Москвагийн концертын танхимд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Баасан гаргийн орой ОХУ-ын Москва мужийн Красногорск хотын “Крокус сити холл” концертын танхимд үл таних зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. “Пикник” хамтлагийн тоглолтыг үзэхээр цугларсан хүмүүс рүү хэд хэдэн зэвсэгт этгээд автомат буугаар гал нээжээ. Оросын агентлагуудын мэдээлснээр, концертын танхимын ихэнх хэсэг галд автсан байна. 

“Крокус Сити Холл”-д зэвсэгт халдлага болсон тухай эхний мэдээ Москвагийн цагаар 20.00 цагийн орчимд гарчээ. Зэвсэгт этгээдүүд гал нээсний дараа концертын танхимд дэлбэрэлт болсон гэж ТАСС агентлаг шуурхай албаны мэдээллээс эш татан мэдээлсэн бол үүнээс цаг 30 минутийн дараа “Интерфакс” агентлаг дахин дэлбэрэлт болсон гэж мэдээлжээ. Улмаар барилгын дээврийн зарим хэсэг нурсан байна.

 Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн мэдэгдсэнээр, 115 хүн эмнэлэгт хүргэгдсэний 5 нь хүүхэд байна. 60 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд шархадсан хүмүүст шаардлагатай бүх арга хэмжээ авсан гэж Шадар сайд Татьяна Голикова мэдэгджээ. 

 

Ерөнхийлөгч Владимир Путинд халдлагын талаар илтгэсэн бөгөөд тэрбээр холбогдох бүх албаар дамжуулан тогтмол мэдээлэл авч байна гэж Оросын удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. 

 

Оросын Мөрдөн байцаах хороо терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Халдлага гарсантай холбогдуулан Москвагийн нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, Москва болон Москва мужид олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг цуцалсан байна. Дагестан, Умард Осет, Тула муж, Ненецийн автономит тойрог зэрэг ОХУ-ын хэд хэдэн бүс нутагт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан гэж ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

АНУ болон Өрнөдийн орнуудын эрх баригчид зэвсэгт халдлагыг буруушааж, эмгэнэл илэрхийлсэн байна. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк энэ хэрэгт Киев ямар ч холбоогүй гэж мэдэгджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)