Эх орондоо хүнсний хувьсгал хийж, эрүүл Монголыг цогцлоох эрхэм үйлсийн төлөө хамтдаа зүтгэцгээхийг уриаллаа

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. 

 Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ хийх томоохон зорилт дэвшүүлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэх санал дэвшүүлсэн нь гадаад, дотоод байдлын нэн чухал асуудал гэдгийг онцлон тэмдэглэв. 

    Сүүлийн гурван жил үргэлжилсэн цар тахал, олон улсын хурцадмал байдал, Орос, Укрианы нөхцөл байдлаас шалтгаалж дэлхий даяар хүнсний хомсдолд орох эрсдэл үүсэж, хүсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болсон энэ цаг үед хаврын тариалалт өрнөж байна. Тиймээс нэгэнт бэлэн байгаа боломжоо ашиглаж, хүч хөдөлмөрөө нэгтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилга, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 1.5.11, Монгол Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3-т гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, импортыг орлох болон экспортыг дэмжих талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, эрүүл органик хүнс экспортлогч улс болох зорилгын төлөө монгол хүн бүр аж ахуйн нэгж, байгууллага болон ялангуяа УИХ, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагууд хичээн чармайн ажиллахыг уриаллаа. 

    Мөн тэрбээр гадаад, дотоод цаг үеийн шаардлагад нийцсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эх оронч санаачилгыг дэмжихийн тулд таван чиглэлээр үүрэг өгч байгаагаа мэдэгдэв. 

1.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ чиглэлээр санаачилсан хууль тогтоомжийн төслийг дараалал харгалзахгүй, шуурхай шийдвэрлэж, үр дүнтэй хэрэгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх, нэн яаралтай горимоор Улсын Их Хурлын тогтоол болон холбогдох бусад хуулиудыг хэлэлцэн батлах шаардлагатай байна. 

2.Ерөнхийлөгчийн санаачилсан тогтолцооны 5 шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн орчны давхардлыг арилган, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг ойрын үед боловсруулан батлуулах, мөн энэхүү Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай эцэслэн боловсруулж, ирэх 7 хоногт хэлэлцэн батлуулахад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хамтран ажиллах чиглэлийг өгч байна.

3.Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль тогтоомжийг боловсруулан хэлэлцүүлэх арга хэмжээг шуурхай авч, санаачилгатай ажиллахыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд даалгаж байна.

4.Хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, оновчтой бүтэц тогтолцоо бүрдүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарын мэргэжилтэй хүний нөөцийг бүрдүүлэх, санхүү даатгалын оновчтой тогтолцоо бүрдүүлэх зэрэг асуудлыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авч, Засгийн газар, холбогдох яамдтай хүчээ нэгтгэж, асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй.

5.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин өрнүүлэх, шаардлагатай бодлого, шийдвэр гаргаж, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй Улсын Их Хурлын Ажлын хэсэг, шаардлагатай бол Түр хороо байгуулан ажиллуулах боломжтой гэж үзэж байна хэмээв.

УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд эх орондоо хүнсний хувьсгал хийж, эрчимт хөгжил, эрүүл Монголыг цогцлоох эрхэм үйлсийн төлөө хүчээ нэгтгэж,  хамтдаа зүтгэцгээхийг уриаллаа.

 Хуралдаан Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.

   Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан тул төслийн хэлэлцүүлэг гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Д.Ганбат, М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Ч.Ундрам, Б.Баярсайхан нарын асуултад Засгийн газрын гишүүд хариулснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)