УИХ-ын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөлөө
- 2023-01-06
- Улс төр
- 0

УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, УИХ дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Лхагвын Мөнхбаатарын нэрийг дэвшүүлснийг мэдэгдлээ.
Нэр дэвшигч Л. Мөнхбаатар нь 1977 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрж, 1985-1995 онд тус аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006-2008 онд “Отгонтэнгэр” их сургууль, 2015 оноос МУИС-ийн төгсөлтийн дараах докторантад суралцсан. 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна гэв.
Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэн тул “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав.
Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөлөө
Хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай Захирамжийг уншиж танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргад Хүрэлбаатарын Булгантуяаг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар Цэрэнпилийн Даваасүрэнг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Содномын Чинзоригийг томилсоноо мэдэгдлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон Та бүхэн дэлхий дахинд тулгамдаад буй цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, цоо шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэж байна гэв.
Түүнчлэн сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллана гэдгээ тэмдэглээд 2023 он цар тахал бүрэн дуусаж, эдийн засаг сэргэсэн жил байх болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа онцоллоо.
Дараа нь сайд нар “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөв.
Үргэлжлүүлэн Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, холбогдох журамд заасны дагуу тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү тангаргийн бичгээ Улсын Их Хурлын даргад гардуулсных нь дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулав. Засгийн газрын гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсэн.
Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөсөнтэй холбогдуулж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тангараг өргөсөн гишүүддээ баяр хүргэж, төр, түмнийхээ төлөө зүтгэж, төрийн хуулийг биелүүлэх ажилд нь өндөр амжилт хүсэв.
Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)