гэсэн хүнд шийдвэр гаргалаа. Энэ бол бид гол асуудлаа барьж авч оновчтой зөв зохион байгуулалт хийж чадахгүй байгаагийн илрэл. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй мэдээллээс улс орнууд дүгнэлт хийж шийдвэрээ гаргадаг. Монголын зүүн бүс дэх 2000 малтай фермерээс 200-гаад мал өвдсөн байна гэдэг мэдээнд үндэслэж улс орны хэмжээний асуудлыг шийдчихэж байна. Зүүн бүс нутагт 10 гаруй сая мал байгаа. Бодлогоо зөв тодорхойлох нөхцөл байдлаа зөв үнэлж үйл ажиллагаагаа зөв зохион байгуулахгүйгээр асуудалд хавтгайруулж хандаад байвал ийм л хүнд байдал бий болно. Зөвхөн мах ч биш арьс, шир, бүр ноос ноолуурыг халдварт өвчингүй гэсэн баталгаа авах хүртэл экспортод гаргахад асуудалтай болж байна. Энэ бол маш их боломжийг бид ашиглаж чадахгүй байна гэсэн үг.

-Үе үеийн сайдууд нэмүү өртөг шингээх, экспортолдог болох хэрэгтэй гэж ярьдаг ч ажил хэрэг болгож чаддаггүй шүү дээ. Өнөөдөр бүх аймагт шүлхий гарчихсан. Малын халдварт өвчний эсрэг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж та харж байна?

-Малын халдварт өвчнийг гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эмчилгээ, вакцин, урьдчилан сэргийлэх ажлаа графикийн дагуу, шинжлэх ухааны үндэстэй хийх ёстой. Ингэж байж л малаа эрүүлжүүлж авна. 2019, 2020 онд шүлхий өвчин гараагүй. Энэ бол вакцин, тарилга туулгалтыг цаг хугацаанд нь графикийн дагуу малаа эрүүлжүүлсэнтэй холбоотой. Гэтэл энэ байдал алдагдаж, малын хөдөлгөөн замбараагүй болсноос үүдэж гоц халдварт өвчин тархаж байна. Бид нутаг дэвсгэрээ гурван бүсэд хуваадаг. Баруун бүс шүлхийнээс ангид эрүүл бүс. Тэр бүү хэл вакцин хийдэггүй бүс болгохоор Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай тохирч, баталгаажуулах үнэлгээний ажил эхэлчихээд явж байсан юм шүү дээ. Харин төвийн бүс бол гуперний зоон. Зүүн бүс голомттой, эрсдэлтэй учраас вакцинжуулсан эрүүл бүс болгох бодлогыг тодорхойлж Малын эрүүл мэндийн тухай хууль, Генетик нөөцийн хуулийг баталсан. Хуулийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн сайн зохион байгуулбал малын өвчин гаргахгүй байх бололцоотой. Энэхүү ажил амьдрал дээр бодитой зохион байгуулагдахгүй, урсгал байдлаар явж зах замбараагаа алдсаны илрэл.

Уругвайд үнээ тугалласан мэдээ өгөхөд төрийн захиргааны албан хаагч болон бүртгэлийн ажилтан, мал эмнэлгийн ажилтан гэсэн гурван хүн очдог. Үүний учир нь мал эмнэлгийн ажилтан үзээд эрүүл байна гэсэн тэмдгийг зүүх, бүртгэлийн хүн нь бүртгэлийн системд оруулах, төрийн хүн нь тэдгээр ажил хууль дүрмийн дагуу хийхийг хариуцдаг. Ингэснээр тухайн бүртгэгдсэн тугал хяналтад орж хаана бэлчээрлэсэн, хэдий хугацаанд ямар эм тариа, туулга, вакцин хийлгэсэн гэдэг нь бүгд ил тод болдог. Эцэст нь бүтээгдэхүүн болж дэлгүүрийн лангуун дээр хүргэгдэхэд эрүүл мэндийн тодорхойлолт нь хамт очдог. Бүтээгдэхүүний баар кодыг уншуулахад хаана бэлчээрлэж байсан, ямар тарилга, туулга хийлгэсэн гэдгийг мэдэж болдог. Ийм л үйл ажиллагааны цогц системийг бий болгох хэрэгтэй.

-Манайх хөдөө аж ахуйн улс хэрнээ хөдөө аж ахуйн салбар хөгжөөгүй, улсын эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамааралтай байна шүү дээ...

-Амьдрал дээр шийдэх ёстой асуудал олон байдаг шүү дээ. Хөрөнгө мөнгөний дутагдал, зах зээлд шилжсэн, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал бий болсон тэр үед богино хугацаанд амьдралыг залгуулахад байгалийн баялгаа тодорхой хугацаанд оновчтой зөв ашиглах асуудал үүссэн. Гэхдээ уул уурхай гээд бусад салбараа орхичихсон. Ингээд эдийн засгийн бодлого доголдсон хэрэг. Тиймээс үүнийгээ засах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилийн алдааг засъя гэж байгаа бол нэгдүгээрт, эдийн засгийн бодлого тодорхойлох институциэ ном дүрмээр нь бусад улс орны жишгээр ажиллуул. Урд хөршийн эдийн засгийн хөгжлийн хороо яаж ажиллаж байгааг хар. Хойд хөршийн Эдийн засгийн яам яаж ажиллаж байна. Бусад улс орнуудын бодлогоо тодорхойлж түүнийг хэрэгжүүлж байгаа байдлыг хар.

Эдийн засаг хөгжлийн яамтай болох гэж бид 1990 оноос олон удаагийн оролдлого хийсэн юм ш дээ. 1990, 1991 онд төлөвлөгөө, төрийн өмч, төрийн хяналт гурвыг үгүй хийчихвэл зах зээлд шилжинэ, эдийн засаг хурдан сэргэнэ гэж байх үедээ л бид төөрөлдөж явсан. Маш богино хугацаанд төр үүнийг ойлгосон. Төлөвлөгөөтэй, зохицуулалттай байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. 1991 оны зургадугаар сард Ерөнхийлөгч асан П.Очирбат зарлиг гаргаж төлөвлөгөө зохицуулалтыг бий болгох асуудлыг шийдсэн байдаг. 1992 онд Үндсэн хууль шинэчлэгдэж батлагдахад Монгол Улсад төрийн зохицуулалттай зах зээлийг бий болгоно гэж бичсэн. Өөрөөр хэлбэл, бид хоёрхон жилийн дотор үүнийг ухаарсан. Харин засах үйл ажиллагаа нь удааширч 30 жил болж байна. 1992-1996 онд П.Жасрай гуайн Засгийн газар ажилласан. Тэр үед Үндсэн хуулийн шинэ бодлого төрийн зохицуулалттай зах зээлийг бий болгох чиглэлд томоохон алхам хийсэн. Эдийн засагт ч нааштай үр дүн гарсан. 10 жилээр унасан эдийн засгийг дөрөвхөн жилийн дотор уналтыг зогсоож, эдийн засгийн өсөлтийг бий болгосон. Гэтэл 1996 оны сонгуулиар төр өөрчлөгдөж эргээд зах зээл, бүх юм задарсан. Ингээд 2000 онд сонгуулийн дараа Засгийн газар шинээр байгуулагдаж Эдийн засгийн яамтай болох гээд чадаагүй. Арга ядаж Санхүү, эдийн засгийн яам гэж байгуулсан. 2004 онд үүнийгээ буцаагаад байхгүй болгосон. Эдийн засаг, шинэтгэл хөгжлийн хороо гэж жижигхэн агентлаг байгуулсан. Тэр агентлаг яамдын үйл ажиллагааг уялдуулж, бодлогоор зохицуулж чадахгүй нь ойлгомжтой байсан. 2008 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар Эдийн засаг, хөгжлийн яамтай болох нь зөв гээд 2012 онд байгуулсан. Эдийн засаг, хөгжлийн яамаа зөв ажиллуулж чадаагүйгээс болж 2016 онд хэрэггүй юм байна гээд буцаад татан буулгачихсан. Одоо дахин байгуулах гэж байна. Бидний бодлого ингээд төвлөрч өгөхгүй байна.

Урт хугацааны хөгжлийн бодлого 2050 гээд яриад байна. 1996 онд УИХ Монгол Улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг баталж байсан. Сонгуулиар улс төрийн хүчин солигдож тэрийгээ дүгнээгүй хаясан.1996 онд Үндэсний хөгжлийн үзэл баримтлал гэж гарсан. 2008 онд эдийн засгийн цогц бодлого, Монгол Улсыг 30 жил хөгжүүлэх урт хугацааны бодлогыг баталсан. Бодлогоо хэрэгжүүлэхгүй хаячихдгаас болж энэ бүхэн ажил хэрэг болохгүй байна.

-Таны сууж байсан парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо дахин өөрчлөх асуудал яригдаж байна. Энэ удаа өөрчлөлт оруулахдаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой юу?

-Сонгуулийнхаа тогтолцоог оновчтой зөв болгох хэрэгтэй байгаа юм. 2012 оноос хойш парламентад их тодорхой саналуудыг хэлж байсан. Бид 90 оноос хойш сонгуулийн системүүдийг бүгдийг нь туршиж үзсэн. Гэхдээ сонгууль бүрийн дараа системээ өөрчилдөг. Манайд таарсан систем аль нь вэ гэдэгт өнөөдрийг хүртэл тогтож чадаагүй. Энэ бол улс төрийн хүчин байнга солигддогоос үүдэлтэй. Шинэ улс төрийн хүчин гарч ирээд бид яавал дараагийн сонгуульд ялалт байгуулах вэ гэдэг бодлогоо тодорхойлж түүндээ тааруулсан хууль хийдэг. Сонгуулийн дараахь үр дүнгээр дахиад нөгөөхөө өөрчилдөг. Тиймээс бид нэг тодорхой тогтолцоогоо олж тогтоох хэрэгтэй байгаа юм. Сонгуулийн систем бүрт өөрийн давуу, сул тал бий. Ялангуяа Үндсэн хуульд заасан байгаа мажоритар систем бол манайх шиг жижиг орны хувьд хөндлөнгийн нөлөөнд амархан автдаг. Өөрөөр хэлбэл, санхүү, хөрөнгө мөнгөний нөлөөнд амархан автдаг. Энэ нь улс орны хөгжилд дандаа сөрөг үр дагавар бий болдог. Нэгдсэн том бодлого гаргаад хөрөнгө хүч, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлдэггүй, дандаа жижиг тойрог руу жалга довны бодлого руу татагдаж ордог эрсдэлтэй.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний туршаагүй нэг систем нь хувь тэнцүүлсэн систем. Монгол Улс олон мандаттай нэг л тойрог байх системийг нэвтрүүлбэл улсын хэмжээний бодлого тодорхойлогдож хэрэгжихэд их түлхэц болно. Энэ системийг бид 2012 оноос хойш нэлээн ярьж, сонгуулийн хууль хэлэлцэгдэх бүрт дэмжигдэхгүй үлдсэн. Харин одоогийн парламентад сууж байгаа зарим хүчнүүд үүнийг нэлээн яриад эхэлж байна. Зөв. Энэ систем олон давуу талтай. Нэгдүгээрт, ард түмэн төрийнхөө түшээг өөрсдөө сонгоно. Нэг нам улсын хэмжээнд 76 хүнийг нэр дэвшүүлнэ. Сонгогчид нэг л хүнийг сонгоно. Авсан саналынх нь дагуу жагсаана. Нам, дарга нар өөртөө тааруулж эрэмбэлж байна гэдэг шүүмжлэл байдаг. Тэгвэл энэ системээр иргэдээс авсан саналаар жагсана. Авсан саналтай нь уялдуулж суудлаа хуваарилна. Энэ систем бол хөрөнгө мөнгөнөөс харьцангуй хамааралгүй, улсын хэмжээнд санал худалдаж авах боломжгүй.

-Гишүүдийн тоог нэмэх болон давхар дээлний асуудалд та ямар байр суурьтай байна?

-Гишүүдийн тоог нэмэх шаардлага байхгүй гэж бодож байна. Давхар дээлийг тодорхой хэмжээнд байлгах нь зөв. Одоогийн дөрвөн гишүүн давхар дээлтэй байна гэдгийг боломжийн гэж боддог. П.Жасрай гуайн Засгийн газрын үед ийм л байсан, болдог л юм. Тодорхой хэмжээнд давхар дээлтэй байх нь үндсэн чиг үүргийн яамдын хувьд Засгийн газар, хууль тогтоох байгууллагын ажлын уялдаа зохицуулалтыг оновчтой зөв хийх чиглэлд үр дүнтэй гэж боддог.

-Хил гааль, дайны нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Дөрөвхөн сарын хугацаанд хоёр ч удаа төсвөө тодотголоо. Гэхдээ зарлагаа бууруулж чадсангүй, тийм үү?

-Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Гэхдээ урьд өмнө нь байгаагүй дааж давшгүй хүнд байна гэж хэлэхгүй. Үеийн үед тодорхой хэмжээний сорилт тулгарч л байсан. Даваад л гардаг. Давах л хэрэгтэй. Зөв бодлого, зөв зохицуулалтаар давна шүү дээ. Нэгдсэн удирдлага, зохицуулалт, сахилга их суларчээ гэж бодож байна. Эдийн засаг тэлсэн нь үнэн. Тэр хэмжээгээр орлого зарлага нэмэгдсэн. 1996, 1992, 2006 онтой харьцуулахад дөрөв, тав дахин өссөн гэж хэлэх байх. Гэхдээ зардал ямар байна. Олсны хэрээрээ үрээд байвал хэзээ ч юм болохгүй. Тиймээс үүн дээр оновчтой зөв бодлого зохицуулалт хэрэгтэй. Хэмнэе гэсэн зүйлээ хэмнэж чаддаг. Больё гэсэн зүйлээ больчихдог байх хэрэгтэй. Хамгийн наад зах нь хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг авч үзээд хөрөнгө оруулалтаа оновчтой болгож цөөлөх хэрэгтэй. Энд тэндгүй дуусаагүй барилга байгууламж эхлүүлээд орхиод байх нь эдийн засагт маш том ачаалал болж байна.

Орлого их олсноороо баяждаггүй. Зарлагаа зөв хийснээр баяждаг гэсэн орос ардын үг бий. Олсон орлогынхоо хэмжээнд оновчтой зөв зарлагаа гаргах хэрэгтэй. Зарлагадаа хөтлөгдсөн төсөв, эдийн засагтай болчихсон байна.

Хоёр удаа тодотгол хийлээ. Олон удаа төсөвт тодотгол хийнэ гэдэг бол сайн юм биш. Арга ядсан хэрэг. Гэхдээ төсөв эдийн засаг амьдрал дээр бодитой байх хэрэгтэй. Хааш нь ч хөдөлгөж болдоггүй бул хар чулуу байж болохгүй. Тиймээс нэгдүгээрт, амьдралд нийцсэн бодитой байх хэрэгтэй. Хоёрдугаарт, бүтээлч, үр дүнтэй байх ёстой. Энэ зарчмуудыг харж үзээд зайлшгүй шаардлага гарвал тодотголгүй яахав. Гэхдээ тодотголоор асуудал шийдэх ёстой. Тэгэхгүй бол төсвийн тодотгол гарсан зардлыг зөвтгөх хэлбэр болж хувирдаг.

-Энэ удаагийн тодотгол ийм л болчихлоо шүү дээ?

-Муу төсөв гаргасан үргүй зардлыг зөвтгөх арга механизм болж хувирдаг. Төсвийн бодлогын мөн чанар алдагдаж байна гэсэн үг. Энэ удаагийн төсвийг нэлээн дуулиантай ярьцгаалаа. Оновчтой зөв шийдэл хаана байна гээд үзэхээр цөөхөн л байх шиг байна. Магадгүй салбарын, мэргэжлийн яамдынхаа чадавхыг бүрэн дүүрэн ашиглаж бодлогоо тодорхойлж чадахгүй байна уу, нэгдсэн уялдаа зохицуулалт нь дутагдаж байна уу, гаргаж байгаа бодлого тэр дороо л шүүмжлэлд өртөж байна шүү дээ. Ний нуугүй л ярихад, ХНХ-ын яам нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг буцааж олгоё гэдэг бодлогыг гаргаагүй гэж би бодож байгаа. Үүн дээр манай яам ийм бодлого боловсруулж оруулаагүй. Хэлэлцүүлгийн явцад гараад ирсэн. Илүү оновчтой арга замууд байсан, түүнийг олж харсангүй гэж хувьдаа бодож байна. 50 хувийг нь буцаагаад олгоно гээд сайхан амлачихсан. Яг олгох гэсэн хөрөнгө мөнгө нь хүрээгүй. Тиймээс нэг сая төгрөгөөс бага орлоготой гээд хязгаарласан. Тэр нь эргээд шүүмжлэлд өртсөн. Ингээд үр дүн нь тодорхойгүй асуудал болж хувирлаа. Ул суурьтай, үндэстэй, холыг харж бодсон бол, хэрвээ хөнгөлөхөөр байсан бол ажил орлогчдоо хөнгөлчих байсан юм биш үү.

Тэгвэл ажил олгогчид ажлын байр шинээр бий болгох, үйл ажиллагаагаа өргөтгөх чиглэлд энэ хөрөнгө дэм болохоос гадна эргээд нийгмийн даатгалынхаа төвлөрөлтөд үр дүнгээ өгөх байсан юм биш үү гэсэн бодол төрж байна. Энэ бол бодлогыг оновчтой зөв тодорхойлж гаргаж ирэх чиглэлд учир дутагдалтай хандаж байна. Цаг хугацаанд шахагдаад хөнгөн хуумгай, яаруу дааруу хандаад байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Сангийн сайд, Ерөнхий сайд өөрийнхөө тойрогт их мөнгө тавьж гэнэ гэдэг нь маш том гажуудал. Хөрөнгө мөнгийг хуваарилахдаа улс орны эрх ашгийн үүднээс асуудлаа эрэмбэлж тэрэнд гол хөрөнгөө зарах ёстой.

Гэтэл гишүүдийнхээ ая талыг бодож, тал засаж тойрогт зориулж хөрөнгө хуваарилах нь буруу. Эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл тэмцэх гээд байгаа авлига, хээл хахууль нэг болж хувирч байгаа юм биш үү.

 

Р.Хишигжаргал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)