Амьдрал муу гээд эх орноо хаяад явчихаар энэ ноорхой Монголыг хэн өөд нь татах вэ

Хэн хүнгүй л гадагшаа явах тухай уулзсан болгонтойгоо ярьж, бие биедээ зөвлөж байна. Хэд гурван төгрөг нь амьдралд хаанаа ч хүрэхгүй юм, ингэж байхаар насны залууд гадагшаа яваад аж, амьдралаа босгоод ирдэг юм бил үү гэсэн бодолтой залуучууд олон. Үнэхээр ч Монголд авч байгаа цалин, ажиллах, амьдрах орчин тун тааруу байгаа нь үнэн л дээ. Ам.долларын ханшийн чангаралтаас шалтгаалсан үнийн өсөлт, агаарын бохирдол, түгжрэл, бухимдал, архидалт, түлш, эрчим хүчний хомсдол гээд асуудал их. Ядаж байхад нийт хүн амын талаас их хувь нь Улаанбаатар гэх ганцхан хотдоо бөөгнөрчихсөн. Гэтэл энэ хот маань хүн амьдрахад ямар “тамтай” болсон билээ. Тиймээс залуучуудад энэ там шиг газарт аз жаргалтай амьдарна гэсэн итгэл, урам зориг, хүсэл тэмүүлэл гэж байхгүй болж.

Тэгвэл Улаанбаатар хотод биш хөдөө гарч амьдраач гэвэл залуучууд ёстой “нөү” л гэх байх. Дэлхийтэйгээ зэрэгцэн амьдрах гэж байхад юун хөдөө вэ гэнэ. Дижиталчлагдсан энэ үеийн залуучуудыг хотын амьдралаас салгах ямар ч боломжгүй. Эвэр, туурайгаа ялгахгүй хүмүүс хөдөө гараад сайхан амьдарна гэдэг ёстой лөөлөө байх. Нөгөөтэйгүүр суурин амьдралд хөлөө олох гэж ядаж байгаа Монгол Улсын хувьд эргээд нүүдэлчин ахуй руугаа буцна гэдэг хөгжлийн ухралт хийсэнтэй адил. Тиймээс л Монголын аль сийрэг сэтгэдэг, унхиатайнууд нь амьдралаа бодож эх орноосоо дүрвэн, бусдын нутагт ажиллаж, хөдөлмөрлөхөөр жил бүр 30, 40 мянгаараа явцгааж байна. Хөдөлмөрлөдөг, сэтгэдэг зүтгэдэг нь ингээд мянга мянгаараа эх орноо хаяад явчихаар ямар хүмүүс энэ улсад үлдэж байгааг анзааръя. Монгол Улс яг одоогийн байдлаар нийт 3.4 сая хүн амтай. Хүн амын өсөлт 1.4 хувь гэж байгаа. Энэ бол маш бага үзүүлэлт юм билээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өдөрт 30 гаруйхан хүнээр бүл нэмж байгаа гэсэн үг. Мэдээж өөд бологсдоо хасаад гарсан тоо нь энэ. Гэтэл жилдээ 30, 40 мянган иргэн гадагшаа суралцаж, ажиллаж амьдрахаар гарч байна. Үүнийг сараар нь бодъё. Сард 1000 гаруй хүн эх орноосоо явж байна. Тэгвэл бүр өдрөөр нь бодъё. Өдөрт 3033 хүн Монгол Улсаас дэлхийн бусад орнуудыг зорин явцгааж байна гэсэн үг. Нөгөө хүн амын өсөлтийн тоотой үүнийгээ харьцуулаад харахаар Монгол Улсад хэн үлдээд байгаа нь сонин. Мэдээж дөнгөж төрсөн нярай болон бага насны хүүхдүүд, оюутнууд, тэтгэврийн хэдэн хөгшид л үлдэж байгаа юм. Гэтэл Монгол Улс хөгжмөөр байна. Монгол орноо диваажин болгомоор байдаг. Хэн энэ ноорхой Монголыг өөд татах вэ. Хүүхдүүд үү, эсвэл ахмадууд уу. Үлдсэн цөөн хэдэн залуучууд нь улстөрждөг. Хийхээсээ илүү ярих сонирхолтой. Баялаг бүтээгч болохоосоо илүү дарга болчих хандлагатай. Цэцэрхсэн, хоосон мөрөөдөлтэй хүмүүсээр энэ улс дүүрч. Тэдний улс төрийн сонголт нь ч тун тааруу байх нь ойлгомжтой. Ажил хийдэггүй болохоор бэлэн хоол өгсөнийг нь тэд шууд сонгоно. Өөрсдөө хурдан дарга болохын төлөө сонгогдоод гарч ирсэнийхээ өгзөгийг нь долоох шахам дагаж гүйнэ. Яг ажил хийдэг, хөдөлмөрлөдөг, баялаг бүтээдэг нь эх орноо хаяад гадагшаа явцгааж байна. Үнэндээ сонголтоо зөв хийчихдэг, нийгмээ зөв дүгнэдэг, аливаа асуудлыг нэг биш олон талаас нь хардаг хүмүүс Монголд цөөрсөн.

Тэдний хувьд Монгол Улс зүгээр төрсөн нутаг гэх тодотголоор л зүрх сэтгэлд нь оршиж байна. Угтаа тэд эх орондоо байгаад сонголтоо хийсэн бол улс орныг удирдах улстөрчдийн хандлагаас эхлээд нам засгийн бодлого нь хүртэл өөр байх байсан. Учир нь нийгмийн олонхийг мэдлэгтэй, боловсролтой, ажиллах, баялаг бүтээх хүсэл тэмүүлэлтэй ийм залуучууд бүрдүүлнэ. Тэр утгаараа тэд зөв хүнээ сонгож төрд гаргана. Гэтэл сүүлийн 10 гаруй жил нийгмийн энэ том бүлэг гадагшаа яваад цөөрөөд байгаа учраас л өнөөдрийн Монгол Улсын төр хулгайдаа живчихсэн, худалчдаар дүүрчихсэн гэлтэй. Төрд гарсан хулгайчид гэж бид шүүмжилдэг. Үнэн хэрэгтээ тэднийг та бид л сонгож гаргасан. Тэгэхээр муу төртэй байгаа нь бидний муугийнх. Үүнийгээ бид хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөөтэйгүүр мууг сонгож байгаа нь ч бидний муугийнх. Учир нь сайчууд нь бүгд дээр хэлсэнчлэн эх орноо хаяад явчихсан тэр юм. Тэгэхээр одоо яах вэ. Эхний ээлжид гадагшаа явж байгаа сайчуулаа эх орондоо үлдэж, Монгол Улсаа өөд татацгаая гэж уриалах хэрэгтэй. Унхиатайнууд нь эх орноосоо яваад байвал энэ улсыг хэн өөд нь татах вэ, улам л ноорхой дээрээ навсайна. Тиймээс сэтгэдэг залуучууд Монголынхоо төлөө сэтгэмээр байна. Ажилладаг хүмүүс нь Монголынхоо төлөө ажилламаар байна. Угтаа дэлхийн диваажинг Монгол Улсад байгуулахад бидэнд дутагдах гачигдах зүйл огт байхгүй. Монгол Улс өргөн уудам нутагтай. Байгалийн асар их баялагтай. Хүн ам цөөнтэй. Юу ч тарьсан газар нь байна. Ямар ч мал өсгөх бэлчээр нь байна. Ухаж гаргаад боловсруулах түмэн зүйлийн баялаг нь байна. Харин энэ улсыг өөд нь татъя гэж бодитоор ярьж хэлж байгаа хүмүүс цөөхөн байна. Эсрэгээрээ Монгол Улсаас явъя, дүрвэе гэцгээх юм. Монгол Улс хүн дүрвэх хэмжээнд хүрчихсэн бил үү. Монголд дайн дажин алга. Дарангуйлал, дарлал алга. Нэг намын дарангуйлал, татварын дарлал гээд байдаг чинь зүгээр л хоосон улс төр. Дарангуйлал, дарлал гэдэг дэлхийн түүхэнд арай өөр зүйлийг ойлгодог байх. Монголд одоогоор тийм дарангуйлал алга. Нэмээд хүн дүрвэж зугтаагаад байх байгалийн гамшигт үзэгдэл болдоггүй. Өлсгөлөнд нэрвэгдчихсэн ч юм алга. Тэр утгаараа Монгол Улс бол дүрвэж зугтахаар орон огт биш. Ер нь Монголоосоо явлаа гээд та бүхэн хаана очих гээд байгаа юм. Эцсийн эцэст явсан хүн эх нутаг минь гээд л ирдэг биз дээ. Ингэхдээ ид хийж бүтээх залуу насаа хүний нутагт орхичихоод ирдэг нь харамсалтай. Таны залуу насны хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийн үр шим Монголоос бусдыг нь тэтгэн дэлгэрүүлж байна.

Тэгэхээр залуучуудаа эх орондоо тогтож, энэ улсынхаа төлөө ажиллацгаая. Монголын эсрэг байгааг нь шоронд хийдэг, Монголын төлөө ажиллаж байгааг нь шагнадаг байцгаая. Ийм болоход бидэнд жаахан зөв хандлага л хэрэгтэй. Адаглаад төрд гарсанууд нь хэдэн арван их наядаар нь идэж уумааргүй байна. Ийм төр засгийг бид сонгож, байгуулмааргүй байгаа юм. Төр засгаа яаж байгуулах нь ард түмэн бидний шийдэх асуудал. 40 их наядын хулгайг бид гадагшаа алдчихлаа. Угтаа үүнийг дотоодынхоо зах зээлд барьж чадсан бол Монгол Улсын эдийн засаг яаж өсөх байсан бэ. Манай улсын нэг жилийн импортын нийт дүн ердөө есэн тэрбум ам.доллар. Ердөө гэдэг нь 40 их наядын хулгайтай харьцуулсан ойлголт. Ам.долларын ханшийн өсөлт Монгол Улсын импортын зардлаас шууд хамааралтай.

Импорт нэмэгдэх тусам гадагшаа чиглэх валютын урсгал нэмэгдэнэ. Тэр чинээгээрээ дотоодын валютын нөөц багасч, ам.долларын ханш өсдөг. Ам.долларын ханш өссөнөөрөө Монгол Улсын эдийн засагт зарим сөрөг нөлөөлөл бий болдгийг бид өнгөрсөн хугацаанд бишгүй дээ л үзлээ. Ковидын үед валютын нөөц хоёр хүрэхгүй тэрбум ам.долларт хүрсэн нь Монгол Улсыг дефолт зарлахад хүргэх шахсан. Тэр үед хулгайлагдсан 40 их наяд төгрөгөө валют болгочихсон бол өнөөдөр ам.доллар 3500 руу хэзээ ч очихгүй байсан гэдгийг эдийн засагчид тодорхой хэлнэ. Бараг 2000 төгрөг хүрэх үгүйтэй л байх байсан биз. Ам.доллар 1500тай байх үеийн бараа бүтээгдэхүүний үнийг та санаж байна уу. Талх 310 төгрөг, бензин 1200, их сургуулийн жилийн төлбөр 350 мянган төгрөг л гэдэг байлаа. Тухайн үеийн оюутнууд мэднэ дээ. Хоёр оюутан өдөрт 1000 төгрөгтэй байхад л болчихдог байсан үе. Өөрөөр хэлбэл 310 төгрөгөөр нэг талх авчихна. 300 төгрөгөөр хоёр гоймон авна. 100 төгрөгөөр нь хоёр ширхэг тамхи авчихна. Харин үлдсэн 300 төгрөгөөрөө автобусанд суугаад харьчихдаг байж. Одоо 1000 төгрөгөөр хоол идээд, тамхиа аваад, унаандаа өгөөд харьж чадах уу. Тэгэхээр 40 их наядын хулгай гэдэг бол талхны үнэ 310 төгрөг байсныг 3500 төгрөг болгон өсгөх хэмжээний мөнгө гэсэн үг. Ийм төртэй байгаадаа харамсаад ч яах билээ. Учир нь бид л энэ хүмүүсийг сонгож гаргаж ирсэн. Бид гэдэг нь цүнх барьж, нам дагасан залуучууд, цол гуйж, татаас аваад сурчихсан хөгшдийг хэлээд байгаа юм. Энэ хүмүүс л төр, засагт энэ мэт хулгайчдыг оруулж ирэх боломжийг нь нээж өгсөн. Тиймээс одоо төрд гаргаж ирэх хүмүүсийг энэ бүлгийнхэнд даатгаад амиа бодож, эх орноосоо зугтдагаа зогсооё. Урагдсан, ноорхой Монголоо өөд татахын төлөө эх орондоо тогтож хайрла, залуучууд аа. 

Э.Мөнхтүвшин 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.57.92.210)

    2024-01-30

    АНУ-г өөд нь татахаар Монголыг орхин явж байна.

  • (66.181.168.82)

    2024-01-30

    тэгээд монголдоо хайртай гээд ноорхой, өлсгөлөн хэвтээд байх уу...

  • (59.153.114.248)

    2024-01-30

    Монголдоо амьдрах дургүй.гадныхан монголчуудыг оруулах дургүй. Хаачих вэ