Х.Нямбаатар: Авто зам өргөтгөлөө гээд түгжрэлийг бууруулж чадахгүй гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй

Гааль болон Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээс үзвэл Улаанбаатар хотын авто замд нийслэлийн дугаартай, бүртгэлтэй 720,000 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд энэ тоо жилд дунджаар 47-50 мянгаар нэмэгдэж байгаа юм. Энэ хурдаар өсвөл дөрвөн жилийн дараа Улаанбаатар хот нэг сая автомашинтай болж, дэлхийд анти-статистикаараа тэргүүлэх магадлалтай. Өмнө нь нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулах чиглэлээр авто замын сүлжээг өргөтгөн, гүүр барих бодлого барьж байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд хотын авто замын сүлжээ 30 орчим хувиар өргөжсөн байна. Гэтэл 325 мянга байсан тээврийн хэрэгслийн тоо өнөөдөр 720 мянгад хүрчээ. Тиймээс авто зам өргөтгөлөө гээд түгжрэлийг бууруулж чадахгүй гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Тус хуулийн төслийн хамгийн эхний зохицуулалт бол НИТХ-аас нийслэл Улаанбаатар хотод олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай юм. Бид хот дотор өдөрт дунджаар 2.8 сая удаа зорчилт хийдэг.

Өнөөдрийн байдлаар улаанбаатарчууд жилд 717 цаг буюу 31 хоногийг түгжрэлд зарцуулж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 9 хувь буюу 3.8 их наяд төгрөгийг түгжрэлд үрж байгаа гэх харамсалтай судалгаа гарсан. Тиймээс түгжрэлийг сааруулж, бууруулах чиглэлээр захиргааны болон зохион байгуулалтын арга хэмжээ авч чадахгүй бол дээрх алдагдсан боломж улам өснө. Эхний ээлжид замбараагүй орж ирж буй импортын автомашины тоог дугаар олголтоор хязгаарлах зарчмыг барьж байна. Үүний тулд дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ тогтоох бөгөөд түгжрэл саарч, авто замын хүртээмж нэмэгдсэн тохиолдолд дугаарын дээд хязгаарлалтыг нэмэх уян хатан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Энэ хүрээнд автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй. Автомашины дугаар эзэмшигчид өөрсдийн автомашины дугаарыг бусдад шилжүүлэх, худалдаалах, барьцаалах боломжтой бөгөөд шинэ автомашин авах тохиолдолд эзэмшиж буй автомашинаа хөдөө орон нутагт худалдаалах, эсвэл устгуулах замаар бүртгэлээс хасалт хийлгээд дугаараа бусдад шилжүүлэх болон өөрөө шинэ автомашин авахдаа ашиглах эрх зүйн зохицуулалтыг хийж буй юм гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)