С.Чинзориг: "Глобаль сантай хамтран ажилласнаар ДОХ-ын бага тархалтыг тогтоон барьж чадсан

Эрүүл мэндийн яам, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн 20 жилийн тайлангийн хурал боллоо.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл, Үндэсний зохицуулах зөвлөлийн дарга Х.Ганбаатар болон төсөл хэрэгжүүлэх нэгж, эрүүл мэндийн салбарын 200 гаруй төлөөлөл оролцож, төслийн ололт амжилтыг хамтдаа дүгнэлээ.



Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн үндсэн хүлээн авагчаар ЭМЯ 2003 оноос хойш тасралтгүй ажиллаж, нийт 91 сая ам.долларын буцалтгүй тусламжаар ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэхэд чиглэсэн төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгааг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тайлангийн хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлоод "Монгол Улсын Засгийн газраас боловсруулан, хэрэгжүүлж байгаа “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө”-нд ХДХВ, Бэлгийн замаар дамжих халдвар болон сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, үндэсний хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэсэн арга, хэмжээнүүд тусгагдсан бөгөөд хэрэгжилтийг бүрэн хангахад олон улсын хандивлагч байгууллагууд санхүү болон техникийн дэмжлэг үзүүлдгээс ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх Глобаль сан хамгийн том дэмжлэгийг үзүүлдэг билээ.
Манай улс сүүлийн 20 жилийн хугацаанд ХДХВ, ДОХ-ын бага тархалтыг тогтоон барьж ХДХВ-ийн халдварыг илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээ, ХДХВ-ийн халдвар эхээс урагт дамжихаас сэргийлэх, цусны аюулгүй байдлыг бүх түвшинд хангах, эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн зэрэг олон хөтөлбөрүүдийг амжилттай нэвтрүүлсэн билээ. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй бол халдварын шинэ тохиолдол 6000-д хүрч, 2000 гаруй хүн нас барах тооцооллыг Глобаль сан гаргасан байна.
Түүнчлэн сүрьеэгийн илрүүлгийг алслагдсан орон нутагт идэвхжүүлэн, оношилгооны шинэ дэвшилтэт технологийг эрүүл мэндийн бүх шатлалд нэвтрүүлж, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлснээр сүрьеэгийн шалтгаант нас баралтыг 2,5 дахин бууруулж, эмчилгээний амжилтыг 85 хувьд хүргэх Мянганы хөгжлийн 6-р зорилтыг биелүүлсэн. Мөн төслийн хугацаанд нийт 97 мянган сүрьеэтэй хүн оношлогдож эмчлэгдсэнээр олон зуун мянган хүнийг халдвар авахаас сэргийлсэн” хэмээн хамтран ажилласан 20 жилийн ажлыг өндрөөр үнэлсэн.
Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуультай болохоор ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн хэмжээ улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж,  Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг тав дахин өсгөснөөр иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулах хөрөнгийн хэмжээг шинээр тогтоож буй зэрэг Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар онцлон танилцуулсан.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд тус сантай хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнгийн талаар “Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын хөтөлбөрийн хүрээнд энэ өвчлөлийг тархалтыг хамгийн бага түвшинд байлгахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн энэ хугацаанд ХДХВ-ийн халдвартай амьдарч буй 20 эхээс 32 хүүхдийг халдваргүй амжилттай төрүүлсэн бөгөөд тэднээс 12 эх давтан төрсөн зэрэг олон ажлын ард гарсан.
ДОХ, сүрьеэгийн төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төсөл, КОВИД-19 цар тахалтай тэмцэх нэмэлт санхүүжилтийг Глобаль сангаас авч Монгол Улсын нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, нийтийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн тусламж үйчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.
Төсөл хэрэгжсэн 20 жилийн үр дүнд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоог сайжруулахад анхаарч, орчин үеийн молекул биологид суурилсан оношилгооны арга ЖенеЭскперт шинжилгээг үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлж, томоохон сумын Эрүүл мэндийн төвөөс, лавлагаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг зэрэг 41 нэгжид ашиглаж, богино хугацаанд өндөр мэдрэг аргаар сүрьеэ, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж, тохирох горимоор эмчлэх боломж бүрдүүлсэн.
Сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоонд дүрс оношилгооны шинжилгээ чухал бөгөөд орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байна. Эдгээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг зөвхөн сүрьеэд ашиглаад зогсохгүй, КОВИД-19 цартахалын тусламж үйлчилгээнд нэн чухал үүрэг гүйцэтгэлээ” гэв



Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл “Глобаль сангийн дэмжлэгээр дэлхийн 100 гаруй улсад ДОХ, сүрьеэ, хумхаагийн эсрэг төсөл хэрэгждэг бөгөөд Монголд ДОХ, сүрьеэгийн төслийг  санхүүжүүлдэг. ДОХ, сүрьеэгийн төсөл нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт найман мөчлөг бүхий төслийг Монголд хэрэгжүүлсэн. Ирэх гурван жилд төслийг үргэлжлүүлэхэд 14 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор болсон” хэмээн мэдээлэл өгсөн.



Глобаль сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл үндэсний хэмжээнд хэрэгжсэнээр ХДХВ, ДОХ, БЗДХ-ын оношилгоонд дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий шинжилгээний аргууд болох ХДХВ-ийн халдварын батлах шинжилгээ, вирусийн ачаалал тодорхойлох, нярайн эрт үеийн оношилгоо, CD эс тоолох, БЗДХ-ыг молекул биологийн түвшинд оношлох аргуудыг нэвтрүүлсэн.



Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын  нийт тохиолдлын 30 орчим хувь нь төслийн хүрээнд хийсэн үйл ажиллагааны үеэр илэрсэн. Өнгөрсөн 2022 онд хийсэн тооцооллоор Монголд 2023 онд 645 хүн халдвартай байх магадлалтай бөгөөд ХДХВ-ийн халдвартай байж болох хүмүүсийн 47 хувь оношлогдсон гэдгийг албаныхан мэдээллээ.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.186.55)

    2023-12-10

    АНУ Монгол дахь эрлийзүүдийг тагнахын тулд тэдгээрийн хажуу, дээд ба доод айлуудыг нь ашиглан, хана нэвт сонсдог төхөөрөмжүүдээр Монгол дахь эрлийзүүдийг чагнадаг юм. Иймэрхүү гэмт хэргүүдэд оролцож байгаа цэвэр цусны Монголчууд АНУ-ын тусламжтайгаар тасархай баян болцгоосон. Ардын намынхан 30 гаруй жилийн өмнөөс эхэлсэн, эрлийзүүдийг чагнаж байгаа энэ гэмт хэргүүдийг мэдэж байсан.

  • (66.181.186.55)

    2023-12-09

    Монголд өвчтөний өвчний түүхийг нууцлахаа больсон. Монголын их эмч нар өвчтөнүүдийн өвчний түүхийг асуусан хүн болгонд дуртаяа хэлж өгдөг юм.