Э.Блинкен: АНУ-ын тал Украиныг тууштай дэмжинэ

КИЕВ, 2024 оны тавдугаар сарын 15 /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мягмар гарагт Киевт гэнэтийн айлчлал хийлээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон бусад албан тушаалтнуудтай уулзаж, мөн гитар тоглон дуулжээ. 

 

Украины аюулгүй байдал баталгаатай болох хүртэл АНУ тус улсыг дэмжинэ гэж Э.Блинкен айлчлалынхаа үеэр мэдэгдсэн байна. 

 

Тэрбээр 61 тэрбум ам.долларын цэргийн багц тусламжийг Конгресс баталсны дараа Украинд айлчилсан Америкийн анхны өндөр албан тушаалтан юм. Киевт үг хэлэх үеэрээ Э.Блинкен Америкийн зэвсгийн нийлүүлэлт саатаж байгаа нь Украиныг Оросын халдлагад илүү эмзэг болгож байгааг хүлээн зөвшөөрөөд, Орос улс зогсохгүй гэдгийг Америкийн ард түмэн ойлгож байгаа учраас Украины тал АНУ-ын тууштай дэмжлэгт найдаж болно гэж онцлон тэмдэглэв. 

 

Э.Блинкен цааш нь хэлэхдээ, Ерөнхийлөгч Жо Байден Украинд тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг Конгрессоор батлагдсан даруйд Украин руу зэвсэг илгээсэн гэжээ. "Ойрын долоо хоногт илүү их хэмжээний зэвсгийг тулааны талбарт хүргэнэ" гэж тэрбээр хэлсэн байна. 

 

Украины Ерөнхий сайд Денис Шмыгальтай уулзах үерээ Э.Блинкен хэдийгээр байлдааны ажиллагаа явагдаж байгаа боловч тус улс эдийн засгийн шинэчлэлийг хийж, хувийн хэвшилд хөрөнгө оруулалт татаж байгаа нь Европын Холбоонд элсэх замд чухал ач холбогдолтой гэдгийг онцолжээ. Өмнө нь Украины Ерөнхийлөгч В.Зеленский Э.Блинкенийг хүлээн авч уулзах үеэрээ "маш чухал багц" тусламжийг үзүүлсэнд АНУ-ын талд талархал илэрхийлээд, түүний энэ удаагийн айлчлал нь "Украины зүүн нутагт хүнд хэцүү нөхцөл байдал үүсээд буй үетэй” давхцаж байна гэв. Өнгөрсөн долоо хоногт Оросын тал Харьков муж руу дайралтаа эрчимжүүлсэн байна.

сонин mn

Албан ёсны уулзалт дууссаны дараа Э.Блинкен Киев хотын нэгэн бааранд гитар тогложээ. Тэрбээр 1989 онд Берлиний ханыг нураахаас өмнөхөн гарсан Нейл Янгийн "Rockin' in the Free World" хэмээх рок сүлд дууг дуулжээ. “АНУ та бүхэнтэй хамт байна, дэлхийн ихэнх хэсэг та бүхэнтэй хамт байгаа бөгөөд тэд эрх чөлөөт Украины төлөө төдийгүй эрх чөлөөт ертөнцийн төлөө тэмцэж байна. Чөлөөт ертөнц та бүхэнтэй хамт” гэж Э.Блинкен дуулахаасаа өмнө хэлжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)