“...АН-ын ах нар залуу үеэ нам дардаг”

Наадам хавтгайрч, ковид өсөөд, гадаад ертөнц донсолж, дотоодын улс төр ширүүссэн өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд нэгэн үйл явдал болж өнгөрлөө. Тэр явдлыг “...Живж буй хөлөг онгоцноос юу дайждаг” гэдэгтэй зүйрлэмээргүй байна. Утга нь хөлөг онгоцондоо бус “юу”-ндаа байгаа юм. Юу гэхээр эдийн засагч Б.Дөлгөөн “нүүдэл” хийжээ. Тэрбээр АН-ын гишүүн, ҮБХ-нд нь багтаж явсан залуу л даа. Тэр МАН-д элссэн байна. Энэ талаараа хэвлэлд ярьжээ. 


Б.Дөлгөөнийг эдийн засагч гэдгээр нь олон нийт илүү танина. Тэрбээр олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй. МУИС-ийн харьяа Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, Канадын Виктория хотын Персон коллеж, Америкийн Коннектикат коллеж, Америкийн Харвардын их сургуулийг төгссөн. Хувийн хэвшилд ажиллаж байгаад хоёр жилийн өмнө ҮХГ-ын дэд даргаар томилогдож ажиллажээ.  “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал юм байна. 
Ийм намтар түүхтэй, эдийн засагч Б.Дөлгөөний улс төрийн сонголт анхаарал татсан юм. 


Тэрбээр “...Би шинэ үеийг сонгосон” гэжээ. Түүнийгээ “...Достоевскийн нэг үг байдаг “...Хүний амьдрал бол дэлхийгээс диваажин руу явах биш. Харин дэлхий дээр диваажинг бүтээхэд оршдог” гэж. Би ярихаасаа хийхийг илүүд үздэг хүн. Бодлого боловсруулах нь ажлын тодорхой хувь. Үүнийг боловсруулахад сурсан эрдэм, мэдлэгээ зориулсан. Гэхдээ хэрэгжүүлэх нь ажлын дийлэнх хувь нь. Өмнө нь Монгол Улсын олон бодлого боловсруулж байсан ч хэрэгжүүлж чадалгүй нураасан нь зөндөө. Нураагаад байгаагийн гол нь шалтгаан улс төрийн хүсэл эрмэлзэл байна уу гэдэгт бий. Бодлого нь байгаад хэрэгжүүлэх эрмэлзэл байхгүй бол ярихаас цаашгүй зүйл болох байх. Өнөөдрийн МАН-ын Засгийн газарт эдийн засгийн шинэчлэл хийх хүсэл эрмэлзэл байна. Энэ нь үүлэн чөлөөний нар шиг тохиох түүхэн мөч ч байж магадгүй. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын багт энэ шинэчлэлийг хийх үйл явцад гар бие оролцохоор итгэл шулуудсан. Тийм, би шинэ үеийг сонгосон” гэв. Бас “...Товчхон хэлэхэд сурч мэдсэнээ улсын хөгжлийн төлөө зориулахад МАН боломж нээж өгч байна гэж үзсэн учраас элсэж орсон. Ерөнхийд нь харахад МАН-д 1990 оноос хойш хэд хэдэн үеийн шилжилт хийсэн байна. Энэ бол тухайн нэг үеийг хариуцлагажуулж, улсын ачааг үүрүүлэх боломжийг олгож, энэ хэрээр шинэчлэгдэж, улсын хөгжлийг ахиулах хүрдийг эргүүлж байна. ...Мэргэжлийн хүмүүст МАН боломж олгож байгаа. Үүнийг нэг намын төлөө биш, улсын төлөө хийж байгаа үйлдэл гэж би харж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” ч адил. Үүнийг хэрэгжүүлэх нь улсын төлөө гэхээс гадна хэрэгжүүлэгч гол улс төрийн хүчин нь байж чадна гэсэн итгэл үнэмшилтэйгээр МАН-ыг сонгосон” гэлээ.


Харин АН-ын гишүүн болсон тухайгаа “...Миний найзууд АН-д ч, МАН-д ч байсан. Би Монгол Улс ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай байх ёстой гэсэн бүрэн итгэлтэй хүн. Ардчилсан тогтолцоог хамгаалахын тулд миний хувь нэмэр аль талд нь илүү хэрэгтэй вэ гэж бодож байгаад нэгийг нь сонгосон нь АН байсан” гэжээ.


Түүнчлэн АН-ыг яагаад орхих болсноо “...АН-ын хувьд анх нам, холбоо байгуулж байсан ах нар одоог хүртэл сандал ширээгээ булаацалдаад сууж байгааг харж байна. Яах вэ, эрх мэдэл амар шилждэггүй байх. Гэхдээ залуу үед боломж олгохгүй нам дарах бүх арга хэмжээг авч байна. Үнэхээр харамсалтай. АН-ын ах нарын хувьд одоо тэтгэвэртээ гарч, дараагийн үедээ үүрэг хариуцлагыг нь шилжүүлэх болсон гэдгийг давхар хэлмээр байна” гэв.


 “...АН-ын чадалтай, ирээдүйтэй залуусын нэг” гэгдэж явсан Б.Дөлгөөн ингэж хэлээд намаа орхижээ. Араас нь янз бүрийн л гомдлын үг зүүж байх шиг байна. Гэхдээ хэлсэн нь энэ Б.Дөлгөөн болохоос ийм үг АН-ын залуусын хоолойд тээглэчихээд байгаа гэдэгтэй мөрийцсөн ч болно. Жишээ нь, АН-ын арай зоримог, цэвэр дуугараад байдаг Өмнөговийн намын дэд дарга байсан Б.Энхмөнх гэж залуу бий. Б.Дөлгөөний талаар тэр “...АН-ынханд энэ залуугийн чадвар чансааг ашиглах бүрэн дүүрэн боломж байсан. Гэтэл 2020 онд энэ залуугаас мөнгө нэхсэн. Бүр 100 сая шүү. Яг тэр цаг үед АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтнүүд чадвартай залуусаа мөнгөний босго тавьж заазлахгүйгээр итгэл хүлээлгэх ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Тэгэхээр энэ залуугийн араас гомдлын үг шидэх эрх АН-ын хэнбугайд ч байхгүй” гэсэн байгаа юм. 
Ер нь бол АН өнөөдөр Баабарын хэлдгээр ёроолдоо тултал уначихсан. Харамсалтай. Уг нь Монголын тулгуур хоёр намын нэг шүү дээ. Тэр утгаараа АН ийм болсон нь таатай явдал ерөөс биш. Гэхдээ энэ бүхэн Б.Дөлгөөний хэлснээр ах нартай нь л холбоотой. Ах нар нь алдаагаа засчихвал сайн. Засахгүй бол Б.Дөлгөөний араас олон олон Дөлгөөн “Шинэ үеийг сонгоод” АН-аас мордчихыг үгүйсгэх аргагүй болсон байна. Гэтэл улс төрийн нам гэдэг гишүүд дээрээ тогтдог. Тэр утгаараа АН үнэт зүйлээ алдаад эхэлж байгаа юм.  

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (64.119.22.78)

    2022-08-03

    Хөгшин залуугүй аль ч нам хамгийн ухаантай хүмүүсээ шилж, гаргаж ирэх учиртай.