Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Монгол Улсын мал сүргийг уугуул орчинд болон генийн төвшинд хадгалах, хамгаалах, сайжруулах, малын нөхөн үржихүйн биотехнологи, генийн инженерчлэлийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гойд ашиг шимт малаас үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, стандартын шаардлага хангасан үржлийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн хангах, мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт Малын удмын сангийн үндэсний төвийг байгуулсан байдаг.

Тус төвд 2023 оны гуравдугаар сарын байдлаар нийт 9641 толгой мал, амьтан бүртгэлтэй байна.

Тус төвийнхөн туршилт, судалгааны чиглэлээр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, МААЭШХ-н Малын нөхөн үржихүйн лаборатори, ADRA олон улсын байгууллага, Австралийн хонины үржүүлгийн төвтэй хамтран Австралийн үржлийн үнэлгээгээр шилмэл 5 хуцны 6000 тун үрийг оруулж импортолж Монгол Улсад баталгаажсан Хангай, Орхон үүлдрийн хонь, Франц Мерино нийт 315 эм хонинд дурангийн аргаар зохиомол хээлтүүлэг хийх туршилт, судалгааны ажлыг хийжээ. 

Цаашид 2023 онд хөврөл үр шилжүүлэн суулгах ажил хийхээр төлөвлөж байгаа аж.

Төвийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчид бодлогын түвшинд шийдвэрлүүлэх арга хэмжээний саналуудаа энэ үеэр танилцуулж байлаа.

▪️Малын үржүүлэг, биотехнологийн ололтыг ашиглан тооноос чанарт шилжин бэлчээр нутгаа хамгаалах бүх нийтийн аян”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр улс оронд даяар өрнүүлж хэрэгжүүлэх,

▪️Байгууллагын үйлчилгээг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өргөтгөх замаар 2026 оноос МУСҮТ үйл ажиллагаагаа бие даан өөрөө санхүүжүүлдэг хэлбэрт оруулж ажиллуулахтай холбогдсон нэмэлт өөрчлөлтийг “Малын генетик нөөцийн тухай хууль”-д оруулах,

▪️УИХ-ын зарим гишүүдийн хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төсөл болон яамнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгууллагын харьяаны Цөм сүргийн салбар нэгжийг бүх аймагт шинээр байгуулан ажиллуулах шаардлага гарч байгаа тул “Цөм сүргийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 420 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх саналуудыг тус тус тавилаа.

Монгол Улсын Засгийн газраас Дархан, Сэлэнгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан. Энэ хүрээнд малын тооноос илүү чанарт анхааран тус бүс нутагт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуй руу шилжүүлэх, мах, сүүний чиглэлийн удмын сан бий болгох, малын цөм сүргийн бүтцийг сайжруулахыг зорьж байна.

Мах, сүү, цагаан идээний хэрэглээ өндөртэй Монгол хүний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн чанарыг сайжруулах нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм гэдгийг албаныхан онцлоод удмын сангийн үйл ажиллагааг цаашид ч бодлогоор дэмжин ажиллана гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.225.242)

    2023-05-17

    Сауле дэд сайдын хийж явсан ажил шүү дээ