"Парламентын боловсрол-Сургагч багш" хөтөлбөрийн нээлт боллоо
- 2022-09-22
- Боловсрол
- 0
Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос хойш хэрэгжүүлж байна.
Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ боллоо. Ерөнхий боловсролын дунд сургуулийн 130 гаруй багш нар сургагч багшаар бэлтгэгдэж, парламентын боловсролыг хүүхэд, багачуудад олгоно.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү хөтөлбөрийг санаачилсан агаад парламентын шинэчлэлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэж байгаа юм.
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндсэн зорилго, агуулга нь Ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудад чиглэнэ. Эхний ээлжинд 12-14 нас, 15-17 нас гэсэн хоёр ангиллаар сургалтын хөтөлбөр боловсруулжээ. Хөтөлбөрийн дараагийн шатанд 18-аас дээш насныхныг хамруулах юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, ард түмний засаглах эрх бол ардчиллын үнэт зүйл төдийгүй Монгол Улсын ирээдүйн амин чухал асуудал юм. Ардчиллаа хамгаалах, хөгжүүлэхэд хойч үе маань суралцаж, боловсорч, хүмүүжих ёстой.
Үүний тулд Үндсэн хуулиа танин мэдэж, ардчилал түүний үнэт зүйлс гэж чухам юу болох талаар суралцаж, хүний эрх, эрх чөлөө, засаглал, парламент гэж гэж юу болохыг ойлгож, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох чадварыг багачууд хүүхдүүдэд олгох нь нэн чухал юм.
Энэ мэдлэг, чадварыг хүүхдүүдэд олгох сургагч багш бэлтгэх дэд хөтөлбөрт сонгогдсон Эрхэм багш нартаа Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв. Парламентын боловсролыг сурагчдад олгох сургагч багш нарын буюу нийгмийн ухааны багш нарын сүлжээ байгуулж, сургалтын модуль боловсруулах ажээ.
Мөн парламентын боловсролын мэтгэлцээн зохион байгуулах, төрийн ордонд хууль тогтоох үйл ажиллагааны талаар сургалтад хамруулах, гарын авлага хичээлийн хэрэгслийг баяжуулах зэргээр сургагч багш нараа бэлтгэнэ.
Сургагч багш нараа дэмжих, чадавхжуулахын тулд хичээл, зүтгэлтай зарим багш нараа шалгаруулан гадаад улс орнуудад парламентын боловсролыг олгож буй туршлагатай танилцуулах ажээ.
Сэтгэгдэл (0)