Ө.Батзул: Үл ойлголцох асуудал тулгарахад би эхнэрийнхээ сайхан чанарыг боддог

Залуу гэр бүлийн харилцаа, тулгардаг хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах тухай Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, үндэсний бөхийн “Нэгдэл” клубийн тамирчин, Монгол Улсын начин Өлзийсайханы Батзултай ярилцлаа.

Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа. Ярилцлагын эхэнд гэргийнхээ тухай бидэнд танилцуулахгүй юу? Анх яаж танилцаж байв?

Манай эхнэрийг Оюунбаяр гэдэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат. Бид хоёр анх 2016 онд чөлөөт бөхийн тэмцээн дээр танилцсан. Тэр үед би чөлөөт бөхийн тэмцээнд оролцож байсан юм. Эхнэр маань хувцас дизайнер мэргэжилтэй. Одоо “Micheal Amazonka” компанид мэргэжлээрээ ажилладаг. Бид танилцаад найман жил, гэр бүл болоод дөрвөн жил болж байна. Бид нэг хүүтэй.

Таны мөрөөдлийн гэргий ямар хүн байсан бэ?  Магадгүй тэр бодол өнөөдөр биеллээ олсон уу?

Миний хувьд хүлээцтэй, тэвчээртэй, ажилсаг хүнтэй суунадаа гэж их боддог байсан. Бодол маань биеллээ олсон. Үүндээ ч баяртай явдаг. Эхнэр маань хөдөө төрж өссөн учраас их ажилсаг. Хадам аав ээж хоёр маань их сайхан хүмүүс бий. Тэр ч утгаараа манай эхнэр гэр бүлийн хүмүүжил сайтай. Үүгээр нь ч би бахархдаг.  Яагаад ч юм эхнэртэйгээ танилцсанаас хойш улам илүү амжилт гаргаж байгаа санагддаг.

Залуу гэр бүлд үл ойлголцох асуудал түгээмэл тулгардаг. Та хоёрын хувьд түүнийг хэрхэн даван туулдаг вэ?

Мэдээж гэр бүл учраас үл ойлголцох асуудал гаралгүй яахав. Яагаад гэхээр хоёр өөр орчинд хоёр ондоо гэр бүлд өссөн хүмүүс нэг гэрт гэр бүл болоход үл ойлголцох асуудал тулгарна. Тэрийг хамтдаа даван туулах нь хамгийн чухал. Манай гэр бүлийн тухайд би эхнэртэйгээ асуудлыг ярилцдаг. Мөн хоёр биенээ сайн сонсдог. Миний хувьд эхнэртэйгээ маргалдах үед эхнэрийнхээ сайхан чанарыг боддог. Тэгэхээр уур бухимдалгүй болчихдог. Эхнэртээ буулт хийдэг гэх юм уу хэхэ.

Танай гэр бүлд дүрэм бий юу?

Бид хоёр хүүхдийнхээ хажууд маргалдах, өндөр дуугаар ярилцахаас зайлсхийдэг. Үүссэн асуудлыг шийдвэрлэхийн тулд сайн ярилцдаг юмуу даа.

Ийм асуулт асууж байгаад уучлаарай. Гэхдээ бөх хүнийг эхнэртээ гар хүрдэг, хүчирхийлдэг гэсэн дам яриа байдаг. Энэ тухай та ямар байр суурьтай байдаг вэ?

Би энэ талаар анх удаа сонсож байна. Эмэгтэй хүн гэдэг өөрөө эмзэг, уян зөөлөн хүн. Бөх битгий хэл ямар ч хүн тэр эмзэг, зөөлөн хүнд гар хүрэх, хүчирхийлэх гэдэг байж болохгүй үйлдэл. Тулгарч байгаа асуудлаа хоорондоо сайн ярилцаад, үнэхээр хүндрэл бэрхшээл байгаа бол хоёр тийш болсон нь дээр болов уу гэж бодож байна. Үнэхээр тэсвэрлэхийн аргагүй хүнд зүйлийг тэвчиж амьдарна гэдэг хэн хэнд нь хэцүү шүү дээ. 

Танай гэр бүл хүүхэд хүмүүжлийн тал дээр хэрхэн анхаарал хандуулж байна вэ

Би хоёр настай байхдаа эгчийнхээ хамт асрамжийн газар очсон. Оюутан болтлоо асрамжийн газар хүмүүжсэн. Мэдээж эцэг эхийн хайр халамжид өсөж байгаа хүүхдүүдтэй харьцуулахад асрамжийн газар байгаа хүүхдүүд хайр халамжаар дутуу. Гэхдээ миний хувьд ухаан орохоосоо өмнө асрамжийн газар очсон учраас олон хүүхдүүд дунд тоглож өссөн. Тэр утгаараа ганцаардал, эцэг эхийн хайр халамж үгүйлэгдэх тухай бодож байгаагүй. Харин хүү маань төрөөд өөрөө аав болохдоо үнэхээр эцэг эхийн хайр халамж дутуу байжээ гэдгийг ойлгосон. Тэр ч утгаараа хүүхэддээ аав хүүгийн гайхамшигтай тэр хайрыг мэдрүүлэхийг хүсдэг.

Хүүхэд хүмүүжлийн тухайд эхнэрийнхээ хамтаар судалж, суралцсаар л байна. Манай гэр бүлийн хувьд хүүхдийн хүмүүжилд маш их ач холбогдол өгдөг. Биднийг жоохон байхад эцэг эхийн хүмүүжүүлдэг байсан арга хэлбэр одоогийн хүүхэд хүмүүжлийн арга хэлбэр хоёр асар ялгаатай. Хуучных шиг хүүхдээ зодож, албадаж сургадаг байсан тогтолцоо одоо үед тохиромжгүй. Зэмлэхээс илүүтэйгээр сайн сонсогч нь байж тайлбарлаж өгөхийг хүсдэг. Нөгөөтээгүүр хүүхдийн хоёр насны, дөрвөн насны синдром гэж байдаг. Тэр үед нь яах ёстой, яаж тайвшруулах ёстой талаар судлаж хүүхэд дээрээ хэрэгжүүлж л яваа даа.

Таны хувьд гэр бүлийн харилцаанд хамгийн чухал зүйл нь юу вэ?

Хэн хэнийхээ хийж байгаа зүйлийг маш сайн ойлгодог байх нь чухал байх. Ажил мэргэжил, санхүүгийн бэрхшээл, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх зэрэг маш олон хүчин зүйлийн улмаас үзэл бодол зөрчилдөж хоорондоо маргалдах зүйл бишгүй тохиолдоно. Ийм үед бие биенээ ойлгодог байх нь чухал. Гэр бүл болохоосоо өмнө хамт амьдраад хоёр биенээ таньж мэдэх нь зүгээр болов уу. Тэгэж байж бид хоёрын үзэл бодол санал нийлж байна уу, цаашид энэ хүнтэй хамт амьдрах уу гэдэг шийдвэрээ гаргасан нь зөв болов уу гэж бодож байна.

Сүүлийн үед залуу гэр бүлийн дунд салалт нэмэгдэх хандлагатай болжээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

Би өмнө нь гэр бүл судлаач, сэтгэл зүйч хүний яриаг сонсож байсан. Салалт болгон муу биш. Гэр бүл салсан гэхээр хэн нэгнийг нь буруушаах, гүтгэх хандлага түгээмэл ажиглагдах болсон. Магадгүй үнэхээр таарч тохирохгүй байгаа хүмүүс салаад амьдарлыг өөрөөр харж илүү сайхан амьдарч болно шүү дээ. Гэхдээ үүгээр салалтыг зөвтгөж байгаа зүйл биш шүү. Аль нь хамгийн зөв шийдэл вэ гэдгийг ярилцах хэрэгтэй.  Магадгүй шийдвэр гаргахаасаа өмнө хамтдаа гэр бүл судлаач, сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авч үзээрэй гэж хэлмээр байна.

Манай гэр бүл ч гэсэн гэр бүл судлаач, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байсан. Одоо ч авдаг. Буруудсан зүйл байхгүй. Харин ч тулгарсан асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааны тухай оновчтой зөвлөгөөг өгч чадаж байсан. Салалт, хүүхэд өнчрөх гэдэг сайн зүйл биш. Би өөрөө өнчин өссөн учраас өөрийн туулсан замыг хүүхэддээ туулуулахыг хүсдэггүй. Тиймээс ярилцаж ойлголцох нь хамгийн зөв шүү л гэж хэлмээр байна.

Ажиглаад байхад эхнэр төрснөөс хойш гэр бүл салалт их байна гэж харсан. Төрсний дараах олон хүчин зүйлийн улмаас эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд ордог юм шиг санагдсан. Амархан уурладаг, амархан стрэссдэг, амархан гомдож, гуньдаг ч гэдэг юм уу. Үүнээс болж маргалддаг асуудал тулгардаг, цаашлаад хоёр биенээ ойлгохгүй харилцаа хөндийрдөг. Эцэстээ энэ нь салалтын шалтгаан болж байгаа талтай. Ийм үед мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө мэдээлэл авсан нь зүйтэй санагдсан.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: familycenter.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)