Х.Баттулга явж, Ц.Элбэгдорж ирэх үү?

Нэг АН-ынхан нь даргаараа Х.Баттулгыг бүртгүүлэх гэж өнгөрсөн өдрүүдэд Дээд шүүхийг нэлээд шахлаа. Чухамдаа улс төрийн шахалт гэвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хэдэн өдөр Дээд шүүх рүү хандсан АН-ынхны үйлдлийг л хэлэх биз ээ. Гэвч АН-ынхан тэгтлээ шахсан ч Дээд шүүх гүрийхийг үзүүлэв. Тэгж тэгж долоо хоногийн сүүлийн өдөр Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ татлаа. Өөрсдөө, өрөөл бусдын зүгээс янз бүрийн л тайлбар хэлж байна.

Гэхдээ нэг магадлал өндөртэй мэдээлэл “тэнэж” явааг дуулгая. Х.Баттулга цаашид АН-ыг тойрч улс төр хийхээ больж буй бололтой. Тэрбээр Тусгаар тогтнолын төлөөх нам байгуулахаар болжээ. Одоогоос бараг хоёр сарын өмнө ийм мэдээлэл бас яригдаж л байсан. Энэ удаад гарч буй мэдээллээр Х.Баттулгатай хамт Ж.Батзандан, Г.Уянга, С.Ганбаатар нар тэр шинэ намд нь хүчин зүтгэхээр болсон гэж байна.

Тэгвэл нөгөө АН нь ротацийн сонгууль зарлачихаад байна. ҮБХ-ны гишүүдээ шинэчилнэ. Энэ сарын 29-нд ротацийн сонгууль нь болох юм байна. Тэгэхээр ирэх өдрүүдэд АН-ын ҮБХ-ны гишүүнд горилогчид “тойрог”-ууддаа ажиллана. Ийнхүү ротацийн сонгууль зарласан нам нь “Эрдэнийн АН” гэдэг нь юм. Энэ сонгуульд АН-ын хуучин ҮБХ-ны гишүүдийн 80 орчим хувь нь бүртгүүлсэн гэх мэдээлэл бий. Ямартай ч энэ намын хууччуул, 1970-аад оныхон, 1980-аад оныхны гол төлөөлөл болсон гишүүд нэр дэвшиж бүртгүүлсэн. Тэгэхээр “...АН-ын хүчний төвлөрөл ийшээ ханарлаа” гэсэн дүгнэлтийг тал бүрээс хийж эхэллээ.

Мөн энэ АН-ын ротацийн сонгуульд Ц.Элбэгдорж бүртгүүлсэн. Тэрбээр ингэж орж ирсэн нь нэлээд анхаарал татаж байгаа юм. ҮБХ-ны гишүүн болохоор бүртгүүлэхдээ л “хэл ам” татлаад эхэлжээ. “...2024 онд Ховдоо бараадна” гэсэнд нь Б.Пүрэвдоржоос эхлээд бухимдаад сүйд болж байна гэх яриа улс төрийн хүрээнд тарсан байна. Гол нь Ц.Элбэгдоржийг “...АН-ын дарга болох гэж байна” гэсэн яриа хөөрөө нэвт явж байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж АН-д ирж, Х.Баттулга АН-аас явж магадгүй нь гэсэн үг.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.126.89.124)

    2022-05-23

    Элбэгдорж Баттулгаасаа хамаагуй илуу дээ

  • зочин (202.9.47.53)

    2022-05-23

    Элжигдоржийг АН-ын дарга болвол би АН-ын гишүүнчлэлээс шууд татгалзана. ГҮЙЦЭЭ.