С.Эрдэнэболд: Бид Ардчилсан намынхаа ах нараас ёс зүй, хүн чанар, дүрэм журам, хуулийг шаардаж байна

-ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ГЭДЭГ ХАРИУГ АТГ-ААС ӨГСӨН-


Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа. Тус холбооны залуучууд Ардчилсан намын лидерүүд болох С.Эрдэнэ, Х.Баттулга нарт холбогдох хэрэг бодитой эсэх талаар АТГ-аас мэдээлэл авах зорилгоор суулт хийж буй юм.

 


-Ардчилсан намын дотоод асуудал шийдэгдэхгүй удаж байна. Ер нь энэ байдлаараа ирэх сонгуульд нэгдмэл байдлаар оролцож чадах уу. Залуучуудын зүгээс намын маргаанд ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх сонгууль гэлтгүй энэ жилдээ багтаж нэн яаралтай, хүчтэй сөрөг хүчнийхээ байр суурь дээр шилжих шаардлагатай байгаа. Эдийн засгийн хямралтай нөхцөл байдалд бид маш хурдан сөрөг хүчнийхээ байр суурь дээр очих шаардлагатай. Ардчилсан намын дотоодод үүссэн энэхүү нөхцөл байдал нь дангаараа бидний дотоод асуудал биш ээ. Энэ хагарал бол томоохон улс төрийн эрх ашгийг хамгаалах, тодорхой бүлэглэлүүдийн ашиг сонирхлын үндсэн дээр боссон асуудал. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах зорилгоор ардчилсан намд тамга хувилж өгсөн, хоёр талд нь яс хаясан эрх баригчдаас үүдэлтэй, маргаан. Ардчилсан нам дотроо учраа олохгүй байгаа мэт харагдуулах энэхүү нөхцөлийг дээрээс шидсэн том чулуу гэж харж байгаа.

-Та бүхэн АТГ-ын гадаа цөөнгүй хоног суулт хийж байна. Тавьж байгаа гол шаардлага нь юу юм бэ. Та бүхэн юуны төлөө суулт хийгээд байна вэ?

-Хэвлэл мэдээллээр явдаг улстөрчтэй холбоотой үнэн худал нь мэдэгддэггүй маш олон асуудал байна. Энэ олон хэрэг яг шүүх, прокурор, АТГ-ын шатандаа ямар түвшинд явж байгаа талаарх бодит үнэнг олохыг зорьж байна. Тухайлбал, тамганы асуудалтай буюу хоёр талд Ардчилсан намыг удирдаад байгаа С.Эрдэнэ, Х.Баттулга нарт холбогдох хэргүүдийн үнэн зөвийг тодорхой болгож өгөхийг л хүсээд байгаа юм. Өнөөдөр хувь хүмүүсийн нэр төрд халдах байдлаар 200 мянган гишүүнтэй Ардчилсан намыг туйлдуулж, бүтцийн хувьд энэ байгууллагыг ажилгүй болгох улс төрийн маш нарийн ажил явагдаж байна. Тиймээс бид хамгийн түрүүнд учраа олохын тулд дээрх хоёр лидертэй холбогдох хэрэг, дуулиан шуугиан хууль хүчний байгууллага дээр ямар түвшиндээ явагдаж байгаа вэ гэдгийг мэдэхийг л хүссэн. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлж байна. Мэдээж шүүхээр гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй үед хэнийг ч гэм буруутан гэж яллаж болохгүй. Гэтэл нийгэмд хууль хүчний байгууллагууд зарим хэргийг царцаах, зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хэрэг зохиомлоор бий болгодог зэрэг хардалт маш их байдаг. Тиймээс бидний зүгээс нэр бүхий зарим улстөрчдөд үнэхээр зохиомол хэрэг үүсгээд явдаг уу, эсвэл хэргийг нь царцаагаад улс төрийн тохиролцоо болгодог систем бодитой байдаг эсэхийг тодруулж, мэдээлэл өгөхийг л шаардаж байна.

-Намынхаа хоёр лидерийн хэргийг хууль хүчний байгууллагаас тодруулчихлаа гэхэд энэ нь намыг нэгтгэх гарц байж чадах уу?

-Үүнийг хийснээрээ бид ардчилсан нам ёс зүйтэй, өөрсдийнхөө дотоод асуудлыг цэгцлэх, хоорондоо нэгдэж эвлэрэх орон зайг бий болгож байгаа юм. Бидний үйл ажиллагааг зарим нь намын нэр хүндийг унагааж байгаа, намыг муухай харагдуулж байгаа үйлдэл гэж шүүмжилж байна. Өнөөгийн нийгэмд Ардчилсан нам хангалттай муухай харагддагаа харагдчихсан, зөрчилддөгөө зөрчилдчихсөн. Тиймээс шинэ эрин үеийг авчрахын төлөө улаан шугам татаад урдах асуудлаа шийдээд урагшаа явах нь манай намын дотоод эрх ашиг. Мөн Монгол Улсын хүчтэй сөрөг хүчин байх том эрх ашиг, цаашлаад ардчилал, хүний эрх, парламент тогтолцоог хамгаалах суурь юм. Ардчилсан нам бол хүний халаасанд тамга болж хэвтдэг институци биш ээ. Манай нам бол 200 гаруй мянган гишүүний итгэл үнэмшил, 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын төлөө шинэчлэлийг хийж ирсэн нам.

-Ардчилсан залуучуудын холбооны ерөнхий чиг үүрэг нь юу юм. Намдаа үйлчилдэг байгууллага юм уу?

-Манай холбоо нэгдүгээрт, намын дэргэдэх бүтцийн байгууллага. Хоёрдугаарт, залуучуудад ардчиллын үзэл баримтлал, боловсролыг түгээх, ардчилсан үзэл санааг бэхжүүлэх, хамгаалах, баруун төвийн үзэл буюу халамж хавтгайрсан биш хувийн хэвшлийг болон хүний эрх, эрх чөлөөг дэмждэг байгууллага. Нөгөөтэйгүүр энэ нам дотоодод үүссэн маргаантай асуудлаа шийдээд хоорондоо учраа олчих байх гэж итгэн бид хангалттай хүлээсэн. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам нэгдэх ёстой гэж “Нэгд” хэмээх аяныг хүртэл санаачилж явуулсан. Угтаа ардчилсан намын ах нарыг хоорондоо нэгдэх боломжийг байнга бүрдүүлж ирсэн. Гэвч эдгээр хүмүүс Ардчилсан намын дэргэдэх бүтцийн байгууллагуудыг хуваах, устгах ажлыг улс орон даяар явуулж эхэлсэн. Тиймээс бид Ардчилсан намынхаа ах нараасаа ёс зүй, хүн чанар, дүрэм журам, хуулийг шаардаж байна.

-Та тамганы асуудалтай байгаа гэлээ. Гэтэл С.Эрдэнэ тэргүүтэй ардчилсан намынхан чинь тамганы асуудал байхгүй, шүүхээр эцэслэгдчихсэн зүйл гэдгээ мэдэгдээд байгаа шүү дээ?

-Шүүхээс эцэслэгдсэн шийдвэр гараагүй байгаа. Нэгдүгээрт, нам гэдэг тамга биш итгэл үнэмшлийн байгууллага. Ардчилсан намын анхан болон дунд шатандаа хагарч хуваагдаагүй. Харин ч дийлэнх олонхоороо нэг талдаа байгаа. Үүнийг зориудаар хагаралдуулах эрх ашиг МАН-д нийцэж байсан учраас иргэний бүртгэл, хууль, шүүхийн байгууллагаар дамжуулж, энэ намыг зохиомлоор хуваах ажлыг хийсэн. Жирийн гишүүдийн хувьд Ардчилсан нам огт хуваагдаагүй. Гагцхүү Ардын намын өгсөн чиглэлийн дагуу хийгдэж байгаа ажил нь өөрөө Ардчилсан намыг хуваагдуулсан мэт харагдуулах. Тиймээс гол асуудал бол дундаа учраа олох хэрэгтэй. Аль болох туйлширч болохгүй. Ардчилсан намын маргаантай асуудал цөөнгүй хугацааг өнгөрүүлсэн ч аль аль талдаа буулт хийгээд нэгдэх орон зайд ороод ирвэл энэ асуудлыг маш хурдан шийдчихнэ. Үүний төлөө бид АТГ-ын гадаа дөрөв дэх өдрөө суулт хийж байна. Бид хэн нэгнийг яллаад өгөөч гэж хүсээгүй. Бодит үнэн мэдээллийг л хүссэн.

-Дөрөв, таван хоног суулт хийж байна гэлээ. АТГ-аас ямар хариу өгч байна вэ?

-АТГ-аас бидэнд албан бичиг өгсөн. АТГ-аас С.Эрдэнэ нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа, Х.Баттулгад холбогдох хэрэг одоогоор шалгагдаагүй байна гэсэн хариуг албан бичгээр өгсөн. Харин хэргийн талаарх тодорхой мэдээллийг өгөх боломжгүй хэмээн тайлбар хэлсэн. Ямартаа ч С.Эрдэнэ гэх хүнийг шалгаж байгаа, харин Х.Баттулга гэх хүнд холбогдох хэрэг байхгүй болох талаар Нийслэлийн Прокурорын газраас хариу тайлбар албан бичиг ирсэн.

Цаашид бид ёс зүйн зөрчилгүй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдолгүй лидерүүдээ дэмжиж, хүчтэй сөрөг хүчний байр сууриа богино хугацаанд сэргээхийн төлөө ажиллах болно.

 

Э.Мөнхтүвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)