Монголын Барилгын үндэсний ассоциацийн “хоёр нүүртэй” удирдлагуудыг АТГ шалгах уу

Монголын Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Л.Хулан, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Х.Гүлбарша нар Барилга угсралт, барилгын зураг төсөл боловсруулах, өргөх байгууламжийн засвар, угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг олгохдоо ашиг сонирхлын үүднээс хандаж, хүнд суртал чирэгдэл үүсгэдэг гэх гомдол АТГ-т очсон байна.

Тухайлбал, барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий “Интелекттауэр” ХХК-д зөвшөөрлийн нэмэлт заалт олгохдоо, олон шалтгаанаар татгалзсан хариулт өгсөн ч өмнөх нөхцөл өөрчлөгдөөгүй байхад шийдвэрээ маш хурдан өөрчилснийг сайтад тавьсан мэдээллээс харж болох юм.

Тус компани нь барилгын зураг төсөл боловсруулах ЗТ 6.3, 6.4, 10.1, 10.2 заалтаар тусгай зөвшөөрлийн нэмэлт заалт авахаар 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт илгээжээ. Тус хүсэлтийг Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ хүлээн авч хянаад 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дараах шалтгааны улмаас татгалзсан хариу өгсөн байгаа юм.

Үүнд,

  1. ЗТ-6.3 заалт Батхүүгийн баклаварын дипломын хавсралт дутуу,
  2. ЗТ-6.4 заалтад Чулуун-Эрдэнийн мэргэжлийн индекс таарахгүй,
  3. ЗТ-10.1 заалтад Мягмарсүрэнгийн мэргэжлийн хугацаа дууссан, Ганчимэгийн мэргэжлийн хүрээ таарахгүй,
  4. ЗТ-10.2 заалтад Сайнжаргал нь “Сино хайдро корпорейшн” ХХК-д бүртгэлтэй, төсөвчний мэргэшсний хугацаа дууссан,
  5. 7 дугаар сард хүсэлт ирүүлсэн тул сүүлийн 1 сар буюу 6 дугаар сарын нийгмийн даатгалын баталгаажсан тайлан ирүүлэх зэрэг шалтгааныг дурджээ.

Тэгвэл дээрх нөхцөл байдал нь хэвээр байхад шийдвэр нь хэрхэн өөрчлөгдсөнийг доорх хоёр баримтаас харж болох юм.

Баримт 1.

 “Интелекттауэр” ХХК нь 2023 оны наймдугаар сард ЗТ-10.2 буюу барилга байгууламжийн ажлын төсөв боловсруулах зөвшөөрлийг хүсэхдээ, мэргэшсэн төсөвчин Ч.Сайнжаргал, тэргүүлэх төсөвчин Ч.Мөнхтуяа нарын нэрийг ирүүлжээ. Гэтэл Ч.Мөнхтуяа нь тус компаниас гадна “Идэр чандмань” ХХК, “Сант-Өндөр” ХХК-д бүртгэлтэй байсан нь тусгай зөвшөөрөл олгох журмын 4.3-т заасан Суурь нөхцөл, шаардлагад заасан мэргэшсэн зэрэгтэй инженер, архитектор, төсөвчний орон тоонд зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй инженерийн ажилтанг /үндсэн ажилтан бол хамаарахгүй/ бүртгэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, өөр 2 аж ахуйн нэгжид бүртгэлтэй тэргүүлэх төсөвчин Ч. Мөнхтуяаг энгийн төсөвчний орон тоонд бүртгэн хүсэлт ирүүлсэн атал МБҮА-аас нэмэлт тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарган БХБЯ руу явуулсан байна. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр тусгай зөвшөөрлийн нэмэлт заалтыг олгожээ.

Хачирхалтай нь, яг адилхан нөхцөлтэй хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд журмын 4.3 заалтыг зөрчсөн гэдэг шалтгаанаар татгалзсан хариу өгсөн байгаа аж.

Баримт 2.

Интелекттауэр ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЗТ-6.4 буюу Барилга байгууламжийн дотор мэдээлэл холбоо, галын болон бусад дохиоллын системийн зураг төсөл, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл боловсруулах нэмэлт заалт авахаар дахин хүсэлт ирүүлсэн байна.

Ингэхдээ, суурь шаардлагад заасан мэдээлэл, холбоо дохиоллын инженерт өмнө нь бүртгүүлэн нэрийг нь ирүүлсэн компьютерийн программ хангамжийн мэргэжлийн дипломтай Э.Чулуун-Эрдэнийг дахин бүртгүүлжээ. Гэтэл, ердөө сарын өмнө мэргэжлийн индекс таарахгүй хэмээн буцаасан байтал энэ удаад хянаж байна гэх төлөвт 10 минут орчим шалгаад БХБЯ руу тусгай зөвшөөрлийн заалтыг олгохоор албан бичиг илгээжээ.

Өөрөөр хэлбэл, ижил нөхцөл байдлыг өөр өөрөөр шийдвэрлэн, тусгай зөвшөөрөл олгох суурь нөхцөл шаардлагыг илтэд зөрчсөн шийдвэрүүд гаргасан гэдэг нь тодорхой байгаа юм.

Барилга угсралт, барилгын зураг төсөл боловсруулах, өргөх байгууламжийн засвар, угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл олгох зэрэг төрийн зарим чиг үүргийг 2018 оноос хойш гэрээний үндсэн дээр Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ, түүний түншлэл шилжүүлэн, эрх олгосон атал энэ мэт асуудлууд тасрахгүй байгаа нь АТГ, хууль хүчний байгууллагын анхаарлыг татахад хүргэж буй аж.

Эх сурвалж: Toim.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)