Хөгжлийн банкны асуудлаар 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан гэв

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан болсон.

Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир мэдээлэл танилцууллаа.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын 6, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байна. Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд 4, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Хөгжлийн банкны 8 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 6 албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас Хөгжлийн банканд учруулсан нийт хохирлоос 201 тэрбум 287 сая орчим төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураан авах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч, 63 иргэний нийт 682 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 765 ширхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкнууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. Түүнчлэн 25 аж ахуйн нэгжийн хувьцаа арилжаалах эрхийг хязгаарлах арга хэмжээг авсан” гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Гоо (192.82.76.47)

    2022-05-18

    Хурдан хариуцлага тооцож ард түмэнд мэдэжл. Ялангуяа Баттулгын бурууг олж тогтоо