Далай тэнгисийг хамгаалахад 3.5 тэрбум евро зарцуулахаа Европын Холбоо амлажээ

АФИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /DW/. Дэлхийн далай тэнгисийг хамгаалах, тогтвортой байдлыг дэмжихэд зориулж энэ онд 3.5 тэрбум евро /3.71 тэрбум ам.доллар/ зарцуулахаа Европын Холбоо /ЕХ/ амлажээ. Европын Байгаль орчин, далай тэнгис, загас агнуурын асуудал эрхэлсэн комиссар Виргиниюс Синкевичус Грекийн нийслэл Афин хотноо болж буй “Манай далай тэнгис” бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийхдээ "далай тэнгис бол бидний нэг хэсэг бөгөөд бидний хүлээх үүрэг хариуцлага мөн" гэж хэллээ.

Дэлхийн 120 орчим улс орны төлөөлөл оролцдог жил тутмын бага хурлын үеэр өгсөн дээрх амлалтын хүрээнд Кипр, Грек, Польш, Португал зэрэг улсад тогтвортой загас агнуурыг дэмжихэд 1.9 тэрбум евро, Кипр, Финланд, Грек, Итали, Испанид далайн бохирдолтой тэмцэхэд 980 сая евро зарцуулахаар төлөвлөжээ. Чуулганы зорилго нь Дэлхийн банкнаас “эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа, далайн экосистемийн байдалд ашиг тустай байдлаар далайн нөөцийг тогтвортой ашиглахад" чиглэсэн “цэнхэр эдийн засаг”-ийн үзэл санааг сурталчлах, дэмжих явдал ажээ.

Олон мянган арлуудаас бүрдэх Грек улс мөн энэ хурлын үеэр далайн биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратегиа танилцуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн сард ЕХ-ны Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас энэ оны хоёрдугаар сард далайн температур дээд цэгтээ хүрч өссөн тухай мэдэгдсэн юм. Загасыг хэт ихээр агнах, хуванцрын бохирдол зэрэг нь далай тэнгист томоохон аюул учруулж байна.

Хэрвээ цаашид арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд далай тэнгист хаягдаж буй хуванцрын хэмжээ ойролцоогоор гурав дахин нэмэгдэх магадлалтайг холбогдох судалгаа харуулжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)