Намын жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг оруулах Үндэсний хөдөлгөөн өрнөх үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Шинэ сэргэлтийн реформын хүрээнд МҮЭХ-ныхонтой уулзав. Энэ үеэр МҮЭХ-ныхон "Авлигын, тэгш бус байдлын эсрэг хувьсгалд үйлдвэрчин бүтэн нэгдье" гэжээ. Энэ уулзалтаар тэд "Намын жагсаалтад нийгмийн төлөөллүүд оруулахад үндэсний хөдөлгөөн болох хэрэгтэй" гэсэн дээр санал нэгджээ.  Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбарынханд илтгэлээ танилцуулав. Тэрбээр “Манай улсын экспортын 93 хувь уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс Засгийн газар баялгийн реформ хийсэн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 2019 онд улсын төсөвт төлсөн татвар хураамж 962 тэрбум төгрөг байсан бол 2023 онд анх удаагаа хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн. Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн.

Авлигатай тэмц\эж, далд эдийн засгийг ил болгосноор тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. Энэ жил, дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлов.   Уулзалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар саналаа хэлэв. 30 жил шийдээгүй асуудлыг энэ Засгийн газар гурван жилд шийдэж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ зудтай байгаа энэ үед малчдадаа туслах Засгийн газрын санаачилгыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд дэмжихээ илэрхийллээ. Мөн Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой гарсан Засгийн газрын 370-р тогтоолыг шинэчлэх, хөдөлмөрийн хяналтыг үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэлд байлгах, зудтай байгаа энэ үед малчдын эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч өгөхийг хүслээ. 

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрийг дүгнэх Засгийн газрын гишүүдтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулж саналуудаа нэгтгэн ярилцах үүрэг өгөв.

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)