Б.Гүнбилэг: Мөнгөний сонгууль байсаар байвал аль ч тогтолцоо нь хэрэгжихгүй

- Пропорциональ болгоод намдаа, намын даргадаа их мөнгө өгсөн нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэсэн үг -


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх эсэх талаар улс даяараа хэлэлцэж байна. Та хуульч хүний хувьд уг өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Хуульчийн хувьд бол нийгмийн уур амьсгалыг, иргэдийн оролцоог ажиглаж байна. Сэтгэлийн хөдлөлөөр энэ нь их зөв, энэ нь буруу гэж мэтгэхгүй. Аль аль сонголтууд сайнтай, муутай. Чухам түүнийг ямар байдлаар хэрэгжүүлдэг вэ гэдэгт л асуудал байгааг хууль тогтоогчид ойлгоосой.

-Өөрчлөлт хийхээр бол яг ямар заалтуудыг анхаарах ёстой гэж харж байна вэ?

-Үндсэн хууль гэхээсээ манайх дийлэнх олонхоор баталдаг органик хуультай болоосой гэж хүсч байна. Одоо бол манайх Үндсэн хууль, ердийн хууль гэсэн хоёр хуультай болчихоод байна. Уг чанартаа Үндсэн хууль, органик хууль, ердийн хууль гэж гурав ялгаж өгвөл бүх зүйлийг Үндсэн хууль руу хийх гээд зүтгэх шаардлагагүй болох юм. Жишээ нь, сонгуулийн тогтолцооны асуудлыг органик хуулиар зохицуулж болно. Манайх органик хуультай гэх мөртлөө батлах процесс нь ердийн хуулиас ялгаагүй байдаг.

-Угтаа 2019 онд МАН олонхоороо Үндсэн хуулийг өөрчилсөн. Тухайн үед УИХ-ын дарга болон МАН-ынхан бүгд маш сайн өөрчлөлтийг хийсэн, дахиж гар хүрэхгүй гэж ярьж байсан шүү дээ. Яагаад дахиад гар хүрэх гээд байгаа талаар та хуульч хүнийхээ хувьд ямар байдлаар харж байна вэ?

-Тухайн үед ярьж байгаад нийгмийн дэмжлэг, эсхүл улс төрийн тохироо нь бүрдээгүй үлдсэн зүйлс бий байх. Яг яагаад өөрчлөх гээд байгааг улстөрчид, шийдвэр гаргагчид мөн чанарыг нь хэлэх байх. Зүгээр шударга ёс тогтооё, цаашид улс орноо гоё болгох гарц гэх мэт үгс бол бидний сонсож дадсан зүйлс шүү дээ. Аливаа нийгмийн өөрчлөлт, тэр дундаа Үндсэн хуулийн шинэтгэл бол эдийн засаг, улс төр, оюун санаа, социаль хүрээний өөрчлөлтийг шаарддаг. Хуульчид гэхээсээ энэ хүрээний хүмүүсийн оролцоог хангаж, судлах, үгийг нь сонсох ёстой юм. Хуульчид бол энэ хүмүүсийн хэлсэн, олонхоор хүлээн зөвшөөрсөн саналыг хууль зүйн техник ашиглан бичдэг хүмүүс юм. Манайд Үндсэн хуулийн өөрчлөлт ярихаар улстөрчид, хуульчид л юм яриад байдаг. Эдийн засагчид, социологи, философи, антропологи, нийгмийн сэтгэл зүйчид гээд бусад мэргэжлийнхэн хаачив гээд ихэд гайхах юм. Сэтгүүлчид ч тэр хүмүүсийн хойноос гүймээр байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярихаар улстөрчид, хуульчдаас бусад мэргэжлийнхний оролцоог хангах ёстой.

-Үндсэн хуулийг өөрчлөх, сонгуулийн тогтолцоог холимог болгож олон намын төлөөллийг парламентад оруулахаар ярьж байна. Та үүнийг дэмжих үү. Манай улсад ямар сонгуулийн тогтолцоо нь илүү оновчтой юм бэ?

-Сонгуулийн аль аль тогтолцоо өөрөө сайнтай, муутай. Нийгэм юу хүснэ, тэрнийг хуульчид бичиж таарах байх. Миний хувьд хуулиа хэрэгжүүлдэг, үгүй ядаж сонгуулийн үеэр санал худалдан авдаг, мөнгө хуулиар халхавчилж тараадаг, архидуулдаг энэ байдлыг хуулийн байгууллага яс тогтоож, хорьж чаддаг бол аль ч тогтолцоо хэрэгжээд явна гэж бодож байна. Даанч сонгуулиар бие даагч нэртэй олон хүн дэвшиж, хэн нэгэн мөнгөтэй хүнд үйлчилж, олон ухуулагч авдаг. Бас сонгуулийн өмнөх жил, мөнгө эд зүйл тараадаг хүмүүс сонгогддог, намууд үүнийг нь хүлээн зөвшөөрдөг. Нэг үгээр бол мөнгөний сонгууль байсаар байвал аль ч тогтолцоо нь хэрэгжихгүй шүү. Пропорциональ болгоод намдаа, намын даргадаа их мөнгө өгсөн нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэсэн үг. Тэгж өөрчилбөл хэрэг байх уу. Үр дүн нь адилхан л гэсэн үг. Энэ тохиолдолд хэнд ашигтай вэ гэдэг асуулт мөн гарч ирнэ.

-Сонгууль бүрийн өмнө эрх барьж байгаа нам өөртөө таарсан тогтолцоо, бодлого барин ажилладаг шүү дээ. Ирэх УИХ-ын сонгуулиар одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон бусад тогтолцоо хэвээрээ байсан ч МАН-ынхан дахин олонх болж, ялах магадлал өндөр байгаа гэж улс төр судлаачид ярьж байна. Та энэ байдлыг аль талаас нь харж байна?

-Монгол Ардын нам ялах болов уу. Төрийг бариад явчих, олонх болох өөр нам харагдахгүй байна. Ардчилсан нам учраа олбол арай өөр нөхцөл үүснэ.

-Хоёр танхимтай парламенттай болъё гэж байна. Тэгвэл ардчилсан орны парламентын сонгодог хэв маягаар хөгжинө гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Аль нь ч байж болно. Гэхдээ нэг танхимтай одоогийнхоороо байх нь зөв гэсэн нийгмийн хандлага давуу гэж харж байгаа. Хэрэв хоёр танхимтай болъё гэвэл шинэ Үндсэн хуулийн асуудлыг хөндөх болж байгаа юм. Тиймээс одоо дахин шинэ Үндсэн хуулийн асуудлыг ярилцлах цаг үе биш ээ.

-Б.Чимид гуайн хэлснээр бол Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрэх нь тогтолцооны болоод төрийн бодлого үйл ажиллагаа сулардаг. Эвгүйтвэл улс орон сүйрчихэж болдог гэдэг агуулга хэр зөв бэ. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж ч ярьдаг шүү дээ...

-Цаг хугацаа, гадаад дотоод нөхцөл байдал, эдийн засгийн боломж гээд энэ бүхнийг тооцох ёстой. Үндсэн хуульд бага багаар өөрчлөлт, шинэчлэлт хийхийг багш бол хүлээн зөвшөөрч байсан. Ийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулийг бичиж үлдээсэн.

Харин тэр хууль өнөөдөр юу болов, үндсэн бүтэц нь хэвээрээ юү гэдэг бол тусдаа асуудал.

 

Э.Мөнхтүвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.181.192)

    2022-06-29

    Герман, Австрид парламентын гишүүд нь орон тооны бус байдаг юм. Ийм баян улсууд төрийн албанд мөнгө хэмнэж байхад манай 3 саятай жижиг улсын ард түмэн улс төрчид болж, хахуулиар амьдрах гээд байна. Намынхаа бодлогыг төрийн албанд битгий оруулах гээд бай! Хэмнэлтийн горимд шилжсэн бол цөөн тооны төрийн албан хаагчтай байх ёстой.