Хутаг-Өндөрийн хөрсөнд ургасан ногоо бүхэн амттай

Ногоон навчис өнгөө сольж, намрын шаргал нар дээрээс төөнөсөн Хутаг-Өндөрийн намар өнөтэй сайхан байна. Хаашаа л харна халиуран найгах тариан түрүү. Булган аймгийн “Хутаг-Өндөр” сум үржил шим сайтай хөрс шорооны өлгий гэлтэй. Тус суманд тариа хураалтаас гадна ногоо хураалтын их ажил өрнөж байв. Энд ах дүү хоёр Улсын аварга ногоочин бий. Тэдний том ах болох Дүүрэнгийн Ганбаатарынд зорьж очлоо.

 

40 гаруй жил ногоо тарьж байна

 

Тэртээд харагдах ногооны талбай. Үзүүр нь үл харагдах энэ үржил шимт газар үр өгөөжөө өгч, энэ жилийн ногооны гарц элбэг байгаа нь харагдана. Ганбаатар гуайнд очиход тэдний бага хүү биднийг угтсан юм. “Аав ээж хоёр хадландаа гарсан. Би жаахан амсхийж байгаад араас нь гарна. Та хэд очоод уулзчих” гэсээр бидэнд аавынхаа байгаа газрыг зааж өгсөн юм. Гэрээс нь холгүй тэдний ногооны талбай байх. Харин тэртээ цаана хоёр хүн бүртийж үзэгдэв. Нэг зүйл зөөгөөд байгаа бололтой. Ойртоод очвол Д.Ганбаатар гуай эхнэрийнхээ хамт боодолтой өвсөө ачаалж байсан нь тэр ажээ.

 

Тэднийх ах дүү бүгдээрээ ногоо тарьж, үр шимээр нь амьдарч яваа хөдөлмөрч улс юм. Ганбаатар гуай гэхэд 40 гаруй жил ногоо тарьж буй тухайгаа бидэнд дуулгаад амжсан. Тэрбээр “Би 1980-аад оноос хойш газар тариалан эрхэлж байна. Одоогоор төмс, сонгино, будаа түлхүү тарьж байна.

 

Мөн нарийн ногооноос багаханыг тарьдаг. Нас яваад ч тэр үү их хэмжээгээр тарьж чадахгүй байна” гэсэн юм. Тэрбээр энэ жил таван га газарт хүнсний ногоо, 60 га-д будаа тарьжээ. Өдгөө ногоо хураалт эхэлсэн бөгөөд тэднийх эхлээд сонгиноо хурааж дууссан гэнэ. Д.Ганбаатар гуайн аав нь мөн Улсын аварга ногоочин тариаланч хүн байжээ. Тиймээс түүний хүүхэд нас их ажлын дунд өнгөрч, ижий ааваасаа ногоочин хүнд байх ёстой мэдлэг, арга ухааныг сурч авсан гэж байв. Д.Ганбаатар эхээс наймуулаа бөгөөд өдгөө дөрвөн хүү нь Хутаг-Өндөр сумандаа ногоо тарьж амьдардаг юм байна.

 

сонин mn

Ах дүү аварга ногоочид

 

Ногоочин Д.Ганбаатарын гурван эрэгтэй дүү нь ногоо тарьдаг бөгөөд нэг нь ахтайгаа адилхан Улсын аварга ногоочин бол нэг дүү нь аймгийн аварга ногоочин гэнэ. Тэд бие биедээ дэм болж, ямар ч үед ах дүүсээ гэсэг сэтгэлээр туслаж, ногоо хураалтын их ажлаа олны хүч оломгүй далай гэдгийн адилаар дэм дэмэндээ болгосоор иржээ.

 

Д.Ганбаатар “Анх залуу байхад би дүү нараасаа олон га газарт ногоогоо тарьчихаад ажрахгүй хураачихдаг байлаа. Харин одоо дүү нар минь надаас том талбайд ногоо тарьж байгаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд нарийн ногоог түлхүү тарьж байх шиг байна” гэсэн юм.

 

Түүнээс Хутаг-Өндөр сум ногоо тарихад хэр тохиромжтой нутаг вэ гэж асуухад “Хутаг-Өндөрийн газар шороо их өгөөжтэй шүү. Анх ах дүү бид л энэ нутагт ногоо тарих эхлэлийг тавьж байсан бол өдгөө бараг ногоо тарьдаггүй айл өрх гэж алга. Хутагчууд бүгдээрээ хүнсэнд хэрэглэх ногоогоо өөрсдийн гараар тарьдаг хөдөлмөрч улс” гэж хариулсан юм. Тэрбээр 2011 онд Улсын аварга ногоочин болжээ. Тухайн үед Д.Ганбаатар гуай 10 га газарт лууван, манжин, байцаа, төмс, сонгино зэрэг хүнсний ногоо тарьдаг байсан гэнэ. Энэхүү шагнал нь түүний 30 жилийн хөдөлмөрийн үр шим байсан юм. Энэ тухай “Би их олон жил хөдөлмөрлөж байж улсын аварга болсон. Тэр үед шүүлт ч их чанга, үнэн зөв байжээ. Харин одоо бол нэг жил ургац гайгүй хураасан бол өнөөх цолыг нь өгчихдөг болсон байна лээ. Ногоо хураах чинь их нарийн, тэсвэр тэвчээр шаардсан ажил шүү”  гэв. Ногоочны өглөө их эрт эхэлдэг ажээ. Д.Ганбаатар гуай өглөө 04:00 цагтай уралдаж босоод, ногоон талбай руугаа гардаг гэнэ. Ингээд орой нар жаргасан үед л гэртээ ордог гэсэн юм. Төмс, байцаа зэргийг есдүгээр сардаа багтааж хураадаг бол хүйтэнд хамгийн тэсвэртэй ногоо нь манжин байдаг ажээ. Тиймээс манжинг хамгийн сүүлд буюу аравдугаар сар гарсан хойно хураадаг юм байна.

 

Ногоогоо зөвхөн бууцаар борддог

 

Д.Ганбаатар анх сумынхаа сангийн аж ахуйн ногоочин байжээ. Хожим нь энэхүү ногоо баригадынхаа даргаар нь томилогдож, залуу насныхаа эрч хүчийг нутгийн иргэдээ ногоогоор таслахгүй байх их ажлын аянд өнгөрүүлсэн байна. Хожим нь тухайн сангийн аж ахуй хувьчлагдахад нь авч, ийнхүү хувиараа ногоо тарих болжээ. Ид залуу байхдаа 50 га талбайд ногоо тарьж явсан туршлага түүнд бий. Хутаг-Өндөрийн ногооны амт бусад аймгийнхаас илүү шимтэй, амттай байдаг гэж Д.Ганбаатар гуай онцолж байсан юм. Түүний хувьд ногоогоо зөвхөн өтөг бууцаараа борддог гэнэ. Намар болж, ургацаа хураах үед ногоочин хүн бүхэнд баярлах, бахархах сэтгэл төрдөг гэж байв. Ганбаатарын хувьд хураасан ногоогоо ихэвчлэн Орхон болон Хөвсгөл аймаг руу аваачиж зардаг гэсэн. Юмны үнэ тэнгэрт хадсан энэ үед бөөний үнээр 800 төгрөгөөр ногоогоо өгдөг гэнэ. Гэвч худалдаачид лангуун дээр зарахаараа 2000 төгрөгөөр зардагт нь жаахан ундууцаж явдгаа ярьж байлаа. Монгол ногоо, хятад ногоо тарихын ялгааны тухай “Би энэ олон жилд хятад ногоо хүртэл авчирч тарьж үзлээ. Уг нь их сайн ургадаг ч амт нь монгол ногоогоо гүйцдэггүй юм билээ” гэсэн юм.

 

 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)