УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулгангаар долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы (2022.08.29) нэгдсэн хуралдаан 19 цаг 27 минутад гишүүдийн 56.6 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, дэлхий дахинд цар тахал, олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдал, түүнээс үүдсэн эдийн засгийн болон үнийн өсөлтийн шок үргэлжилсээр байгааг тодотгоод Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь монголчууд бидний хувьд амин чухал асуудал болсныг онцлов.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жилийн хугацаанд хатуу хөл хорионоос нээлттэй эдийн засгийн бодлогод амжилттай шилжиж, -5.3 хувийн агшилттай байсан эдийн засгийн уналтыг зогсоож тогтворжуулж чадлаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, экспортын төмөр замын дөрвөн шинэ гарцыг боомтын сэргэлтийн хүрээнд эрчимжүүлж, хил холболтын цэгүүдийг амжилттай тохиролцож чадлаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станцын асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа дурдлаа.

Мөн тэрбээр, дэлхийн геополитикийн давалгаанд тэсч үлдэж, хохирол багатай даван туулж, олон жил гацсан томоохон төслүүдийг цаг алдалгүй урагшлуулахын тулд Ерөнхий сайдын хувьд хуулийн хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгааг танилцуулгадаа тодотгоод “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах үүднээс Засгийн газрын бүрэлдэхүүнд боомтын болон нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах асуудлыг шууд эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх нь зүйтэй гэж үзлээ. Эдийн засаг, хөгжлийн яамыг ерөнхий чиг үүргийн тэргүүлэх яам болгож, хөгжлийн бодлого төлөвлөлт, томоохон төсөл хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангахаар тусгасан гэв.        

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол болон 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050" Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах чиглэлийг функциональ байдлаар эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг шинээр бий болгох зайлшгүй нөхцөл тулгараад байна. Иймд дээрх хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурдав. 

Дээрх хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 85.7 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулгадаа онцоллоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, С.Чинзориг, Д.Өнөрболор, Т.Доржханд, М.Оюунчимэг, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс хуулийн төсөлд сайдуудын тоог нэмэхээр тусгасан нь УИХ-аас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуультай уялдуулсан эсэх, боомтын болон нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах асуудлыг шууд эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг шинээр нэмсэн шалтгааныг илүүтэй лавлаж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариултдаа, яамдын тоог нэмээгүйг тодотгохын зэрэгцээ өмнө нь баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд сайдтай болж байгаа гэв. Мөн  эрхлэх асуудлын хүрээнд яамгүй, Монгол Улсын сайд гурав байгаа. Эдгээр нь ЗГХЭГ-ын даргын статустай адилхан бөгөөд холбогдох үндэсний хороогоороо дамжуулж нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалт хийнэ гэдгийг хариултдаа тодотгов. Өнгөрсөн хугацаанд салбар дундын зохицуулалтад багагүй алдаа гарсан. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг дагаад түгжрэл үүсэх нь тодорхой байсныг Засгийн газрын тэргүүн хариултдаа онцлоод нийслэл хот, хилийн боомт зэрэг энэ тэргүүний асуудлаа бүтцээрээ хариуцан шийдвэрлэх шаардлагатай. Ерөнхийгөөс тодорхой руу орох цаг болсон  гэж байлаа.

Ингээд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу  85.7 хувь нь дэмжив. Иймд хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу тус Байнгын хороо 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг дурдаад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д Тогтохсүрэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дагаж мөрдөх хугацаатай холбоотой болон төслийн нэр томьёо, дугаарлалт жигдлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хууль, тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй долоон саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.

Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо 2022 оны 08 дугаар сарын 29-ний хуралдаанаараа хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсныг онцлоод хууль, тогтоолын төсөлд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасныг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоолын төсөл нэг бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

“Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

 Хуралдаан “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу “Ажлын хэсэг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Тэрбээр, “Ажлын хэсэг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, судалгааны дүнд үндэслэн хэлэлцүүлэг хийх, олон нийтээр хэлэлцүүлэх, санал, дүгнэлт боловсруулах ажлыг зохион байгуулах болон судалгаа, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг, дүн шинжилгээнд үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар нийгмийн зөвшилцөл хэрэгжүүлэх улс төрийн нам, иргэний нийгмийн төлөөллийн ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг тус тус хавсралтаар батлахаар боловсруулсныг тодотгоод Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувь нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, үг хэлсний дараа Ажлын хэсэг байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх буюу 69.6 хувь нь дэмжив.

“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг батлав

 

Дараа нь “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, тус Байнгын хороо 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар нарыг оролцуулан байгуулсан. Ажлын хэсэг 2022 оны 8 дугаар сарын 26, 29-ний өдрүүдэд хуралдаж “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэв.

 

“Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан гэж Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг  танилцууллаа.

Мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын  тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 38 нь буюу 69.1 хувь нь дэмжив.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)