Д.Бат-Эрдэнэ: Хэн нэгний постыг шэйрлэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ гэсэн журам хаана ч байхгүй

Зарим хуульч сошиал хаягаараа сонгуулиар дэмжиж байгаа хүнийхээ постыг түгээхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Бүртгүүлэхгүй бол торгоно гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.


-Нэр бүхий хуульч хувийнхаа хаягаар дэмжиж байгаа хүнийхээ постыг шэйрлэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ, үгүй бол 5 сая төгрөгөөр торгуулах юм байна гэсэн агуулгатай зүйл ярьсан. Үнэн үү?

-Ор үндэслэлгүй худал мэдээлэл. Цахим орчинд бусдыг дэмжсэн, дэмжээгүй талаараа өөрийн байр сууриа илэрхийлэх, хэн нэгний постыг шэйрлэхийн тулд аль нэг байгууллагад бүртгүүлнэ гэсэн журам хаана ч байхгүй. Энэ бол худал, төөрөгдүүлсэн мэдээлэл. Ер нь энэ мэдээллийг хийж байгаа хүн яг энэ  мэдээлэл хүргэсэн сувгаараа дамжуулж залруулга хийх нь зөв байх.

Сонгуулийн хууль тогтоомжийг өөрөөр тайлбарлаж байгаа, эсхүл сонгогчдыг төөрөлдүүлсэн, худал мэдээлэл өгч байгаа бол хуульд заасан хариуцлага бий гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Ер нь цахим хаягийг бүртгүүлэх тохиолдол бий юү?

-Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам нийтэд нээлттэй байгаа (https://m-election. mn/sub/cG9zdDo1NDA5). Нэр дэвшигч өөрийнхөө цахим хуудсыг, эсхүл нам цахим хуудсаа бүртгүүлж болно. Түүнчлэн нэр дэвшигч өөрийнхөө болон ухуулагчийнхаа фэйсбүүк пэйжийг сурталчилгаанд ашиглана гэж үзвэл бүртгүүлж болно. Заавал бүртгүүлэх ёстой биш. “Сонгуулийн сурталчилгаанд би энэ пэйжээ ашиглана” гэж үзвэл бүртгүүлж болно л гэсэн үг. Түүнээс иргэд хэн нэгний пост, контентыг шэйрлэхийн тулд бүртгүүлэх ёстой гэсэн журам байхгүй, бүх фэйсбүүк хэрэглэгчид бүртгүүлэхгүй бол торгуулна гэсэн юм ярьж байгаа нь ор үндэслэлгүй худал мэдээлэл гэдгийг дахин хэлье.

М.Мөнхцэцэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)