Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон Та бүхэн дэлхий дахинд тулгамдаад буй цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хичээнгүйлэн зүтгэнэ гэдэгт найдаж байна. Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно” гэдгийг онцолж хэллээ.  
 
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд  Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар
 
Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймагт төрсөн. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
 
1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,
1998-2000 онд Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч,
2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх,
2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2021-2022 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байна.
 
Томилох үндэслэл:
 
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн яамдын салбар дундын уялдаа холбоог нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог бүрдүүлж, эдийн засгийг богино хугацаанд хоёр дахин тэлэх, улсын төсвийг тэгшитгэн хуваах зарчмаас татгалзаж, үр дүн, зураг төсөв, Техник эдийн засгийн үндэслэлд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлох зэрэг үндэслэлийг харгалзан Эдийн засаг, хөгжлийн сайдыг Шадар сайдын түвшинд томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)