Д.Лхагва: Олон жил дуугүй явж ирсэн нь миний алдаа байжээ
- Өчигдөр 09 цаг 58 мин
- Спорт
- 0
ХХ зууны манлай тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагва өөрийн цахим хуудаснаа өнөөдөр нэгэн мэдэгдэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.
...Надад Хөдөлмөрийн баатар хэрэггүй ээ. Төр надаас булаагаад авсан заал барих газрыг минь буцаагаад өгчихвөл олон олон олимп, дэлхийн аваргууд төрүүлэхэд бэлэн байна" хэмээгээд дараах тайлбарыг хийжээ.
Өнөөдөр Спортын төв ордон орчихоод, буцаж ирээд бодлоо. Би мэргэжлийн боксын WBА холбооны 2 жингийн дэлхийн аварга болж, түүх бүтээлцсэний төлөө Монголын төрөөс ямар дэмжлэг шагнал хүртсэн билээ гэж бодов.
Намайг төрөөс их олон юм авч, шагнуулсан гэж хүмүүс боддог. Олон жил дуугүй явж ирсэн нь миний алдаа байжээ. Ганц Лхагваагийн тухай асуудал биш мэргэжлийн спортыг төр засаг яаж дэмжиж, үнэлдэг тухай асуудал юм байна. Энэ бол гомдол биш бодит үнэнг хэлж байгаа зүйл шүү.
Анх Пан Азийн аварга болоход баахан Өргөмжлөл, Баярын бичиг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.
1999 онд дэлхийн аварга болоход МУГТ цол олгож, тухайн үед түрээслэж, бэлтгэл хийдэг байсан заалыг минь үнэ төлбөргүй өгнө гэж бүх хэвлэл мэдээллээр цацагдсан ч хотын дарга Миеэгомбын Энхболд нийслэлийн өмчийг үнэ төлбөргүй өгөхгүй гэснээр би өөрийн мөнгөөрөө худалдаж авч байсан юм.
Дараа нь өөрөө боксын заал барихаар шийдэхэд Баянгол дүүргийн Засаг дарга байсан С.Эрдэнэ дэмжиж, газар өгсөн ч мөн л Миеэгомбын Энхболд намайг тэмцээнд орох гээд гадаадад байсан эзгүй хойгуур булааж авсан.
2004 онд Лас Вегаст 2 дахь удаагаа Дэлхийн аварга болоод ирэхэд Ерөнхий сайд Н.Энхбаяр өргөмжлөл л өгсөн байдаг юм.
Өнөөдрийг хүртэл улсаас олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад сар бүр олгодог мөнгөн шагналд миний нэр байдаггүй ээ. Хүмүүс намайг сар бүр нилээн хэдэн сая авдаг гэж боддог юм байна лээ.
Мэргэжлийн бокст надаас эхлээд өнөөдрийг хүртэл бүх тамирчид дандаа гадныхны дэмжлэгээр явж ирсэн. Үүнийг л өөрчлөх гэж би мэргэжлийн боксын анхны промошн байгуулаад ажиллаж байна. Зөвхөн эх орондоо бэлтгэл хийж, монгол багш дасгалжуулсан эх орныхоо нэрийн өмнөөс тулалдах мэргэжлийн боксын Дэлхийн аварга төрөөсэй гэж хүсдэг.
Монгол Улсын төр, засгаас мэргэжлийн спортод бодит дэмжлэг байхгүй. Олимпын спортыг дэмждэг мөртлөө мэргэжлийн спортыг гадуурхдаг. Яг үнэндээ олимпын спортоос илүү мэргэжлийн спорт дэлхийд илүү үнэлэгддэг шүү. Дэлхийд мэргэжлийн боксын албан ёсны 4 холбоог хүлээн зөвшөөрдөг боловч боксчид WBA, WBC гэх энэ 2 холбооны аварга болохыг л мөрөөддөг. Мэргэжлийн боксын аваргагүй өчнөөн улс орон бий. Гэтэл 3 сая гаруйхан хүнтэй Монгол Улс мэргэжлийн боксын 2 жингийн аваргатай юм аа.
Би алдар нэрээ ашиглаж, төр засгаас албан тушаал, газар, тендэр, янз бүрийн төсөл юу ч гуйж байгаагүй. Хэзээ ч дарга нарт долигнож, суганы үс болж явсангүй.
Би олон жил дуугүй явж ирсэн шалтгаан нь өөрийгөө магтсан, дөвийлгөсөн болох байх гээд үнэнийг ярьж байсангүй ээ. Гэхдээ өнөөдөр үнэнийг ярихаас өөр аргагүй байна.
Монголын нэрийг гаргах сайн тамирчид бэлдэж өгөх гээд өөрийн бор зүрхээрээ, зарим нэг найз, нөхдийнхөө дэмжлэгээр боксын төлөө л зүтгэж байна.
Заалны өндөр түрээс багш, тамирчдын цалин, бусад бүх зардлыг төлөхийн тулд төлбөр төлдөг хүүхдүүдэд маш их цаг зав зарцуулах юм. Ихэнхийг нь өөрөөсөө төлсөөр ирлээ. Уг нь зөвхөн тамирчин болох хүүхдүүдтэй ажилладаг бол маш хурдан хугацаанд олон сайн боксчин гаргаж ирнэ.
Өнөөдөр намайг Хөдөлмөрийн баатарт тодорхойлох тухай яриа болов. Надад тэр Хөдөлмөрийн баатар хэрэггүй ээ. Харин булааж авсан заал барих газрыг минь буцаагаад өгчихвөл олон олон олимп дэлхийн аваргуудыг төрүүлэхэд бэлэн байна.
Сэтгэгдэл (0)