2023 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс: Хуурамч контентийн салбар сэтгүүл зүйд заналхийлсэн нь

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас жил тутам эмхлэн гаргадаг 21 дэх удаагийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст нийгэм, улс төр, технологийн эмх замбараагүй байдлаас улбаатай томоохон, гол төлөв эрс өөрчлөлтүүдийг харуулна.

Дэлхийн 180 орны сэтгүүл зүйн орчин нөхцөлийг үнэлж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр (5 дугаар сарын 3) нийтэд танилцуулдаг 2023 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр 31 орны нөхцөл байдал "маш ноцтой", 42 орон "хүнд", 55 нь “асуудалтай”, харин 52 орон “сайн” буюу “хангалттай” гэсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн арван орны долоод сэтгүүл зүйн орчин нөхцөл муу бол ердөө гуравт хангалттай байна.

Норвеги улс долоо дахь жилдээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Энэ жил Скандинавын бус орон буюу Ирланд улс (4 байраар ахиж 2-т) хоёрдугаарт эрэмбэлэгдэж, Дани улсын (1 байраар ухарч 3-т) дээр бичигдсэн нь ер бусын үзэгдэл боллоо. Нидерланд (6) 22 байраар ахиж, гэмт хэргийн сурвалжлагч Петер де Врис алагдахаас өмнөх 2021 оны байр сууриа сэргээв.

Индексийн сүүл хэсэгт мөн өөрчлөлт орсон. Адагт эрэмбэлэгдсэн гурван байрыг гагцхүү Азийн орнууд эзэлж байна. Хараат бус тоймч, сэтгүүлчдийг намнаж дуусгасан Вьетнам (178), дэлхийд хамгийн олон сэтгүүлчийг шоронд хорьж, суртал ухуулгыг өндөр хэмжээнд гадагш түгээгчдийн нэг Хятад (4 байр ухарч 179-д), мөн Хойд Солонгос (180) орсон нь гайхах зүйл биш юм.                                              

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс нь нөхцөл байдал асар их хэлбэлзэлтэй байгааг харуулж байна. Тухайлбал, Бразил 18 байраар ахисан, Сенегал 31 байраар ухарсан зэрэг огцом өсөлт, бууралт болоод урьд өмнө байгаагүй өөрчлөлтүүдийг харж болно. Олон улс оронд эрх баригчдын түрэмгийлэл гаарч, олон нийтийн сүлжээ болон бодит амьдралд сэтгүүлчдийн эсрэг дайсагнал газар авснаас үүдэн ийнхүү тогтворгүй байдалд хүргэсэн. Үүнд мөн хуурамч мэдээлэл боловсруулан, түгээж, түүнийг үйлдвэрлэх арга хэрэгслээр хангадаг хуурамч контентийн цэцэглэж буй салбар нөлөөлсөн."

RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуа

Хуурамч контент үйлдвэрлэлийн үр нөлөө                            

2023 оны индекс нь цахим экосистемийн хуурамч контентийн салбар хэвлэлийн эрх чөлөөнд хэрхэн нөлөөлж буйг онцлов. Дэлхийн 118 оронд (индексийн үнэлгээнд багтсан 180 орны гуравны хоёр нь) индексийн судалгаанд оролцогчдын дийлэнх өөрийн улс орны улс төрчид асар их хэмжээний хуурамч мэдээлэл буюу суртал ухуулгын хөдөлгөөнийг тогтмол буюу үе шаттайгаар зохион байгуулдаг гэж мэдээлсэн. Үнэн худал, бодит ба хийсвэр, баримт ба зохиомол зүйлийг хооронд нь ялгахад бэрх болж, мэдээлэл олж авах эрхийг хөсөрдүүлэхэд хүргэж байна. Чанартай сэтгүүл зүйг нэвтрүүлж буй хүмүүсийг нухчин дарах, сэтгүүл зүйн хүчийг сулруулахад контентоор дамжуулан нөлөөлөх онцгой боломжийг ашиглаж байна.

Хиймэл оюун ухааны гайхамшигтай хөгжлийн үр дүнд Вэб 2.0-т хэдийнээ дарагдсан хэвлэл мэдээллийн ертөнц улам сүйрсээр байна. Твитерийн эзэн Элон Маск мэдээлэлд дур зоргоор бөгөөд төлбөр тооцоонд суурилсан хандлагыг хэт туйлшруулж, платформууд нь сэтгүүл зүйг сорогч намаг гэдгийг харуулж байна.

RSF-ийн хамтран үүсгэн байгуулсан "Хориотой түүх" консорциумын судалгаагаар хуурамч мэдээллийн салбар асар их хэмжээний заль мэх бүхий контент түгээдэг. Өдгөө хиймэл оюун ухаан нь контентийг шингээж, нягт нямбай, найдвартай байдлын зарчимд харшилсан нийлэг хэлбэрээр гарч ирж байна.

Ердийн хэлээр илэрхийлсэн хүсэлтийн дагуу асар өндөр нарийвчлал бүхий дүрс бүтээдэг хиймэл оюун ухаан (ХОУ, англ. AI)-ы Midjourney програмын тавдугаар хувилбар нь улам бүр итгэл үнэмшилтэй, хуурамч гэдгийг илрүүлэхийн аргагүй "зурагнууд"-аар олон нийтийн сүлжээг дүүргэж байна. Тухайлбал, цагдаа нарт саатуулагдсан Дональд Трамп, номхотгогч цамцтай, ухаангүй хэвтэж буй Жулиан Ассанж нарын жинхэнэ мэт харагдах зураг асар их хандалт авсан байдаг.

Суртал ухуулгын дайн                                                     

2023 оны Индексийн үзүүлэлтээр есөн байраар ухарсан Орос (164)-ын суртал ухуулга нэмэгдэхэд энэхүү нутаг дэвсгэр таатай орчин бүрдүүлсэн. Москва асар богино хугацаанд Украины өмнөд хэсгийн эзлэгдсэн нутаг дэвсгэрт Кремлийн санааг түгээх зорилгоор шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулахын сацуу хориглосон, хаасан буюу “гадаадын агентууд” хэмээн цоллогдсон Оросын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг урьд өмнөхөөс илүү ширүүн нухчин дарсан. Украин (79) дахь Оросын дайны гэмт хэргийн улмаас тус улс аюулгүй байдлын үзүүлэлтээрээ индексийн хамгийн муу үнэлгээтэй орны нэгд тооцогдож байна.

Өсөлт бууралт                                                        

АНУ (45) гурван байр ухарсан байна. Индексийн судалгаанд хамрагдсан АНУ-ын оролцогчид Байдены засаг захиргааг хичээл зүтгэл сайтай байгаа хэдий ч сэтгүүлчдийн ажиллах орчин нөхцөл (ялангуяа, орон нутаг дахь хууль эрх зүйн орчин, өргөн хүрээг хамарсан хүчирхийлэл)-ийн талаар сөрөг байр суурьтай байв. Хоёр сэтгүүлчийн (2022 оны 9 дүгээр сард Las Vegas Review” сэтгүүлийн Жефф Герман, 2023 оны 2 дугаар сард Spectrum News 13” сонины Дилан Лайонс) нарын амийг хороосон явдал тус улсын үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн. Бүрэн эрхийнх нь хугацаанд сэтгүүлчдийн эсрэг харгислал гаарсан Жаир Болсонаро явж, нөхцөл байдал сайжрах төлөв авчирсан Лула да Силвагийн ялалтын үр дүнд Бразил (92) 18 байраар ахисан үзүүлэлттэй байна. Азийн орнуудад, засгийн газрын өөрчлөлтийн үр дүнд хэвлэл мэдээллийн орчин сайжирч, Австрали (12 байр ахиж 27-д), Малайз (40 байр ахиж 73-т) зэрэг орны индексийн үнэлгээ мэдэгдэхүйц өссөн.

“Асуудалтай” улс орноос “маш ноцтой нөхцөл байдалтай” гэсэн төлөвт гурван орон шилжсэн байна. Үүнд, Тажикистан (1 байр ухарч 153-т), Энэтхэг (11 байр ухарч 161-д) болон Турк (16 байраар ухарч 165-д) улсын нөхцөл байдал "асуудалтай"-гаас "маш ноцтой" болсон. Энэтхэгт Ерөнхий сайд Модигийн ойр дотны олигархиуд хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзлэн авч, олон ургальч үзлийг хөсөрдүүлж байгаа бол Туркт Эрдоганы засаг захиргаа тавдугаар сарын 14-нд болох сонгуулийн өмнө сэтгүүлчдийг хавчин гадуурхаж байна. Иранд (177) оюутан Махса Амини цагдаагийн газарт нас барснаас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаалыг ширүүнээр дарсан нь тус улсын "нийгмийн орчин" болон "шүүхийн орчин"-ы үнэлгээг бууруулсан.

2023 оны индексийн үзүүлэлт Африкийн зарим орны хувьд огцом буурсан байна. Саяхныг хүртэл бүс нутагтаа үлгэр жишээ байсан Сенегал (104) 31 байраар ухарсан явдлыг нэн тэргүүнд Папе Але Нианг, Папе Ндиае нарын хоёр сэтгүүлчийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдал эрс доройтсонтой холбож үзнэ. Магребын бүс нутагт, Ерөнхийлөгч Каис Саидын дарангуйлал ихсэж, хэвлэл мэдээллийн шүүмжлэлийг үл тэвчих хандлагын улмаас Тунис (121) 27 байраар ухарсан. Латин Америкт Перу улс (110) 33 байраар ухарч, улс төрийн байнгын тогтворгүй байдал сэтгүүлчдийг туйлдуулж, улс төрчидтэй ойр ажилласныхаа төлөө дарамт, шахалт, халдлага, доромжлол амсаж байна. Гайтигийн (29 байр буурч 99-д) үзүүлэлт ухарсан нь аюулгүй байдлын орчин доройтсоор байгаатай холбоотой.

Индексийн үзүүлэлт бүс нутгаар

Европ, тэр дундаа Европын Холбоо (ЕХ) бол сэтгүүлчдэд ажиллах хамгийн таатай бүс нутаг боловч тэнд ч нөхцөл байдал холимог байна. Сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийлэл, баривчилсан тохиолдол хамгийн их гарсан Герман (21) таван байраар ухарчээ. Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал 2022 онд харьцангуй тайван байсан Польш (57) есөн байраар, харин Франц (24) хоёр байраар ахижээ. Тагнуулын албаны оролцоотойгоор, хүчирхэг програм ашиглан сэтгүүлчдийг тагнаж чагнасан Грек (107) ЕХ дотроо жагсаалтын хамгийн доогуур үзүүлэлттэй хэвээр байна. Европ, Төв Азийн бүсийн үнэлгээнд ч мөн Төв Азийн доогуур үзүүлэлт ихээр нөлөөлсөн. Киргиз (50 байр ухарч 122-т), Казахстан (12 байр ухарч 134-т), Узбекистан (4 байр ухарч 137-д) зэрэг тус бүс нутгийн орнуудын үнэлгээ хэвлэл мэдээллийн эсрэг халдлагын тоо өссөний улмаас буурсан. Эцэст нь, 2022 оны 3 дугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ерөнхийлөгчийн хүү Сердар Бердымухамедов дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хэвлэл мэдээллийн эсрэг цагдан хяналт, тагнах чагнах явдал дахин эрчимжсэн Туркменистан (176) индексийн дагуу хамгийн доогуур үзүүлэлттэй таван орны нэг хэвээр байна.     

Америк тивд хэвлэлийн эрх чөлөөний газрын зураг дээр ногооноор тэмдэглэгдсэн орон үгүй болсон. Коста Рика (15 байр ухарч 23-т) бүс нутагтаа хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал "сайн" хэмээн үнэлэгдсэн цор ганц орон байсан боловч улс төрийн орчин огцом дордсоны (15.68 оноо буурсан) улмаас таван байраар ухарч, энэ ангилал өөрчлөгдсөн бөгөөд Канадаас доогуур (4 байр ухарч 15-д) эрэмбэлэгдэж байна. Энэ жил Мексик (128)-ийн үзүүлэлт дахин ухарч, өдгөө дэлхийн хамгийн олон сэтгүүлч (сүүлийн 20 жилд 28) алга болсон оронд тооцогдож байна. Цагдан хяналт дахин эрчимжиж, хэвлэл мэдээлэл нь төрийн монополь хэвээр буй Куба (172) бүс нутагтаа 2022 оныхтой адил хамгийн доогуур үзүүлэлтээ хадгалсаар байна.               

Африкт, 35 байраар ахисан Ботсвана (65) зэрэг үнэлгээ нь мэдэгдэхүйц сайжирсан хэд хэдэн тохиолдол гарсан хэдий ч ерөнхийдөө тус тивд сэтгүүл зүйн орчин нөхцөл дордож, өдгөө улс орнуудынх нь 40 орчим хувь нь (2022 онд 33% байсантай харьцуулахад) "муу" гэсэн үнэлгээтэй байна. Тэдгээрийн тоонд олон улсын өргөн нэвтрүүлэг эрхлэгчдийг орон нутагт дахин дамжуулалт хийхийг хориглож, сэтгүүлчдийг албадан гаргасан явдал болсон Буркина Фасо (58), "мэдээ мэдээлэлгүй бүс" болох шатандаа байгаа Сахел багтаж байна. Африкт мөн хэд хэдэн сэтгүүлч амь үрэгдсэний дотор Камеруны (138) Мартинез Зонго байна. Эритри (174) дахь хэвлэл мэдээлэл ерөнхийлөгч Исаиас Афеворкийн харгис атганд байсаар байна.

Ази, Номхон далайн бүс нутагт сэтгүүлчдэд хамгийн тааламжгүй дэглэм оршсоор байна. 2021 оны хоёрдугаар сард болсон цэргийн эргэлтээс хойш сэтгүүлчдийг хамгийн олноор хорьсон хоёр дахь улс Мьянмар (173), сэтгүүлчдийн ажиллах орчин улам бүр доройтож, эмэгтэй сэтгүүлчид нийгмийн амьдралаас тэр чигтээ арчигдсан Афганистан (152) индексийн үзүүлэлтэд сүүл мушгиж байна.

Бүс нутгийн үнэлгээгээр Магреб-Ойрхи Дорнод сэтгүүлчдэд хамгийн аюултай бүс нутагт тооцогдсон хэвээр байгаа ба улс орных нь талаас илүү хувь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “маш муу” гэсэн ангилалд багтжээ. Сири (175), Йемен (168), Ирак (167) зэрэг орнууд маш бага оноо авсан нь олон тооны сэтгүүлч сураггүй алга болсон, барьцаалагдсантай шууд холбоотой юм. Хэдийгээр Палестин (156) 14 байраар ахисан ч гэсэн 2022 онд дахин хоёр сэтгүүлчийн амийг хороосны дараа аюулгүй байдлын үзүүлэлт буурсан. Саудын Араб индексийн доод түвшинд хэвээр байна. Магребд, хэвлэл мэдээллийн эзэмшигч Ихсан Эль Кадийг шоронд хорьсон нь хоёр байр ухарч, нөхцөл байдал “муу” гэсэн ангилалд багтсан хэвээр буй Алжирт (136) дарангуйлал өсөн нэмэгдсэнийг нотолж байна.

ИНДЕКСИЙГ ХЭРХЭН ЭМХЭТГЭСЭН БЭ?                                                                  

Энэ нь судлаачид, хэвлэл мэдээллийн шинжээчдийн багийн 2021 онд хамтран боловсруулсан шинэ аргачлалын дагуу эмхлэн гаргасан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хоёр дахь индекс юм.

Уг аргачлалыг хэвлэлийн эрх чөлөө бол сэтгүүлчид хувиараа болон бүлгээрээ улс төр, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгмийн хөндлөнгийн нөлөөнөөс ангид, бие махбодь болон оюун санааны аюулгүй байдал нь хангагдсан нөхцөлд мэдээ, мэдээллийг олон нийтийн эрх ашигт нийцүүлэн сонгох, бэлтгэх, түгээх үр нөлөө бүхий боломж юм” гэсэн тодорхойлолт дээр үндэслэн боловсруулсан юм.

Индексийг бүрдүүлж, хэвлэлийн эрх чөлөөний алсын харааг цогцоор нь таниулах улс төрийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм соёлын нөхцөл байдал, аюулгүй байдал гэсэн таван шинэ шалгуур үзүүлэлтийг уг аргачлалд ашиглаж эхэлсэн.

RSF-ийн эрэмбэлсэн 180 улс орон, нутаг дэвсгэрт хэвлэлийн эрх чөлөөний зөрчил, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хүчирхийллийн тохиолдлуудад үндэслэсэн тоон судалгаа, мөн RSF-ээс сонгосон хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг олон зуун шинжээчийг (сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид, хүний ​​эрх хамгаалагчид) оролцуулан 100 гаруй асуулт бүхий судалгаанд суурилсан чанарын дүн шинжилгээнд тулгуурлан шалгуур үзүүлэлтэд үнэлгээ хийсэн болно.

Аргачлалд өөрчлөлт орсон тул 2021 оны өмнө болон дараах үзүүлэлт, оноог хооронд нь харьцуулахдаа хянамгай хандах нь зүйтэй.

 

2 – Зүүн Азийн бүсийн дүн шинжилгээ 

                                   

Ази, Номхон Далай

Нэг намын хөшүүн тогтолцоо, олигархиудын хэрэгжүүлж буй хэвлэл мэдээллийн хяналт                                   

Сэтгүүл зүйг хамгийн ихээр хавчин гадуурхаж, олон нийтийн яриа хэлэлцээг захиргаадалтын аргаар нухчин дарсаар ирсэн удирдагчидтай Хойд Солонгос (180), Хятад (179), Вьетнам (178), Мьянмар (173) нь Ази дахь нэг намын тогтолцоотой, дарангуйлагч орнууд юм. Хятадын төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон Ши Жинпинь Мао Зедунаас хойш түүхэнд байгаагүй эрх мэдлийг төвлөрүүлж, үүнийгээ сэтгүүл зүйн эсрэг 10 жилийн өмнөөс эхэлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашигласан.

Үүний үр дүнд Хятад дэлхий дээр хамгийн олон сэтгүүлч, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагчдыг хорьсон улс болж, 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр болсон төрийн эргэлтээр цэргийнхэн засгийн эрх мэдлийг гартаа авснаас хойш мэдээ, мэдээлэл хар нүхэнд татагдан орсон Мьянмар улсын араас эрэмбэлэгдэж байна.

Мэдээ, мэдээллийн чөлөөт урсгалыг ноцтойгоор хязгаарлаж буй бас нэг үзэгдэл бол улс төрийн манлайлагчидтай ойр дотно харилцаатай олигархиуд хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшилдээ авсан явдал юм. Ийм жишээнд өдгөө гол зонхилох бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ерөнхий сайд Нарендра Модитой ойр дотно чинээлэг бизнес эрхлэгчийн эзэмшилд орсон Энэтхэг (161) зэрэг "холимог" тогтолцоотой улсыг нэрлэж болно.

Үүний зэрэгцээ Модигийн зүгээс засгийн газрыг шүүмжилсэн бүхий л цахим мэдээ, мэдээллийг хянаж, эх сурвалжуудын эсрэг балмад хэрцгийгээр хавчин гадуурхах хөдөлгөөн өрнүүлдэг дэмжигчдийн арми бүрдүүлсэн. Хэтийдсэн энэхүү дарамт шахалтын дунд хавчуулагдсан олон сэтгүүлч бодит байдал дээр өөрийгөө цагдан хянахаас өөр аргагүйд хүрдэг.                         

Ойрын хугацаанд болох сонгуулийн өмнө засгийн газрын зүгээс хараат бус хэвлэл мэдээллийг намнах ажиллагаа эрчимжиж буй Бангладеш (163) болон Камбожид (147) мөн дээрх хандлага ажиглагдаж байна.                       

Хориотой асуудал

Бүс нутгийн бас нэг онцлог бол хориотой хэмээн тооцогддог асуудал, сэдвүүд оршсоор байгаа нь сэтгүүлчдийг ажлаа чөлөөтэй хийхэд саад болж байна. Талибаны засгийн газар Шариатын хуулиас гадуурх үйлдлийг үл хүлцэж, эмэгтэй сэтгүүлчдийг хэвлэл мэдээллийн орчноос бүрмөсөн холдуулах шатандаа яваа Афганистанд (152) энэ байдал тодорхой ажиглагдаж байна. Бутан (90), Тайланд (106), Брунейн хаант улс (142) зэрэг улс орнуудад тусгаар тогтнолыг шууд онилох нь маш эрсдэлтэй гэдгийг хэвлэл мэдээллийнхэн мэддэг.

Нөгөөтээгүүр, Пакистан (150) болон Филиппин (132) сэтгүүлчдэд хамгийн аюултай орнуудад тооцогдсон хэвээр байгаа ч засгийн газрын өөрчлөлт нь хэвлэл мэдээлэлд тавих хязгаарлалтыг багасгасан. Шри-Ланка (135), Малайз (73), Австрали (27) зэрэг улсуудын үнэлгээ сайжирсан нь засгийн газрын аль нэг нам, эвсэл нөгөө нам, эвслээр солигдсонтой холбоотой.

Хамгийн өндөр оноотой Тайвань (35), Самоа (19), Шинэ Зеланд (13) зэрэг төлөөний ардчилсан тогтолцоот орнууд бүс нутагтаа хэвлэлийн эрх чөлөөний загварын төлөв байдлаа сайжруулав. Бүтээн байгуулалтын шатандаа яваа шинэ залуу ардчилал бүхий Зүүн Тимор индексийн эхний аравт багтсан нь энэ жилийн гэнэтийн явдал байв. Энэ нь нэг намын тогтолцооны талаар өмнө хийгдэж байсан ажиглалтын эерэг нотолгоо юм. Хэмжээлшгүй, хэт төвлөрсөн эрх мэдэл сэтгүүлчдийн эрх чөлөөг хангахад саад хийж буй гол хүчин зүйл болж байна. Улс төр, эдийн засаг, шүүх эрх мэдлийг тэнцвэржүүлэн, зохицуулсан нөхцөлд хэвлэлийн эрх чөлөө мандан бадарна.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)