Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэмэв

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.  

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хөгжлийн банкны асуудлаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол баталсан билээ.

Улмаар уг тогтоолоор баталсан хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлснийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулсан тогтоолын төслийн тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явууллаа хэмээн танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал илэрхийлээгүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа. Уг тогтоолоор Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэмсэн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)