Чухал ашигт малтмалыг олборлох чиглэлээр АНУ, БНСУ-тай хамтран ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах, ашигт малтмалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгын хүрээнд чухал ашигт малтмалыг онцлон хэлэлцсэн уулзалт өнөөдөр боллоо.

Төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий уулзалт, Засгийн газар хоорондын уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Гадаад харилцааны 2-р дэд сайд Ли До Хун, АНУ-ын Төрийн департментын төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын хэмжээнд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбай нийт нутаг дэвсгэрийн 75 хувийг эзэлдэг. Манай улс өөрсдийн ашигт малтмалын хэтийн төлөвийг судалж, дэлхийн хэмжээнд нийлүүлэлт дутмаг ашигт малтмалыг олборлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.

Уулзалтаар дэлхийн чухал ашигт малтмалын нөхцөл байдалд Монгол Улс сэдвийн хүрээнд илтгэл тавигдаж, Монголын талаас эрчим хүчний чиглэлээр Засгийн газар хоорондын байнгын хамтын ажиллагааны салбар комисс байгуулах, “Газрын тос, байгалийн хий”-н хайгуулын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын чиглэлээр яриа өрнүүлж, салбарын /хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, үйлдвэрлэл гэх мэт/ мэргэжлийн боловсон хүчнийг богино хугацаанд чадавхжуулах зорилгоор холбогдох мэргэжилтэнг Монгол Улсад ажиллуулах хүсэлтэй талаар дурдлаа.

Уулзалтын хүрээнд АНУ-ын Төрийн департмент болон Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хооронд Эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Энэхүү санамж бичгийг байгуулснаар чухал ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэх чиглэлээр сайн туршлагаас хуваалцах, АНУ-ын зүгээс Монгол Улсад энэ талаар техникийн болоод зохицуулалтын мэргэжлийн туслалцаа үзүүлэх бүтцийг бий болгохоор зорьж байна.

Мөн Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааны тухай АНУ-ын Хөдөлмөрийн яамны Уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн алба болон УУХҮЯ-ны салбарын хяналтын газар хамтран ажиллахаар боллоо. Санамж бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийх айлчлалын үеэр зурах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)