Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд төр бүх талын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд болсон ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, баялаг бүтээгчдэд хандаж үг хэллээ.
Ерөнхий сайд,
-Бид цар тахлын бас дайны үед ажиллаж амьдарч байна. Эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний эргэлт 10 дахин удааширч, инфляци 15 хувьд хүрсэн нэн амаргүй түүхэн сорилтыг хамтын хүчээр даван туулж байна. Энэ амаргүй цаг үед Засгийн газарт дэм болж ажлын байраа хадгалж, татвараа цаг хугацаанд нь төлж, шилдэг аж ахуйн нэгжийнхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжүүд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.

Хүнд өдрүүд шинэ боломжийг бий болгодог. Хүнд сорилт бас ухаарал, эв нэгдлийг өгч, суурь том реформын нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлдэг.
Монгол Улс Ардын хувьсгалын 100-аас 101 дэх жилд шилжиж хугацаанд, Ардчилсан хувьсгал ялж шинэ Үндсэн хууль батлагдсан 30 жилээс 31 дэх жилд шилжиж буй цагт цар тахал, дэлхийн геополитикийн томоохон өөрчлөлт давхцаж байгаа нь Та биднээс томоохон реформыг шаардаж байна гэсэн үг.
Тиймээс хамтдаа өөдрөг байж шинэ зуун, шинэ 30 жилийг хамтдаа эхлүүлье.
Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн үзэл санаа ч, энэхүү баримт бичгийг хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх Монгол Улсад хөгжлийг сааруулж буй хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг өөрчилж, эдийн засгийн суурийг тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” ч бүхэлдээ энэхүү суурь шинэчлэлийн төлөө байх болно. 
Миний олон удаа хэлж байгаачлан, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм. Төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэж хэллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)