УИХ-ын дарга Г.Занданшатар дотооддоо үйлдвэрлэсэн хүнс, бараа, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг уриаллаа

Эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын ногоо, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих зорилготой “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр (2022.09.19) Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ.

17 дахь удаа зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн юм. Улсын Их Хурлын дарга хүнсний хангамж, иргэдийн эрүүл амьдрал, хүний бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нь хамгаас чухал гэдгийг онцлов.  

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” хийх уриалга гаргаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан билээ. Энэхүү тогтоолд 5 томоохон зорилтын хүрээнд 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээг багтаасан.

Тухайлбал, монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийх, хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээг хөгжүүлэх, тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулах, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх зэрэг чухал арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Түүнчлэн хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирлын турш тогтвортой хангах хүлэмжийн цогцолбор, зоорийн аж ахуйг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн стратегийн байнгын нөөц бүрдүүлдэг болох, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болох, мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ойрын таван жилийн хугацаанд малын өвчингүй эрүүл бүс нутаг болох, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилтнуудыг үе шаттай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх, хүүхдийн хоол тэжээлийн үйлдвэрүүдийг шинээр байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэдгийг дурдсан.

Тэрбээр, энэхүү тогтоол хэрэгжсэнээр ойрын хугацаанд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болох боломжтой гэлээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахын зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг нийт иргэддээ уриаллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нээлтийн арга хэмжээний үеэр,  Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 32,3 хувийг үйлдвэрлэж байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг татах, тогтолцооны хувьд эрс шинэчлэл хийх зорилгоор Улсын Их Хурлаас баталсан 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхлээд буйг дурдаад, ард түмнээ эрүүл чанартай, тогтвортой үнэтэй хүнсээр хангах нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гол зорилго гэлээ. Тэрбээр, монгол газрын эрүүл хөрсөнд ургасан шимт хүнсийг дэлхийн зах зээлд гаргахын тулд салбарын сайдын хувьд бодлогоо тодорхойлж ажиллах болно хэмээсэн.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээнд нийслэл, хөдөө орон нутгаас 400 гаруй үйлдвэрлэгч, тариаланчид оролцож байгаа бөгөөд 2000 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Энэхүү арга хэмжээ есдүгээр сарын 25-ыг дуустал зохион байгуулагдана. Арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)