Г.Занданшатар: Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ иргэдийнхээ саналыг чухалчилж, шүүмжлэл, бухимдлыг ч анхааралтай сонсож явна

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар Баянхонгор аймагт ажиллах үеэр иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийлж, асуулт асуув.

Иргэн Б.Соронзонбаатар, УИХ-ын гишүүдийн тоог дэмжиж байна.

Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, ардчиллыг бэхжүүлэх, төлөөллийн ардчиллыг хөгжүүлэхэд гишүүдийн тоог нэмэх нь зөв гэсэн бол А.Бямбаа, Д.Мягмар нарын иргэд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох нь хэт олон байна.

 Гишүүдийн тоог нэмэх зардлаараа тэтгэврийг нэмэх, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжих санал хэлж байв.

Мөн зарим иргэд 108 болгох нь оновчтой хувилбар гэж байв. Шаргалжуут сумын иргэн Ганбат, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай байгаа. Монгол Улсын хэтийн бодлого төлөвлөлтөд чухал үр нөлөөтэй. Өнөөдөр хүн амын тоо өссөн. Гишүүдийн тоог нэмснээр жижиг намын төлөөллөөс хүн орж ирэх боломжтой. Намын жагсаалтаар орж ирэх хүмүүс шинжлэх ухаанч хийгээд салбарын төлөөллийг оруулж ирэх нь чухал гэж байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ иргэдийнхээ саналыг чухалчилж, шүүмжлэл, бухимдлыг ч анхааралтай сонсож явна. Тиймээс уулзалтын 10 хувьд нь хуулийн төсөл болон УИХ-ын эрх зүйн шинэчлэл, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг асуудлыг танилцуулж 90 хувьд нь иргэд санал бодлоо илэрхийлж, тэдний асуултад хариулах зарчим баримталж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт бол ард түмний хүсэл, сонирхлыг тусгасан, хэтийн зөв хөгжлийн учрыг хатгасан шинэчлэл болох ёстой юм.

Хамгийн гол нь сэтгэлийн хөөрөл, сошиалын буруу, зөрүү мэдээлэлд автах бус судалгаа, шинжилгээтэй, мэдлэг, мэдээлэлтэй байх нь иргэн хүний үүрэг юм.  Энэ бол төрийн хэрэг. 

Бүгдээрээ хэлэлцэж, ардчиллын зарчмыг баримталж, санал бодлоо илэрхийлж байгаад талархаж байна. Иргэн таны бодит саналд үндэслэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хийх учраас та бүхэн маань  санал бодлоо идэвхтэй илэрхийлэхийг хүсье гэв. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)