Нийт багш нарын авч байгаа нэг сая төгрөгийн цалинг нь 20 хувь нэмлээ гэхэд 1,2 сая төгрөг болно гэв
- 2023-05-23
- Нийгэм
- 1

Ерөнхий сайдын даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” болдог. Энэ удаагийн уулзалтад Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцлоо. Ерөнхий болон сургуулийн өмнөх боловсролын салбарын анхан шатанд тулгамдаж буй асуудал, шийдэл, багш нарын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулал болон боловсролын цахим шилжилт, Боловсролын багц хуулийн төслийн талаар багш нартай Ерөнхий сайд илэн далангүй ярилцаж, санал солилцсон.
Энэ үеэр зарим сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид байр суурь, санал сэтгэгдлээ хэлэв.
Нийслэлийн нэгдүгээр сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ:
-Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нийт багш нарын цалин доод тал нь нэг сая төгрөг байгаа. Цалинг 20 хувь нэмлээ гэхэд 1,2 сая төгрөг болно. Үүний оронд хувь тооцож нэмэх бус мөнгөн дүнгээр нэмүүлбэл зөв санагддаг. Мөн орон нутгийн багш нарт таван жил тутамд нэмэгдэл олгодог. Үүнийг Улаанбаатар хотод ажиллаж буй багш нар бас олгомоор байна. Тэгэхгүй бол багшлах боловсон хүчний асуудал улам хүндрэлтэй болж байна. Багш нарын ихэнх нь ипотекийн найман хувийн хүүтэй зээлтэй. Энэ зээлийг зургаан хувийн зээл рүү шилжүүлэх боломж байна уу.
Нийслэлийн 20 дугаар сургуулийн бага ангийн багш С.Болормаа:

-Бага ангийн багшийн ажлын ачаалал дунд, ахлах ангитай харьцуулахад маш их. Манай анги гэхэд анх 60 хүүхэдтэй байсан. 60 хүүхэдтэй нэг бүрчлэн ажиллана гэдэг амаргүй. Эмч нарыг бэлтгэхдээ резидент гэж оюутан байхаас нь ажиллуулдаг. Үүнтэй адил оюутан багш гэдэг байдлаар бага ангийн багш нарыг туслах багштай болгож өгөөч. Дэвтэр засалтын мөнгө хасагдсан. Үүнийг хасах биш нэмэх тал дээр анхаармаар байна.
Багануур дүүргийн “Оюуны эрин” сургуулийн хөгжмийн багш Г.Оюунжаргал:

-Налайх, Багануур бол нийслэлийн есөн дүүргийн нэг. Алслагдсан гурван дүүрэгт ажиллаж буй биднийг хөдөөний багш гэдэг. Гэтэл нийслэлийн нэг дүүрэг учраас бидэнд нэмэгдэл олгодоггүй. Баганууртай 10 гаруй км зайтай байдаг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр гээд сумдын багш нар таван жил тутамд цалингийн нэмэгдэл авдаг. Алслагдсан гурван дүүргийн багш нарт нэмэгдэл олгомоор байна.
Нийслэлийн 103-р цэцэрлэгийн багш Б.Нямсүрэн:

-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ачаалал, анги дүүргэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй багассан. Цэцэрлэгийн хүртээмж ч манай хороодод нэмэгдсэн. Чингэлтэй дүүргийн 17-р хороонд гурав, 18-р хороонд гэхэд хоёр цэцэрлэг ажиллаж байна. Ачаалал үнэхээр багассан. Хүн ам төвлөрсөн газраа бол хүүхдийн тоо их байдаг. Үүнийг нэг ангид 25 хүүхэд гээд стандарт тогтоомоор байна.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 97-р сургуулийн бага ангийн багш И.Мөнхцэцэг:

-Бага ангийн багш нар хүүхдэд найман төрлийн шинжлэх ухааныг эзэмшүүлэх гэж хичээдэг. Багш бэлтгэдэг сургуулиудын чанарт онцгой анхаармаар байна. Биднийг багш болж байхад сургуульдаа сурлагын чанараар нэг, хоёроор жагссан хүүхдүүдийг шалгаруулж авдаг байсан. Бага ангийн багш бол хүүхэдтэй харилцах харьцаа, хүүхэд хайрлах байдал гээд маш олон зүйлийг эзэмшсэн байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдсан. Тиймээс багш бэлтгэх босго оноог өндөрсгөж, шалгуурыг нь сайжруулахад анхаармаар байна гэв.

Сэтгэгдэл (1)
(103.57.95.130)
Монголчууд бүгдээрээ ажил дээрээ Photoshop ашиглан, хуурамч зургуудыг ба хуурамч видеонүүдийг хийгээд сууж байдаг юм.