Боловсролын зээлийн сангийн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг шаардан гарын үсэг цуглуулж эхэллээ
- 2023-05-21
- Нийгэм
- 0

Цогц хөгжлийн үндэсний төв ТББ-ын санаачилгаар Боловсролын зээлийн сангийн хөрөнгийн асуудлаар парламентын нээлттэй сонсгол хийхийг шаардсан цахим өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ. Нээлттэй сонсгол зохион байгуулах үндэслэл нь
- Боловсролын зээлийн сан нь Засгийн газрын тусгай сан бөгөөд улсын төсөв (татвар төлөгчдийн мөнгө), сангийн үйл ажиллагаанаас олсон болон зээлийн хүүгийн орлого, хандив тусламжаас бүрддэг. Тус сангийн хөрөнгийн зарцуулалтыг хянах журмыг Засгийн газар баталсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад журмын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх зорилгоор Ерөнхий хяналтын нээлттэй сонсгол явуулах шаардлагатай.
- Тус сангийн хөрөнгийг хууль, журамд заасан тодорхой шалгуур, шаардлагыг хангасан иргэдэд олгосон, эсэхэд иргэд, олон нийт эргэлзэж, “дарга нар”-ын хүүхдүүдэд давуу боломж олгосон гэх шүүмжлэл их гарч байгаа тул иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор тус сонсголыг явуулах шаардлагатай.
- Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаад суралцсан ч зээлээ эргэн төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүст ямар хариуцлага тооцсон, тооцох талаар мэдээлж, цаашид тус сангийн удирдлагыг боловсронгуй болгоход иргэдийн саналыг сонсох нь чухал юм.
- Тиймээс холбогдох хуульд зааснаар уг асуудлаар сонсгол санаачлах эрх бүхий субъект болох УИХ-ын гишүүд, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд, Төсвийн байнгын хорооны гишүүд, УИХ дахь цөөнхийн бүлэг болох АН-ын бүлгийн гишүүдээс дээрх асуудлаар ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ санаачилж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсгож, иргэдийн оролцоо, мэдэх эрхийг хангахыг шаардаж байна.
Цахим өргөдөлд гарын үсэг зурах холбоос: https://www.uih.mn/petition/view/94

Сэтгэгдэл (0)