Эмгэнэл
- 2023-08-23
- Нийгэм
- 0

Эмгэнэл
Өвөрхангайчуудын бахархалт хүмүүн, хайр хүндэтгэл хүлээсэн бүтээн байгуулагч, нутаг ус, эх орныхоо төлөө элгэн халуун сэтгэлтэй бидний эрхэм нөхөр, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Зам Тээврийн сайд агсан Намхайн Төмөрхүү таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Намхай овогтой Төмөрхүү нь 1975 оны 02-р сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн.
1983-1993 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 жилийн 1-р сургууль,1994-1997 МУИС-ийн Физик Электроникийн Сургууль, 2003-2005 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг тус тус дүүргэсэн.
Ажлын гараагаа 1997 онд Өндөрбуянт ХХК-д менежерээр эхлүүлсэн бөгөөд 2003-2014 онд Өндөрбуянт Холдинг ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий Захирлаар нь ажилласан.
Өндөрбуянт Холдинг ХХК-ийг удирдан ажиллахдаа Монгол улсын барилгын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахуйц орчин үеийн барилгын чиг хандлага, чанар, хийцийг харуулсан орон сууцны хороолол, төрийн үйлчилгээний барилга байгууламж, оффисын зориулалтай барилгуудыг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт барьж байгуулсан.
Улаанбаатар хотод Тусгаар Тогтнолын Ордон, Худалдаа Хөгжлийн Банкны төв байр, UBH центр, Оргил Стар хотхон, UB Town хотхон, Хаппи Таун хотхон зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дурьдаж болно.
Монгол улсад орчин үеийн шийдэл бүхий барилгын шинэ технологийг нэвтрүүлсэн түүний амжилтыг төр засгаас үнэлж барилгын салбарын тэргүүний ажилтан, Төрийн дээд Алтан гадас одонгоор тус тус шагнаж байсан.
Зөвхөн барилгын салбарт төдийгүй улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө бусад салбаруудад ч хариуцлагатай албыг хашиж, өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн юм. Нийгмийн хөгжил шинэчлэлд залуучуудыг түүчээлж, удирдан манлайлагч, нэгэн тод өнгө, дуу хоолой нь болж явсан юм.
Намхайн Төмөрхүү нь:
• 2014-2015 он Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн, Зам Тээврийн сайд
• 2015-2016 он Өндөрбуянт Холдинг ХХК-ийн ТУЗ-ийн дарга
• 2016-2017 он Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
• 2017 он Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх
• 2018-2020 он UBH группын ТУЗ-ийн дарга
• 2020-2021 он Хөдөө Аж Ахуйг Дэмжих Сангийн захирал
• 2021-2023 он UBH группын ТУЗ-ийн даргаар ажиллаж байв.
Түүнчлэн залуучуудын байгууллагад өөрийн сэтгэл зүрхээ зориулж, эх нутаг, эх орныхоо төлөө олон мянган залуусын түүчээ нь болж:
• Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч
• Монголын Зүүний Хүчний Холбооны дэд ерөнхийлөгч
• Өвөрхангай аймгийн нийгэмд үйлчилдэг томоохон төрийн бус байгууллага болох “ГЭГЭЭН ХАНГАЙ” КЛУБ-ын үүсгэн байгуулагч, анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Түүний нөхөрсөг, нийтэч, хөгжилтэй, шударга, тусархаг, өглөгч, уужуу тайван ухаалаг зан чанар, удирдан зохион байгуулах, манлайлах чадвар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх дурсагдан үлдэх болно.
Өвөрхангай нутагтаа хийж бүтээсэн томоохон бүтээн байгуулалт, нутгийн олон залуучуудын ахуй амьдрал, ирээдүйд оруулсан үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт, үлгэр жишээ үзэл санаа бүхэн тань үүрд мөнх дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, анд найзууд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье!
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл (0)